Нөхөн сонгуульд “нэр цэвэр” орох МАН-ын сценари
2018-08-06

 

МАН-ын бага хурал өнөөдөр хуралдаж, Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, нэр дэвшигчийг хэлэлцэх юм.  УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи эрх баригч хүчин МАН-ын нэг суудал Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдөл гаргаснаар эзэнгүйдсэн. Иргэн Д.Гантулгын асуудал хууль хяналтын байгууллагаар үнэн зөв нь тогтоогдох байх. Харин хэдийгээр энэ парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон ч УИХ-ын орон гарсан нэг суудлын төлөө намууд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд өрсөлдөж, ширүүхэн тэмцэл өрнөхийг ажиглагчид эртнээс хэлж байгаа. Хэнтийн тойрогт хүч үзэх сэрүүн зүүд өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн экс гишүүн Д.Гантулгын асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн эхэлж байсан.

 

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлэх заалттай. Хуулийн энэ хугацаа энэ долоо хоногт буюу нам, эвслүүд Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ наймдугаар сарын 8-наас  өмнө мэдэгдэх заалттай. Тиймээс ч энэ дагуу эрх баригч хүчин төдийгүй бусад улс төрийн хүчнүүд ч энэ хугацаанд багтаан шийдвэрээ гаргах юм.

 

Эрх баригч хүчин МАН-ын тухайд сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаас гадна дотоод хагаралаа зогсоох, зохицуулах асуудал “толгойны өвчин” болоод байгаа. “60 тэрбум”-ын асуудлыг хууль хяналтын байгууллага хэрэгсэхгүй болгосон ч өрсөлдөгч хүчнүүдийн “өгөөш” болсоор ирсэн. Энэ удаагийн нөхөн сонгуульд ч “60 тэрбум”-ын асуудал сонгогчдын саналыг татахад сөргөөр нөлөөлөх нь зайлшгүй.

 

 

Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр хуралдсан  МАН-ын Хяналтын хорооноос  МАН-ын нэр хүндэд сэв суулгаж, дүрмийн бус асуудлыг хэрэгжүүлээгүй ч хэлэлцсэн “60 тэрбум”-ыг “санаачлагач Ц.Сандуй, н.Ганбаатар нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүртэл хариуцлага тооцож, МАН-ын экс дарга М.Энхболдод мөн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх тогтоол баталж, санал хүргүүлэх болсноо мэдэгдлээ.

 

МАН төрийн эрх барих эрхийг авахтай зэрэгцэн өрнөсөн албан тушаалын тэмцэл Их хурлаа хийж, шинэ удирдагчаа томилсноор дуусгавар болоогүй. Өнөө ч УИХ дахь МАН-ын бүлгийн талцлаар үргэлжилж байгаа. Парламентын гаднаас томилогдсон намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь бүлэгтэйгээ нягт уялдаатай байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ хэмээн Засгийн танхимаа бүхэлдээ  “давхар дээл”-тэйгээр бүрдүүлсэн. Гэвч энэ нь Засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүч нэмж байгаа хэдий ч намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлж, фракц хоорондын зөрчлийг дэвэргэсээр байгаа. Энэ талцал, хагарал дээр “60 тэрбум”, Д.Гантулгын хэрэг асуудлыг дэвэргэсэн нь мэдээж.

 

Харин одоо УИХ-ын нөхөн сонгуульд нэр цэвэр орохын тулд “60 тэрбум”-ыг сөхсөн гишүүддээ хариуцлага тооцох хувилбарыг сонгосон бололтой. Гэхдээ бага хурал дахь хотын фракцтай хэр тохиролцохоос асуудал хамаарах талтай. Учир нь МАН-д хотын фракц “өвдөг шороодсон” ч нөлөөтэй хэвээр байдаг. Тэр дундаа цагтаа намаа удирдсан сонгуульд орж, сөрөг хүчнээс үнэмлэхүй олонхи эрх баригч хүчин болтол нь удирдсан экс МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцно гэдэг юу л бол.

 

Нөгөөтэйгүүр Хэнтийн аймгийн  УИХ-ын сонгуулийн тойрогт эрх баригч хүчнээс хэн ч өрсөлдсөн МАН-ын дарга У.Хүрэлсүх хамаарна. Учир нь Хэнтий аймаг МАН-ын даргын тойрог, тэрбээр Хэнтийн тойргоос хэдэнтээ нэр дэвшиж УИХ-д сонгогдож байсан юм. Нөгөөтэйгүүр нийгэмд эрх баригч хүчний нэр хүнд нь унасан, тэр дундаа намаас нь сонгогдсон гишүүн хэрэгт холбогдож, чөлөөлөгдсөн энэ тойрогт өрсөлдөх нь МАН-ын хувьд хатуу даваа.  Тиймээс энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцохоос У.Хүрэлсүхийн  удирдагч эсэхийг нь ч басхүү “шалгана”.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орно
2023-05-25
Ард:
Энэ мөн сайхан самардаг эдээ, хүзүүгүй шиг, тэгээд улс өрөнд орсон нь энэ намхантай хамаагүй юм уу, эсвэл дарга гэгч нь нэг удаа өр тэглэсэн учир тооцохгүй юм уу, ха ха, нэр цэвэр гэдэг худал худал ...ардын толгой бүү эргүүл ...и
2018-08-06