Монгол гэрийн тухай сонирхолтой баримтууд...
4 цаг 24 мин

Хэдийгээр Монгол гэр нь манай Үндэсний өв соёлын нэг хэсэг боловч өнөө цагт хүмүүс тэр  бүр Монгол гэрийн талаар нарийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг сайн мэддэггүй гэхэд болно. Иймд таны танин мэдэхгүйн мэдлэгт бяцхан мэдлэг нэмэхээр Монгол үндэсний бас нэгэн бахархал болсон “Монгол гэр”-ийн давуу тал, онцлог болон бяцхан түүхийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Түүх

 

Монгол гэр бол Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн ерөнхий хэв шинж нь бүрэлдэн, нүүдэлчин хүний амьдралын гол оромж хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. 

Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Нүүж суухад хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.

2. Давуу тал, онцлог

 

 

  • Муу энерги шингэхгүй. Гэр бол дэлхийтэй адил бөөрөнхий дугуй учраас булан тохойд нь муу энерги хоргодон үлдэхгүй, гэрт байгаа хүн сайхан амарч унтаж чаддагаас гадна хүний уур бухимдал, уцаарыг амархан тайлдаг байна.
  • Монгол гэрт агаарын солилцоо хамгийн их явагддаг. Хана болох эсгий туурга нь цагт 500 удаа агаар солилцож чаддаг ажээ. Учир нь хүн орох гарах тоолонгоор гэрийн тооно, үүд хоёроор агаар байнга солигдож, гэр доторхи хуучин уур нь дэгдэж, шинэ уураар сэлбэгдэн солигдож байдаг тул гэр дотор амьдарч буй хүн ямагт цэвэр агаараар амьсгалах боломжтой юм.
  • Монгол гэр дулааныг хадгалах өвөрмөц чадвартай. Хонины ноосоор хийсэн эсгий нь дулаан дамжуулах чадвар өндөртэй тул өвлийн хүйтэнд дулааныг маш сайн хадгалах чадвартайг эрдэмтэд судалсан.
  • Эрүүл орчин. Монгол гэрийг барихад ямар ч төмөрлөг хийц ороогүй, дан хонины ноосон эсгий, модон эдлэлээс бүтсэн учир хүний биеийн эрүүл мэндэд маш сайн, гаж нөлөөгүй.
  • Монгол гэр газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй сууц. Гэрийн ханын шийр олон, газарт шигдэж байдаг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан тул газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй.  Мөн үерийн ус дайрах тохиолдолд хаяагаа сөхсөн байхад ханын нүдээр урсан өнгөрдөг тул  хүний амь насанд аюулгүй билээ. Гэр нь дугуй хэлбэртэй болохоор татлага тэнжээгээр бэхэлсэн байхад хээрийн салхи шуурганд ч тэсч үлдэнэ. Гэрийн даацыг 300 орчим кг гэсэн тооцоо байдаг. Иймд 150 м/секунд салхины хүчийг даах чадвартай.
  • Хурдан барьдаг. Монгол гэрийг нэг цаг орчимд барьж, түүнээс бага хугацаанд буулгаж болдог тул нүүх, зөөх, тээвэрлэхэд хялбар…
  • Монгол гэр байгальд нэн ээлтэй эко-сууц юм. Учир нь монгол хүн нүүхийн цагт гэрийн бууриа сайтар цэвэрлэн үлдээдэг болохоор маш түргэн байгалийнхаа жамаар нөхөн сэргээгддэг. Монгол орны байгаль олон зуун жилийн туршид унаган төрхөөрөө үлдсэний учир нь үүнтэй холбоотой.
  • Монгол гэр дуу чимээ тусгаарлах чадвартай. Учир нь дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэрт дууны долгион адил хэмжээний зайг туулах тул гажилт үүсдэггүй. Тиймээс сүүлийн үед  дуу бичлэгийн студийг монгол гэрт хийх хандлага өргөн дэлгэрч байна. Мөн сургууль, зочид буудал, ресторан, амьдрах сууц зэргээр дэлхийн улс орнуудад  монгол гэрийн хэрэглээ нэмэгдсээр байна.
  • Монгол гэрийн хүндийн жин нь 250-270 килограмм байдаг учир хэдхэн тэмээ сарлаг зэрэгт ачаалаад нүүчихдэг, хэдхэн цагийн дотор хоёул гурвуулхнаа барьчихдаг, нүүдэлд тохиромжтой хөнгөн авсаархан сууц юм. 

 

3. Гэрийн бүтэц

Гэрийн мод

  1. Хана
  2. Хаалга
  3. Тооно
  4. Багана
  5. Унь
  6. Шал

Гэрийн бүрээс

  1. Цаваг
  2. Дээвэр
  3. Туурга
  4. Гэрийн гадуур цагаан бүрээс
  5. Өрх

 

5. Монгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай байдаг. Иймд гэрийг барих ба буулгах дэс дарааллыг дурдвал:

 

1.Шал тавих
2.Хаалга босгох
3.Хана дугуйлах
4.Бүслүүр татах
5.Тооно ба багана босгох
6.Унь хатгах
7.Дотуур бүрээс тавих
8.Туурга нөмөргөх
9.Цаваг тавих
10.Дээвэр тавих
11.Гадуур бүрээс нөмөргөх
12.Өрх тавих
13.Хаяавч татах
14.Оосруудаар бэхлэх зэрэг дараалалтай байдаг байна.

6. Гэрийн төрлүүдээс тодруулбал:

  • Хүзүүвчин тоонотой, нүүдэл хийхдээ тэргэн дээр бариад зөөж явдаг байсан гэрийг тэрэгт гэр
  • Гадаад дотоодын элч нарыг хүлээн авдаг, их хуралдай хуралдуулдаг хэдэн зуун хүн багтах том гэрүүд байсан бөгөөд түүнийг орд гэр буюу шилтгээн гэр
  • Ноёд язгууртнуудын дайн байлдаанд авч явдаг дайны зориулалттай гэрийг гэрлүгэ хэмээнэ
  • Бургас зэргийг үзүүрлэн бие биед нь углуургадан хийгээд ханыг өвсөөр хучсан гэрийг өвсөн гэр
  • Урц маягийн хэлбэртэй гэрийг хошлиг гэр - гэх мэт олон төрөл байдаг. 

8. Эцэст нь

Монгол гэр нь жилийн 4-н улиралд ямарч үед ашиглахад тохиромжтой, Монгол үндэсний нэгэн томоохон соёлын өв болсон хамгийн түгээмэл сууц юм.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж. https://originalyurts.com/

 

 

Shuud.mn
Сонин хачин