БСШУСЯ-наас төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хотоос гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга ахалж, бүрэлдэхүүнд МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС-ийн ректорууд багтсан байна. Энэ талаар БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг “Энэ асуудлыг ойрын хугацаанд судалж, дагуул хот эсвэл оюутны кампус, их дээд сургуулийн дагуул хот байгуулах чиглэлээр ямар ажил хийхийг судалж байна. Өмнө нь Багануур дүүрэгт төвлөрүүлэхээр нэлээд их хөрөнгө зарж, судалгааны ажил хийсэн байна. Газар сонголтод асар их асуудал байна гэж яригдсан. Энэ судалгааг ч эргэж харна” гэсэн мэдээллийг өглөө. Мөн тэрбээр их, дээд сургуулийн кампус байгуулах асуудлыг нийслэлтэй хамтран энэ хавартаа багтаан нэлээн ярьж, ажиллана гэдгийг хэллээ.
Салбарын яамнаас томилогдсон ажлын хэсэг төрийн өмчийн дөрвөн сургууль хотоос гарахад хэдэн хичээлийн болон оюутны байр, номын сан, спорт цогцолбор, хичнээн багш ажилтны орон сууц, баригдах шаардлагатайг судална. Харин их дээд сургуулийг хотоос гаргах ажлыг хийх үндсэн том ажлын хэсэг Засгийн газраас томилогдоно. Энэ ажлын хэсэг ойрын хугацаанд гарна гэдгийг БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг хэлж байна.
М.Болд