Шинэ он гарахад 20 гаруйхан хоног үлдлээ. Яг л энэ үед бид үдэх оныхоо алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэж байгууллага хамт олон, найз нөхдөөрөө баярлан цэнгэдэг билээ.
Тусгайлан зассан тансаг ширээнд найз нөхөд, хамт олноороо тухлаж, шинэ жилийн баяраа тэмдэглэх нь юутай ч зүйрлэшгүй сайхан боловч түүнийг даган гарах зардал нь олон хүнд санхүүгийн дарамт болдог нь нууц биш. Ялангуяа бүсгүйчүүдэд. Шинэ жилийн үдэшлэгийн такс, гоёлын даашинз, үсчинд орох, нүүрээ будуулж, хумсаа янзлуулах, чимэг зүүлт, туфль гээд нэлээдгүй зардал гаргадаг.
Тэгвэл шинэ жилийн гоёлын даашинз худалдааны төвүүдээр хэдэн төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа талаар сурвалжиллаа.
Хамгийн эхэнд Алтжин Бөмбөгөр худалдааны төвийг 17.00 цагийн зорилоо. Худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй, арай хийж л хүмүүсийн хажуугаар зөрөх зай гарч байв. Ийн Алтжин бөмбөгөрийн хоёр давхарт гарахад урт богино, дэрвэгэр шулуун, саатай саагүй гээд төрөл бүрийн даашинзнууд лангуунуудаар эгнэжээ. Даашинз энэ жил 75-450 мянган төгрөгийн үнэтэй. Аль улсаас оруулж ирсэн, ямар материал хийгдсэнээсээ шалтгаалаад үнэ нь тодорхойлогдож байгаа аж. Саа гялтганаж, шал шүргэсэн урттай даашинзны үнэ ихэвчлэн 150 мянган төгрөгөөс эхлэж байна. Загвар нь хуучирч 2-3 жил болсон даашинзнуудаа 30-50 мянган төгрөгөөр түрээсэлж байлаа. Сүүлийн жилүүдэд хослон өмсдөг шинэ жилийн загвартай хос цамц 25-40 мянган төгрөгийн үнэтэй байна.
Гоёлын даашинз зарж буй худалдагчаас үнэ болон худалдан авалтын талаар тодруулахад, "Энэ жил хүмүүс энгийн хэр нь чамин даашинз сонирхож байна. Одоо манайд ихэвчлэн дэрэвгэр, гялтгар саатай плажнууд маань үлдээд байна. Үнийн хувьд 75-250 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна" гэсэн юм.
Мөн үүний дараагаар “Sunday” худалдааны төвийг зорилоо. Оройн 18.00 цаг болж хаах цаг дөхсөн ч бүсгүйчүүдийн хөл тасраагүй хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гоёлын даашинзны үнийг сонирхон, асуусан асуултын хариулт ихэвчлэн 100 мянган дээш үнэтэй сонсогдож байв. Тодруулбал, тус худалдааны төвд даашинзны дундаж ханш 100-380 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол бүсгүйдийн дунд трэнд болж байгаа гоёлын пиджак костюмууд 150-350 мянган төгрөгөөр худалдаж байв. Худалдаж авбал, 150-350 мянга, өдрөөр нь прокатлавал 50-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа.
Дээрээс нь даашинзтайгаа хослуулж гоёл чимэглэл, туфлээ сонгоно. Нүүрээ будуулж, үсээ янзлуулна гээд нэг шинэ жилд хамгийн багадаа 300 мянган төгрөг зарцуулдаг байна.
Ц.Наранцацрал
Уншиж байна |