Нийслэлчүүд амралтын өдрүүдийг шатахуун сураглаж, хайж өнгөрөөв. Ихэнх шатахуун түгээх станцууд "92 дууссан", "дизель байхгүй" гэсэн бичиг нааж, өгч байгаа цөөн хэдэн түгээхэд уртаас урт очер үүсэж, зарим нь зөвхөн карттай үйлчлүүлэгч нартай өгнө гэхчлэнгээр байхгүйн зовлон хангалттай амсуулав. Иргэд машинаа түрж алхах хэмжээнд хүрчихээд байхад л Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрынхан "Шатахуун хангалттай байгаа, тасалдал үүсээгүй" хэмээн даажигнах нь хорлонтой.
Ж.Ганбаатарын сайдын ярьж байгаагаар бол Монгол Улсын АИ92 шатахуун, дизелийн түлшний хэрэглээ нэмэгджээ. Гэхдээ хэрэглээгээ давсан нийлүүлэлт хийж чадахгүй байна. Хэрэглээ өсөн нэмэгдэх нь ойлгомжтой асуудал, үүнийг тооцоолж, хангах нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын ажил биш гэж үү. Ажлаа хийхгүй, нөхцөл байдлыг хүндрүүлчихээд "Би шатахуун үйлдвэрлэдэггүй" хэмээн даналзах нь зүйд нийцэх үү, Ж.Ганбаатар сайд аа!
ОХУ газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтдээ хориг тавьсан. Гэхдээ энэ хоригт Монгол Улс хамаарахгүй гэж ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины айлчлалын үеэр бүтэн шоу хийсэн нь МАН-ынхан, МАН-ын Засгийн газар биш билүү? Гэтэл одоо Ж.Ганбаатар сайд нь ОХУ-ын хоригтой байгаа хэмээн ярьж, мууг хойд талын хар овоохой руу чихэж сууна.
Үнэндээ нийлүүлэлтээ тогтворжуулж чадахгүй байгаа нь Монгол Улсын буруу. Хил дээр шатахуун ачсан өчнөөн вагоныг очерлуулж, гацаадаг нь Монгол Улс. Дотоодын зохион байгуулалтгүйгээс өнгөрсөн сарын эхээр гэхэд хил, боомт, өртөөдөд 29 100 тонн шатахуун тээвэрлэсэн 485 вагон зогсож байсан. Одоо хичнээн вагон хүлээгээд зогсож байгааг тодруулахаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяртай холбогдсон ч "завгүй" гэв. Дахиад ч өчнөөн вагон хил дээр татан авалтаа хүлээгээд, гацаатай зогсож байхыг ч үгүйсгэх аргагүй.
ОХУ-ын нийлүүлэлтэд асуудал байхыг үгүйсгэх аргагүй, крантаа хааж, манай улсыг хохироодог нь тэдний зуршил. Тиймээс ч манай улс урд хөршөөс шатахуун авдаг болсон. Гэвч өнөөх л татан авалт нь асуудалтай, вагон олдохгүй, олдсоноо татан аваад тарааж чадахгүй.
Газар дороо газрын тостой, түүнийгээ түүхийгээр нь экспортолдог. Тэгээд өөрсдөө нэмүү өртөг шингэсэн газрын тосны бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр, нийлүүлэлтийн гачлантайгаар худалдан авдаг. Үүнийг л жинхэнэ алтан дээр суусан гуйлгачин гэх биз. Газрын тосны үйлдвэр барьж байгаа сурагтай ч цаашид хичнээн ажил иймэрхүү маягаар гачлан туулахыг хэн ч мэдэхгүй. Улсаа хорлосон улстөрчдийн гайг дахиад хэдэн жил үүрэх вэ?!
Б.Хэрлэн