Өглөөний мэнд. Тавтай морилно уу. Юуны өмнө өнөөдөр биднийг хүлээн авч, энэ арга хэмжээг зохион байгуулж буй Амчамд баярлалаа. АмЧам болон АНУ-ын ЭСЯ-ны хамтын ажиллагаа нь Монголын бизнесийн хүрээлэл, хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлж буй гол асуудлуудыг гаргаж тавихад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Шадар сайд Доржханд энд хүрэлцэн ирсэн нь Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эрчим хүчний цаашдын ирээдүйд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж буй хэрэг юм. Шадар сайдад баярлалаа.
Эрчим хүчний хэрэглээний асуудал олон арван жил үргэлжилж буй ч Монголын шийдвэр гаргах түвшинд геополитик, эдийн засаг, нийгмийн томоохон бэрхшээлүүд дагуулдгаараа сүүлийн үед улам их анхаарал татаж байгаа тул бид сар бүр хийх уулзалтынхаа нэгийг Монголын эрчим хүчний шилжилтийн сэдэвт зориулахыг АмЧамаас хүссэн юм. Харамсалтай нь, бидний заримын хувьд энэ нь маш их яриа, утга учиртай хэлэлцүүлэг явагдсан ч эцэст нь хэтэрхий бага үр дүн гардаг хуучин дасгал мэт санагдаж магадгүй. Мөн бизнесийн салбарынхны хувьд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгардаг сорилт бэрхшээлээс болж урам хугарсан зарим нь энэ санаа зовнилыг ойлгож байгаа байх. Тэгвэл яагаад одоо гэж? Яагаад дипломат болон бизнесийн хүрээнийхэн энд цуглаж, Монголын эрчим хүчний шилжилтийн асуудлыг дахин нухацтай хэлэлцэх цаг нь болсон гэж ? Учир нь бид Монголын орчин үеийн түүхийн эгзэгтэй цэг дээр ирээд байгаа бөгөөд бодит ахиц дэвшил гарах нөхцөл бүрдсэн, тэр нь сая миний дурдсан геополитик, эдийн засаг, нийгмийн учир шалтгааны улмаас гэдэгт би үнэхээр итгэж байна. Монгол Улс урагш алхам хийж, цэцэглэн хөгжиж буй хувийн хэвшилд тулгуурласан эрчим хүчний тогтвортой бөгөөд хэдэн үе дамжин өвлөгдөх тогтолцоог бий болгох цаг нь ирсэн гэж би үзэж байна. Өнгөрсөн 6-р сард бид хамтарсан Засгийн газар байгуулахад хөтөлсөн түүхэн сонгуулийн гэрч болсон. Энэхүү хамтарсан засгийн газар иргэдийнхээ эдийн засгийн боломжуудыг нэмэгдүүлэх, боловсролыг дээшлүүлэх, бохирдлыг бууруулах, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд тус дөхөм болох томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа амласан. Би эдгээр зоримог хөтөлбөрүүдийг сайшааж, Монгол Улс хэтийн зорилгодоо хүрч, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд яг иймэрхүү “том дүр зургаар” сэтгэх хэрэгтэй гэдэгт итгэж байна.
Монгол Улсад тулгамдаж буй эдгээр асуудлын хамгийн том нь эрчим хүчний салбарт байдаг. Яг одоо Монгол Улсад хямрал тулгараад байгааг энэ танхимд суугаа хүн бүр мэдэж байгаа. Өвлийн эхэн сар гарч байгаа энэ үед Монголын эрчим хүчний салбар ард иргэдийнхээ өсөн нэмэгдэж буй
хэрэгцээг хангах хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй байна. Энэ нь шинэ бизнесээ өргөжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх нь бүү хэл, амьдралаа шинээр эхэлж буй залуу монгол айл өрхүүдэд тогтвортой, эрүүл орчин бүрдүүлэхэд хангалттай хэмжээний эрчим хүчийг өгч чадахгүй байна.
Нийслэл рүү олон иргэд нүүж ирэх тусам энэ байдал улам дордох болно. Тогтвортой цахилгаан эрчим хүчний хангамжгүйгээр олон мянган хүн хахир хатуу өвөлтэй нүүр тулна. Эрэлт нийлүүлэлтийн энгийн мэт санагдах энэ л асуудлаас болж Монголын ард түмний хүртэх ёстой итгэл найдвар, боломжийг үгүй хийх аюул заналхийлж байна.
Эрчим хүчний хямралыг даван туулах нь шинэ засгийн газрын анхны томоохон сорилт байх болно. Амжилтанд хүрэх нь тийм ч хялбар биш гэдгийг бид бүгд мэднэ. Ихээхэн ярвигтай асуудал учраас л энэхүү том сорилтыг давахад хувийн хэвшил тэргүүлэх үүрэгтэй оролцох боломжийг төрөөс олгох нь чухал байгаа юм. Эцсийн дүндээ Монгол Улс эрчим хүчний зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ажлыг Монголын Засгийн газрын дэмжлэгтэй хувийн хэвшил л хөтлөх болно. Тэр нь энд суугаа та бүхэн юм.
Монгол Улс энэхүү нилээд төвөгтэй, бас хэцүү бэрх асуудлыг даван туулж чадна гэдэгт эргэлзэх хүмүүс бий. Би яг хоёр жилийн өмнө Элчин сайдаар томилогдон ирсэн, энд ажиллах хугацаандаа энэ асуудлаар гутранги, эсвэл эргэлзэж тээнэгэлзсэн бодол санааг олонтаа сонссон бөгөөд тэдний санаа зовниж байгаа нь огт үндэслэлгүй ч бас биш. Гэсэн хэдий ч Монголын ард түмэн энэ залуу ардчиллынхаа богинохон хугацаанд үүнээс ч их бэрхшээлийг даван туулах чадвартай гэдгээ нотолсон. Энэ түүх бидний хувьд шинэ зүйл биш байж болох ч би энэ завшааныг ашиглаад, Монгол Улс өнгөрсөн хугацаанд үүнтэй төстэй, эсвэл илүү том сорилтуудтай хэрхэн тулгарч, хэрхэн даван гарч байсныг дахин нэг удаа онцлохыг хүсэж байна.
Ардчилалд шилжсэн даруйдаа, мөн арван жилийн дараа гээд хоёр гол үеийг авч үзвэл Монгол Улс тэмцэж зүтгэж буй ард түмнээ дэмжихийн тулд улс төрийн өөр өөр тогтолцоог ч даван туулах чадвартай байсныг бид харж байна.
Монголын ардчилал эхэлж байсан гайхалтай үе рүү эргэн очьё. ЗХУ-ын дэмжлэгийг авч бүрдсэн Монголын Засгийн газар 1990 оны 3-р сарын 9-нд чимээгүйхэн огцорч, шинэ хэлбэрийн төр засагт шилжих зам тавигдсан.
Монгол Улс Зөвлөлтийн авторитар дэглэмээс чөлөөт, нээлттэй нийгэмд тайван замаар шилжсэнийг дэлхий дахин гайхан биширдэг. Энэ бол тэр үедээ үнэхээр үзэгдэж дуулдаагүй амжилт байсан бөгөөд өнөөдөр монголчуудын зүй ёсоор бахархах ёстой зүйл билээ. Гэсэн хэдий ч ардчилалд шилжих зам дардан байгаагүй. Олон арван жилийн турш ЗХУ-ын тусламж, туршлага, тоног төхөөрөмж Монголын эдийн засгийг тэтгэж ирсэн, харин Зөвлөлтүүд гарахад дэмжлэг ч бас зогссон.
Монгол Улс эдийн засгийн хямралтай нүүр тулаад зогсохгүй Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг хариуцаж байсан дэд бүтцийн чухал мэргэжилтнүүдээ бас алдсан. Хэдэн жил дараалан хахир хатуу өвөл тохиоход Монгол Улс иргэдээ тогтвортой дулаанаар хангаж чадахгүйд хүрсэн. Эхний тэр хэдэн жил Монголын улс төрийн шинэ тогтолцоог сорьсон бөгөөд ардчилалтай ирээдүй Зөвлөлтийн үеэс илүү гэрэл гэгээтэй болно гэдэгт олон хүн эргэлзэж байв. Гэвч Монголын ард түмэн тэр хэцүү үеийг тэвчиж, даван туулсан.
Монголын Засгийн газар дарангуйлал руугаа ухрахын оронд 1992 онд үндэсний тусгаар тогтнол, хүний эрх дээр суурилсан шинэ Үндсэн хуулийг баталсан. ЗХУ-ын мэргэжилтнүүд дутмаг байсан хэдий ч Монгол Улс дөнгөж эхэлж буй ардчиллаа цаашид дэмжихийн тулд чухал дэд бүтцүүдээ
ажиллуулах арга замыг олсон.
Энэ тэмцэлд Монгол ганцаараа байгаагүй. Тухайн үеийн эмзэг, хүнд нөхцөл байдлыг ойлгосон АНУ болон Япон улс шинэ ардчиллыг дэмжихээр яаравчлав. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID нь Монголын цахилгаан станцуудтай шууд хамтран ажиллаж, чухал сэлбэг материалыг нийлүүлэн, 3-р цахилгаан станцыг өвлийн улиралд гал алдуулахгүйн тулд АНУ-ын эрчим хүчний мэргэжилтнүүд монголчуудтай мөр зэрэгцэн ажиллаж байв. Хэдэн жилийн дараа тэдгээр мэргэжилтнүүдийг явах үед монгол хамтрагч нар нь өвлөн авсан тогтолцоогоо бүрэн эзэмшсэн байв. Монголын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр одоо ч ажиллаж байгаа тэдгээр
монгол мэргэжилтнүүд, тэдний бэлтгэсэн инженерүүдийн ажлын үр дүнг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэд наргүйгээр эрчим хүчний систем аль эрт доголдох байсан.
Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш 10 жилийн дараа дахин хямралтай нүүр туллаа. 1999-2001 онуудад жил дараалан зуд болж, Монголын эмзэг эдийн засгийг сүйрлийн ирмэгт аваачин, олон мянган малчид асар их хохирол амсав. Энэ нь эдийн засгийн өсөлтийн удаашралтай хавсран Улаанбаатар руу чиглэсэн их хэмжээний шилжилт хөдөлгөөнийг өдөөж, хотын эрчим хүчний даацыг хэтрүүлэх аюулд хүргэв. Гэсэн хэдий ч Монгол Улс гадаадын зээл тусламж нь урт хугацааны шийдэл болж чадахгүйг хүлээн зөвшөөрсөн. Үүний оронд ирээдүйд тогтвортой өсөлтийг бий болгох нөхцлийг бүрдүүлэхүйц эрчим хүчний урт хугацааны шинэчлэлийг эхлүүлэх
арга замыг эрх баригчид эрэлхийлж эхлэв.
Энэхүү шинэчлэлийн төслийг зөв боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд Монголын эрчим хүчний мэргэжилтнүүд олон улсаас тусламж хүсэв. АНУ энэ дуудлагыг дахин хүлээж авав. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн мэргэжилтнүүд 2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуулийн төслийг боловсруулахын тулд эрчим хүчний зохицуулалтыг бүрэн шинэчлэхээр Монгол Улстай хамтран ажилласан. Энэхүү хууль нь стратегийн томоохон өөрчлөлтийг авчирсан, тухайлбал шинэчлэл хийх хүсэл эрмэлзэл, зах зээлд суурилах зарчим, зохицуулалтын тодорхой бүтэц г.м. Энэ хуулийн оргил үе нь Эрчим хүчний зохицуулах газар буюу өдгөөгийн Эрчим хүчний зохицуулах хороог байгуулсан явдал юм. Энэхүү шинэ тогтолцооны хүрээнд Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлээ тогтворжуулахыг зорьж, эрчим хүчний хүчин чадлаа өргөтгөх замд шуудрав. Нэн тэргүүнд хөрөнгө оруулалт тасралтгүй орж ирэх нь чухал байлаа. Тэгсэн цагт Монголын эрчим хүчний салбар бусад салбаруудтайгаа зэрэгцэн хөгжих боломжтой байлаа. Гэвч харамсалтай нь, ямар ч хөрөнгө оруулалт хийгдсэнгүй.
Монгол Улсын эдийн засаг, газарзүйн олон сорилтыг даван туулж чадсаныг 20 жил харлаа. Оюу толгой зэрэг уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь Монгол Улс дэлхийн эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг эрчимжүүлэх боломжтойг нотолж байна. Гэвч эдийн засгийн ийм амжилтууд, тэдний амлаж буй боломжууд нь эрчим хүчний салбарт олон жилийн турш чимээгүйхэн өсөн нэмэгдсээр буй бэрхшээлийг далдлахад нэмэр болов. Эрчим хүчний татаас, зохиомол хямд үнэ нь өрсөлдөх чадвартай, чөлөөт эрчим хүчний зах зээлийг бий болгоход шаардлагатай эдийн засгийн хөшүүргийг устгасан. Энэ нь эрчим хүчний салбарт 2017 оноос хойш өссөөр байгаа санхүүгийн алдагдалд хүргэсэн.
Нүүрснээс хэт хамааралтай байгаа нь ногоон, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, ядаж нүүрсээр ажилладаг хуучирсан дэд бүтцийг шинэчлэхэд хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэсэн үнэмшил олон хүнд төрүүлдэг. Мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд шинэчлэл хийгдээгүй нь инновацийг боомилж, олон компани өнгөрсөн үеийн систем, санаагаар ажилласаар байв. Одоо Монгол Улс ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засгийн амьдрах чадварт заналхийлж буй эрчим хүчний хямралтай нүүр тулж байна. Монгол Улс энэ сорилтыг дахин давж чадна гэдэгт итгэлтэй байгаа ч яг юу хийх ёстой вэ гэдэг асуулт хэвээр үлдэж байна. Монгол Улс хямралын энэ мөчлөгийг таслаад зогсохгүй энэ улсын эдийн засаг, дэд бүтцийг эрс өөрчлөн, ирээдүйд ч тэтгэсээр байх эрчим хүчний бодит шинэчлэлийг утгаар нь авчрахын тулд юу хийх ёстой вэ?
Үнэн хэрэгтээ улс орон бүр, тэр дундаа АНУ ч ард иргэдээ хангалттай, цэвэр эрчим хүчээр хангах арга замыг эрэлхийлсээр ирсэн. Монгол Улс эрчим хүчний шинэчлэлийг яг яаж хийхээ өөрөө тодорхойлох шаардлагатай хэдий ч би хоёр зүйлийг тодорхой мэдэж байна. Нэгдүгээрт, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний гайхалтай боломжоо ашиглах ёстой. Хоёрдугаарт, асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй, манлайлан оролцох боломжийг хувийн хэвшилд олгохгүй л бол амжилт олно гэдэг тун эргэлзээтэй. Энэ хоёр ойлголтыг нэгтгэж байж л Монгол Улс эрчим хүчний тусгаар тогтнол, аюулгүй байдлын зорилгодоо хүрч чадна гэдэгт би итгэж байна. Өмнө хэлсэнчлэн, эрчим
хүчний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдал юм.
Цэвэр эрчим хүчинд хөрөнгө оруулснаар Монгол Улс нүүрс, нүүрсэнд суурилсан системээс бүрэн хамааралтай байх асуудал бүрмөсөн арилах боломжтой. 1969 онд ашиглалтад орсон ДЦС-3 нь ашиглалтын хугацаа дууссанаас хойш 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг
цахилгаан, дулаанаар хангаж буй бусад станцууд ч ийм эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Бодит байдал дээр дэлхийн олон улс орнууд нүүрснээс татгалзаж эхэлсэн нь байгаль орчинд төдийгүй хамгийн гол нь ард иргэдэд үзүүлэх хортой нөлөөг нь ойлгосных. Монгол Улс эрчим хүчний хямралаас гарах аливаа шийдэлд хүрэхдээ нүүрсний хортой үр дагаврыг тооцоолж, агаарын чанар ахмад настан, үр хүүхдийнх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар монголчууд гайхан шогшрох шаардлагагүй тийм ирээдүйн төлөө тэмүүлэх ёстой.
Нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүч нь хувьсах чанар ихтэйн улмаас хангалттай эрчим хүч үйлдвэрлэх найдвартай эх үүсвэр биш хэмээн цэвэр эрчим хүчийг ашиглах талаар эргэлздэг хүмүүс хэлдэг. Эрчим хүчний яам өвлийн улиралд дулаан, цахилгаанаар хангах цаг үеийн гэмээр үүрэг хариуцлага хүлээдгийг бодолцвол ийнхүү санаа зовних нь зүй ёсны асуудал юм. Монгол Улс нэг л өдөр нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих боломжгүй бөгөөд нүүрс нь ирэх жилүүдэд Монголын эрчим хүчний салбарт байр суурь эзэлсэн хэвээр байх болно гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ би Монгол Улсыг зоригтой бодож сэтгэн, нүүрсэнд найдахаас өөр аргагүйд хүргэдэг эдгээр уламжлалт сорилтыг даван туулах боломжийг эрэлхийлэхийг уриалж байна. Усны болон сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулах батарей хуримтлуур, цөмийн технологийн хөгжил дэвшил нь сэргээгдэх эрчим хүчний хувьсах чанарыг бууруулж, Монгол Улс нүүрснээс хамааралтай байдлаасаа салж эхлэх боломжийг бүрдүүлж чадна.
Магадгүй сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн хамгийн том сорилт нь Улаанбаатар хотын дулааны хэрэгцээг хангах арга замыг олох явдал байх. Улаанбаатарын үйлдвэр, худалдааны дүүргүүд болон орон сууцны хорооллуудын дулааны хангамж нь хот даяар тархсан уурын зуухнуудад шатааж буй нүүрснээс ихээхэн хамааралтай байна. Гэхдээ ийм сорилтыг ч даван туулж болохыг Финлянд зэрэг улс орнуудын жишээ харуулж байна.
Шинэлэг хувийн хэвшлийн компаниудын манлайлал доор эдгээр анхдагчид сэргээгдэх болон дулааны эрчим хүчийг хуримтлуулан хадгалж, өвлийн турш түгээх боломжтой элсэн батарей хураагуур зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж эхлээд байна. Эдгээр шийдлүүдээр Монголд ч эрэл хайгуул хийх боломжтой бөгөөд Монгол Улс эрчим хүчний шилжилтээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй хайж, туршиж үзэх ёстой. Эрчим хүчний шилжилтийг манлайлах боломжийг хувийн хэвшилд олгох нь шинэ технологи татах, хэрэгжүүлэх хамгийн сайн, магадгүй цорын ганц арга зам юм.
Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт хангалтгүй, хууль тогтоомжийг тууштай хэрэгжүүлдэггүй, бизнес эрхлэгчдийн санаа зовнилыг үл тоомсорлодог зэргээс хамааран эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн үйл ажиллагаа үлбэгэр дорой байлаа. Хувийн хэвшилд инноваци, өсөлтийг хөтлөх боломжийг олгохын тулд эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой. Эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлтийг өдөөхөд одоогийн засгийн газрын хийж чадах нэг зүйл бол магадгүй энэ байх. Тодорхой зохицуулалт, урьдчилан таамаглах боломжтой үйл ажиллагааны орчинг бүрдүүлснээр Монголын сэргээгдэх эрчим хүчний боломжуудад хөрөнгө оруулалт хийх дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадна.
Энэ төрлийн шинэчлэл эрчим хүчний системд ямар гайхалтай нөлөө үзүүлж болох жишээг холоос хайх шаардлагагүй. 2021 онд Узбекистан татварын хуулиа хялбаршуулах, төр засгийн байгууллагуудын ил тод байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шинэчлэлийг хийснээр хувийн хэвшлийг алгаа дэлгэн угтсан. Гуравхан жилийн дотор тэд 1.5 гигаватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, 7.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татсан байна. Нээлттэй зах зээлээс бий болсон өрсөлдөөн нь нэг кВт/цаг цэвэр эрчим хүчийг хоёр центээр үйлдвэрлэх хувийн хэвшлийн саналуудыг татаж чадсан. Үүнийг өнөөдөр Монголд нүүрснээс гаргаж буй нэг кВт/цаг эрчим хүчийг 6-7 центээр түгээж байгаатай харьцуулбал Монголын эрчим хүчний шилжилтийн гол түлхүүр нь хувийн хэвшил гэдэг нь ойлгомжтой.
Монголын хүн ам Узбекистан зэрэг орнуудтай харьцуулахад бага байж болох ч ирээдүйн уул уурхайн төслүүдийг дэмжиж, улмаар Ази тив рүү экспортлох боломжтой цэвэр эрчим хүчний боломжит зах зээл гэж үзвэл хүлээгдэж буй асар том боломж гэж харагдана. Монгол Улс Азийн яг зүрхэнд нь байгаа шүү дээ.
Эрчим хүчний шинэчлэлийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газрын зүгээс зарим дэмжлэг харагдаж эхэлсэнд бид баяртай байна. Хамгийн их найдвар төрүүлж буй зүйл бол эрчим хүчний бодит өртгийг тусгах үүднээс зохиомлоор бага хэмжээнд барьж буй эрчим хүчний үнэ тарифыг нэмэх хүнд шийдвэрийг гаргахад бэлэн байгаа явдал юм. Энэ нь хоёр нөлөө үзүүлэх болно. Нэгдүгээрт, нүүрс хямд түлш гэсэн буруу ойлголтыг няцааж, нүүрсний жинхэнэ өртөг ямар байдгийг илчилнэ. Хоёрдугаарт, өртөгт суурилсан үнэ тариф нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт Монголын эрчим хүчний салбарт орж ирэхэд түлхэц болно. Эцэст нь, үнэ тарифын талаарх Засгийн газрын төлөвлөгөө хамгийн ядуу, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийг харгалзан үнэ тарифын асуудлыг мэдрэмжтэй байдлаар шийдвэрлэх байх хэмээн найдаж байна.
Үнэ тарифыг нэмэх нь сэргээгдэх эрчим хүчний талаарх шинэ алсын хараагаа хэрэгжүүлж эхлэх эхний алхам юм. Одоогоор Монгол Улс эрчим хүчний хоцрогдсон сүлжээ, дамжуулах хүчин чадал хангалтгүйн улмаас үйлдвэрлэж буй сэргээгдэх эрчим хүчнийхээ тал хувийг л өөртөө шингээж чадаж байна. “Ухаалаг сүлжээ” технологи, цахилгаан дамжуулах шинэ шугам, батарей хуримтлуур зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх нь нар, салхины цахилгаан станцуудыг шинээр барихтай адил чухал юм. Түүнчлэн төрийн байгууллага, эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд засаглалын шинэчлэл хийх ёстой. Ингэж байж аливаа шинэ дэд бүтцийг үр ашгийг хүртэнэ.
Нарийн төвөгтэй мэт санагдах энэ бүх шинэчлэлийг Монгол Улс хийх боломжгүй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ өмнөх хямралуудыг туулсан шигээ Монгол энэ удаа ч ганцаараа биш. АНУ болон бусад түншүүд Монголын эрчим хүчний системийг өөрчлөх, түүнд хувийн хэвшлийг татан оролцуулахад туслахад бэлэн байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон АНУ-ын Төрийн департамент нь хувийн хөрөнгө оруулалтад саад болж буй эрчим хүчний зохицуулалтыг цаашид шинэчлэх талаар зөвлөгөө өгөх зорилгоор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороотой дахин хамтран ажиллаж байна. Энэ сарын эхээр АНУ-ын Элчин сайдын яам болон Төрийн департаментын эрчим хүчний мэргэжилтнүүд Монголын засгийн газар, хувийн хэвшлийн гол төлөөлөгчидтэй Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн асуудлаарх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар “Эрчим хүчний яриа хэлэлцээ” хийлээ. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулахад бэлэн байгаа бөгөөд энэ чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжин зуучилж өгөхийг Засгийн газраас тэвчээртэй хүлээж байна.
Гэхдээ хамгийн чухал нь бид болон манай түншүүд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад зайлшгүй шаардлагатай байгаа шинэчлэлийг хийх тал дээр Засгийн газартай шууд хамтран ажилласаар байна. Миний бие Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монголын амжилтын үндэс нь бизнесийн хүрээнийхэн гэдгийг дахин дахин хэлсээр ирсэн, хэлэх ч болно.
Өнөөдөр Монгол Улс бол гайхалтай баялаг бөгөөд бахархам түүхтэй, мөнх хөх тэнгэрийн орон гэдгээрээ алдартай. Гэвч Улаанбаатарт амьдарч буй бидний хувьд ойрын зургаан сар агаарын бохирдол, найдваргүй эрчим хүчний улирал гэдгээрээ дурсагдах нь гарцаагүй үнэн. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг бүрэн хэрэгжүүлж, эрчим хүчний сорилтыг даван туулж, иргэн бүрээ цэвэр, тогтвортой эрчим хүчээр хангах ногоон хувьсгалыг эхлүүлэх цаг болжээ.
Чингис хааны эзэнт гүрнээс хойш олон зуун жил өнгөрчээ. Тэр үед Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхэнд хувьсгал хийсэн олон шинэлэг санааг нэвтрүүлсэн. Бусдын шашинд хүлээцтэй хандах, харилцаа холбооны систем, шуудангийн үйлчилгээг стандартчилах, хамгийн гол нь шинэ технологиудыг хэрэглэх хүсэл эрмэлзэл энэ бүхэн дэлхийд урд хожид байгаагүй хамгийн том эзэнт гүрнийг захирах сорилттой тулгарсан Монгол хаанд дэм болохоор нэвтрүүлсэн зүйлс байв. Монголчууд түүхийнхээ туршид баримталсаар ирсэн тэр хандлагаараа өнөөгийн сорилт бэрхшээлийг даван туулж, шаардлагатай шинэчлэлийг хийх цаг болсон гэж би үзэж байна. Хэрэв Монгол Улс эдгээр инноваци, шинэчлэлийн үзэл санаагаа дахин сэргээж чадвал сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо бүрэн ашиглаад зогсохгүй “далайд гарцгүй” гэдэг ойлголтыг халах боломжтой. Энэ мөрөөдөл боломжгүй зүйл огт биш. Монголын ард түмэнд зам нь нээлттэй байна.
Зоригтойгоор сэтгэж, боломжоо бүрэн дүүрэн нээж ашиглахын тулд шаардлагатай шинэчлэлийг хийх эрмэлзэл байхад л хангалттай.
Баярлалаа.