Бидний мэддэгээр бол бохирдол гэх үгийг Агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол, орчны бохирдол зэрэг холбооснуудаар л ойлгодог байсан. Өдөр тутмын амьдралд хамгийн их тохиолддог хэр нь анзаардаггүй зүйлийн талаар мэдээлэл хүргэх гэж байна. Энэ бол дуу чимээний бохирдол юм.
Дуу чимээний бохирдол нь дэлхий дахинд агаарын бохирдлын дараа орох том хэмжээний бохирдлын нэг гэж тооцогддог аж.
Улс орон хөгжихийн зэрэгцээ хүмүүсийн төвлөрөл ихсэж, үйлдвэржилт, орчны чимээ шуугиан нэмэгдсэний үр дүнд хотын оршин суугчид хамгийн их өртдөг байна. Бид өдөр тутамдаа замын хөдөлгөөн, үйлдвэрлэл, барилгын ажил зэрэг их дуу чимээтэй газраар явдаг ч гэсэн хүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг эсэхийг тэр болгон мэддэггүй.
Дууны чимээг децибелээр (дБ) хэмждэг. Байгалд ойн чимээ 10 децибел, салхи гарч навчис сэрчигнэхэд 20-30 дБ хүрдэг бол шивнээ яриа 30-40 децибел, энгийн яриа 50 децибел чимээ гаргадаг. Олон улсын туршлагаас үзэхэд аж үйлдвэрийн бүсэд шуугианы зөвшөөрөгдөх хязгаар нь өдрийн цагаар 75 дБ, шөнийн цагаар 70 дБ, худалдааны бүсэд өдрийн цагаар 65 дБ, шөнө 55 дБ байдаг бол орон сууцны хороололд өдөр 55 дБ, шөнийн цагаар, 45 дБ байх ёстой бөгөөд үүнээс илүү гарсан дуу чимээг дуу чимээний бохирдол (noise pollution) гэж үздэг.
Хэдий энэ их дуу чимээн дунд амьдрах нь өөрт маш хор хөнөөлтэйг мэддэг ч гэсэн ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй дасан зохицоос өөр сонголтгүй нөхцөл байдалд амьдарч байгаа юм. Өвөл болохоор л утааны бохирдлыг хэлэлцэж шийдвэрлэдэг шиг дуу чимээний бохирдлыг ч мөн нэн тэргүүнд ярих асуудал болоод байгаа юм. Энэхүү бохирдол нь бидэнд дараах байдлаар нөлөөлж байдаг. Үүнд:
Үүнтэй холбогдуулан АНУ-д Мэдрэлийн эмчээр бакалаврын зэрэгт суралцаж буй З.Отгон-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа
-Дуу чимээний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Гадаад орчны дуу чимээ хамгийн түрүүнд сонсголын эрхтэнд нөлөөлдөг. Хамгийн гол нь сонсголын мэдрэл, түүгээр дамжин тархинд нөлөөлдөг юм. Чанга дуу биш байлаа ч байнгын давтамжтай сонсоод байвал тархи ямар дуу чимээ гарч байгааг ялгахын тулд байнга ажиллах шаардлагатай болж, ачаалал нь эрс нэмэгддэг. Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа ингэж ядарч, сульдвал дотор эрхтэнүүд дагаад хямардаг. Учир нь хүний тархины мэдрэлийн систем биеийн бүх эрхтэнийг удирдаж байдаг. Хоолны шингэц муудах, зүрх дэлсэх зэрэг сөрөг нөлөө мэдрэгдэнэ. Бид дасчхаад байгаа болохоос Улаанбаатар хот чимээ ихтэй хотын тоонд ордог. Өндөр хөгжилтэй гаднын оронд очиход дуу чимээ нь эрс бага. Ядаж л гудамжинд автомашинууд дуут дохио хангинуулдаггүй. Үүнийг нь хуулиар хатуу зохицуулсан байдаг нь ард иргэдийнхээ төлөө мэт санагдсан.
-Шуугиантай орчинд амьдрах нь зан араншинд нөлөөлдөг үү?
-Дуу чимээ шууд биш ч дам нөлөө ихтэй. Удаан ойлгодог болох, амархан уурлах зэргээр зан араншин, өдөр тутмын амьдралд бага багаар нөлөөлдөг. Энгийн дуу чимээг ч удаан хугацаагаар сонсох нь таатай биш. Жишээ нь хүний толгой дээр нэг дусал ус дусаахад мэдэгдэхгүй. Харин маш удаан хугацаагаар, нэг давтамжтайгаар дусаагаад байвал сүүлдээ чулуугаар цохиж буй мэт мэдрэмж төрдөг гэлцдэг. Тэгэхээр чимээнээс үүдсэн стресс хуримтлагдаад байвал аюултай гэсэн үг.
-Дуу чимээний бохирдлоос яаж хамгаалах вэ?
-Аль болох дуу чимээтэй орчноос холдох хэрэгтэй. Хөдөө аялах, сонгодог ая сонсох эсвэл гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг унтрааж болно. Ер нь стресс, мэдрэлийн архаг хямралыг тайлахын тулд их унтах биш дуртай зүйлээ хийх нь хамгийн шилдэг арга юм.
Ц.Наранцацрал
Уншиж байна |