Пакистаны өсвөр насныхны төдийгүй эмэгтэйчүүдийн хүчтэй дуу хоолой болон гарч ирж байсан 15 настай Малала охин өнгөрөгч сард сургууль дээрээ халдлагад өртөж хүнд шархадсан. Түүнийг буудсан этгээдээр өсвөр насны хоёр хүү сэжиглэгдэж байгаа. Харин түүнийг буудсан гол буруутан хэмээн эрэн сурвалжлагдаад буй Атта Уллах Ханы эгч ням гаригт Малала охин болон түүний гэр бүлээс хүлцэл өчжээ.
Сэжигтний эгч Рена Халэм “Миний дүү яагаад ийм хэрэг хийснийг мэдэхгүй байна. Гэхлээ Малалагаас үнэхээр чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгааг минь дамжуулж өгнө үү хэмээн хүсчээ. Түүний эгч CNN телевизэд өгсөн ярилцлагадаа “Дүү маань ийм хэрэг үйлдсэнд итгэж чадахгүй л байна. Тэр гэр бүлийнхээ нэр хүндийг ингэж уландаа гишгэсэнд нь их гайхаж байна. Одоо хэр Хан бидэнтэй холбогдоогүй байгаа” гэж ярьжээ.
Одоо охины биеийн байдал өмнөхөөсөө харьцангуй сайжирч байгаа. Гэсэн ч тэр чөлөөтэй ярьж чадахгүй хэвээр байгаа юм. Эмч нарын хэлж буйгаар охин сарын дараа гэхэд одоогийнхоос хамаагүй сайжирна гэж мэдэгдлээ.
Э.Мөнхнасан