Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш гурван сар гаруйн хугацаанд дайн үргэлжилж байна. Энэ хугацаанд АНУ тэргүүтэй барууны орнууд хүчний тэнцвэрийг бий болгох үүднээс Украинд төрөл бүрийн зэвсэг нийлүүлсээр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ мэдэгдэл хийхдээ шуурган галын систем өгөхөөр болсноо мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Оросын Ерөнхийлөгч Владимир Путин заналхийлсэн утгатай мэдэгдэл хийжээ.
Тодруулбал, барууны орнууд Киевт алсын тусгалт пуужин өгвөл Орос улс шинэ байг онилно хэмээн Путин мэдэгдсэн байна. Тэрбээр "Россия 1" сувгийн "Москва. Кремль. Путин" нэвтрүүлгийн үеэр ийнхүү мэдэгджээ.
Энэ нэвтрүүлгийн үеэр Путин мэдэгдэл хийхдээ, Украин алсын тусгалт пуужинтай болвол ОХУ дүгнэлт гаргаж, өмнө нь цохилт өгч байгаагүй объектуудыг байгаа болгоно хэмээн онцолсон байна. Путиний үзэж байгаагаар сөргөлдөөнийг сунжруулахын тулд Украин шинэ зэвсэглэл нийлүүлэхийг хүссэн гэнэ.
Одоогоор Оросын зэвсэгт хүчин шуурган галын 380 системийг устгасан бөгөөд Украин нөөцөө нөхөх хүсэлтэй байгаа юм. Тэр дундаа, Оросын зэвсэглэлд байдаг "Град", "Смерчь", "Ураган" зэрэг 45-70 км тусгалтай шуурган галын тийрэлтэт системийг барууны орнуудаас авах сонирхолтой байгаа талаар RTVI мэдээлжээ.
Дайн эхлэх үеэр Украинд 515 пуужингийн систем байсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Оросын цэргүүд цохилт өгснөөс хойш Украины Зэвсэгт хүчин техникүүдийнхээ зарим хэсгийг нөхөж чаджээ. Одоогийн байдлаар Украины зэвсэгт хүчин ойролцоогоор 360 пуужингийн төхөөрөмжтэй байгаа гэж Путин Россия 1 сувгийн нэвтрүүлгийн үеэр мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен зургадугаар сарын нэгний өдөр мэдэгдэл хийхдээ цэргийн тусламжийн шинэ багцын хүрээнд Украин HIMARS шуурган галын тийрэлтэт систем авна хэмээн онцолсон. Ийм пуужингийн хамгийн дээд тусгал нь 500 км байдаг. Энэ шийдвэрийн талаар Владимир Путин тайлбарлахдаа "Оросын системүүд ийм пуужингуудыг дор нь устгана" хэмээж байв.
Энд дуулгахад, АНУ HIMARS-ийг Украинд өгөх эсэхээ шийдэж чадалгүй хэсэг хугацааг өнгөрүүлсэн юм. Улмаар Украины талаас энэ пуужингийн системийг гагцхүү батлан хамгаалахын зорилгоор л ашиглана, Оросын нутагт цохилт өгөхгүй гэж амласны эцэст цэргийн шинэ тусламжийн багцдаа энэ пуужинг багтаах шийдвэрийг АНУ гаргасан юм.
Украинд зориулсан зэвсгийн ээлжит тусламж
Украинд зориулсан ээлжит цэргийн тусламж нь 700 тэрбум долларын өртөгтэй. Энэ багцад HIMARS шуурган галын тийрэлтэт систем, түүний зэр зэвсгээс гадна дараах зэвсгүүд багтаж байгаа аж.
Радиолокацийн станц -5;
Агаарын орон зайг хянах радиолокацийн станц -2
Javelin пуужин -1000
Javelin пуужингийн хөөргөх төхөөрөмж -50
Хуягт техникийн эсрэг зэвсэг -6000
155 мм-ийн калибрын артиллерийн сум -15 мянга
Ми-17 нисдэг тэрэг -4
Байлдааны автомашин -15
Г.Бямбасүрэн