Монгол хэмээх нэгэн нэрийг дэлхийн түүхнээ мөнхөлсөн аугаа их хатад зуу зуун жилийг өртөөлөн өнөөгийн бидэнд өчигдөр морилон саатлаа. Угтаа ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Гоо марал, Алунгоо эх, Өүлэн эх, Бөртэ үжин, Дөргэнэ хатан, Сорхугтани бэхи, Чимбай хатан, Самар хатан, Мандухай хатны хөрөг түүхийг бүжгийн хэлээр бүтээн туурвиж, үзэгчдийн хүртээл болгосон юм. Чуулгын уран бүтээлчид 2013 онд анх тайзны бүтээл болгосноос хойш 15 удаа тоглогдсон уг бүжгэн туульсыг энэ удаад ҮДБЭЧ үүсч хөгжсөний 65 жилийн ойд зориулан дахин тоглож, үзэгчдийн сонорыг мялаалаа.
Тэнгэр язгуурт Гоо маралын дүрд МУСТА С.Цэцгээ, эв нэгдлийг эрхэмлэгч Алунгоо эхэд МУСТА Г.Уянга, Төрийн их хатан ижий Өүлэн эхийн дүрд МУСТА Т.Ариунжаргал, Ухаант Бөртэ хатанд МУСТА Т.Мөнхцацрал, сайн муугийн туйл Дөргэнэ хатанд МУСТА Э.Номин, оюун ухаан төгс Сорхугтани бэхи хатанд МУСТА М.Бямбаа, үйлэнд уран Чимбай хатанд Л.Энхболор, Эрч хүчтэй Самар хатанд МУГЖ Ш.Одонтуяа, эрэмгий дайчин Мандухай сэцэн хатанд МУСТА Ж.Мандухай тоглож түүхэн хатны дүрийг бүтээжээ.
Урлагийн төрөл зүйлийн хувьд бүжгэн туульс гэж нэрлэгдэх ил бүтээлийн эх зохиолыг ҮДБЭЧ-ын дэд захирал Н.Болд бичиж, найруулагч МУСТА Д.Баярбаатар дэглэн найруулжээ. Хөгжмийн зохиолчоор Б.Мөнхболд ажиллаж, хөгжмийн найруулгыг М.Бирваа хийсэн бол бүжгэн туульсын удирдаачаар ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач МУСТА Н.Буянбаатар ажилласан байна.
Бүжгэн туульсыг үзэхээр танхим дүүрэн үзэгч цугласан байлаа. Тоглолтын дараа үзэгчдийн сэтгэгдлийг тольдвол “Үндэсний түүх соёлын гайхам сайхныг үр хойчдоо л өвлүүлж үлдээхсэн. Бид бахархах түүхтэй улс юм” хэмээн бахдам сэтгэлээр дүүрэн буйгаа илэрхийлж байв. Мөн гадаадын иргэд ч цөөнгүй харагдана. Эх хэлийг ойлгохгүй ч түүх соёлын гайхам сайхнаас, сүрдэж биширч буй нь илхэн...
Ингээд олон зуун жилийн өмнөх түүхээр аялуулж, ихэд бахархам сэтгэгдэл төрүүлсэн их хатдын түүхэн үзэгдлээс товч өгүүлье.
“Төрийн их хатан ижий Өэлүн эх”
Есүхэй баатрын өргөө. Есүхэй баатар Өэлүн эх хоёр Тэмүжин хөвүүндээ гэргий буулгах талаар ярилцаж буйгаар бүжиг эхлэв. Тэмүжин анх удаа аавтайгаа алсын замд явж, Өүлэн хатан сайн сайхныг билэгдэн сүүн сацал өргөж буйгаар үргэлжилнэ. Хонгирадын Дэйсэцэний гэрт хөвүүнээ үлдээгээд буцах замдаа Есүхэй баатар татаруудад хорлогдов. Өүлэн хатны шаналал, Тэмүжин хөвүүн өсөж, хэсэг цаг хугацаа улиран одож буйг дүрслэн бүжиглэнэ. Үүний дараа Тэмүжин, Хасар хоёр нийлэн Бэгтэрийг харвана. Өүлэн хатан уурлаж, эмгэнэн цөхрөв. Эцэстээ Өүлэн эх энэ бүхнийг даван туулж, хөвүүдээ эрийн цээнд хүргэж буйгаар бүжиг төгсөв.
“Их Монгол улсын төрийн их хатан Бөртэ”
Тайзнаа дайнд мордсон эр нөхөр дайчин эрчүүдэд санаа зовнисон Бөртэ хатан тодров. Гэтэл морин төвөргөөн сонстож Мухулай жанжин орж ирнэ. Татарыг сөнөөн дарсан Чингисын ялалтын талаар бахдалтайгаар дуулгаад хэсэг бодлогширов. Татарын Их Чэрэнгийн охид Есүй, Есүгэн хоёрыг эхнэр буулган авсныг Мухулай хэлэхэд Бөртэ хатан гоморхоно. Чингис хаан олон аймгийг нэгтгэн зангидаж, “Их монгол улс”-аа байгуулж, түмний их хайрыг хүлээсэн түшиг хань Бөртэ хатнаа “Их Монгол Улсын төрийн их хатнаар” өргөмжилж их хурим найр болж буйг бүжгийн хэлээр бахдам сайхнаар өгүүлэв.
“Сэцэн билэгт Мандухай хатан”
Мандуул хааны өргөө үзэгдэнэ. Бэлэвсэн хоцорсон Мандухай хатан өөрийн биеийн жаргалыг умартан Батмөнх хөвүүнийг хаан ширээнд залахаар шийдвэрлэнэ. Хөвүүнийг хаан ширээнд залж даяарыг эзлэн нэгтгэхийг билэгдэн “Даян хаан” хэмээн цоллож, Мандухай сэцэн хатан төрийн алтан тамгаа гардуулна. Бүх Монгол улсыг 40 жил нэгтгэн захирсан сэцэн билэгт хатан, төрийн гарамгай бодлоготны эх түүхээс эрхгүй бахдал төрж байлаа.
Ийнхүү онгод хөглөж буусан Монголын их хатад ҮДБЭЧ-ын тайзнаа амилж, түүхэн үйлс, мөнхийн гавьяа, гэгээн дүрээрээ хойч үеийн бидэнд морилон саатсан нь энэ байлаа. Эртний судар бичигт тэмдэглэгдсэнээр дээрх есөн хатан улс оронд дайн самуун нүүрлэсэн цагт эрчүүдийн адил саадаг агсан дайтаж, төр түвшин цагт ард түмнээ амгалан байлгахын төлөө ухаан сийлж удирддаг байсан гэдэг. Ухаант 9 хатны амьдарч байсан цаг үе өөр боловч эх орон, эх нутаг, түмэн олноо харийнхнаас хамгаалах зорилго, тэмүүлэл, хатан зориг, үйл хэрэг нь адил байжээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |