Сангийн сайд асан С.Баярцогтыг АТГ-аас энэ сарын нэгний өдөр баривчлан шалгаж буй. Тус газраас С.Баярцогт нарыг яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа Нийслэлийн Прокурорын газарт тавьсан бөгөөд прокуророос цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлээд байсан юм. Уг саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцэв. Шүүхээс С.Баярцогтыг яллагдагчаар татан, үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргав. Мөн Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг нэг сар хорихоор шийдвэрлэлээ.
Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж буй юм.
Б.Учрал
Уншиж байна |