Гүрж улсад Бямба гарагт болсон парламентын сонгуульд эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 53 орчим хувийн дэмжлэг авч ялсан гэж тус улсын Сонгуулийн хорооноос мэдэгджээ.
Саналын хуудасны 69.9 хувийг тоолсны дараа тус хороо урьдчилсан дүнг танилцуулсан байна. Сонгуулийн ирц 58.94 хувьтай гарчээ. Саналын хуудсыг тоолох ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гадаадад амьдарч байгаа гүржүүдийн саналыг тоолж байна.
“Гүржийн мөрөөдөл” нам 150 суудалтай парламентад 90 орчим суудал авах төлөвтэй байна гэж Оросын РИА агентлаг мэдээлжээ. Оростой хамтран ажиллахыг эрхэмлэдэг тус нам нийслэл Тбилиси хотод 20:00 цагт санал хураалт дууссаны дараахан салют буудуулж баяраа тэмдэглэсэн байна.
Сонгогчдыг саналаа өгсний дараа санал асуулга явуулсан өргөн нэвтрүүлгийн телевизүүд аль нам парламентад олонх болох магадлалтай талаар зөрүүтэй таамаглал дэвшүүлжээ.
Гүржийг Европын Холбоонд элсүүлэхийг дэмжигч сөрөг хүчин мөн сонгуульд ялсан гэдгээ мэдэгдэж, дөрвөн нам эвслийн засгийн газар байгуулахын төлөө хамтарч ажиллахаа амласан байна.
Уншиж байна |