ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр "хэсэгчилсэн дайчилгаа" зарласан. Түүний энэ мэдэгдлийн дараа Оросоос явах гэсэн хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, тийзний эрэлт өсөн, визгүй зорчдог орнуудыг чиглэсэн оросуудын цуваа тасрахгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Мөн дайчилгаанаас зайлсхийж өөрийгөөт зориуд бэртээж гэмтээх тохиолдол гарахаас сэргийлж Оросын төрийн хяналттай хэвлэлүүд анхааруулсан мэдээллүүд гаргаад эхэлжээ.
Тухайлбал, Комсомольская правда сонин "цэргийн албанаас чөлөөлөгдөхийн тулд зориудаар өөрийгөө гэмтээвэл эрүүгийн хариуцлага хүлээхийг хүний эрхийг хамгаалагч анхаарууллаа" гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, биедээ зориудаар гэмтэл учруулахыг дайчилгаанаас зайлсхийх оролдлого гэж үзнэ, үүний төлөө ОХУ-ын Эрүүгийн хуулиар торгууль, албадан хөдөлмөр эрхлүүлэх эсвэл хоёр хүртэлх жилээр хорих ял оноох зохицуулалттай гэж "Школа призывника" хүний эрхийг хамгаалах байгууллагын захирал Алексей Табалов мэдэгдсэн аж. Харин санаандгүй тохиолдлоор гэмтсэн гэдгээ баталж чадвал, түр хугацаанд л цэргийн албанаас чөлөөлнө гэж Табалов онцолжээ.
Хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбоотойгоор нэн тэргүүнд 35 хүртэлх насны бэлтгэл цэрэг, ахлагч,45 хүртэлх насны бага тушаалын офицерүүдийг зарлан дуудах юм байна. Путин есдүгээр сарын 21-нд хэсэгчилсэн дайчилгаа зарлахдаа ОХУ-ын бүс нутгуудын эрх баригчдыг дайчилага явуулахад дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Буриадад цэргийн үүрэгтнүүдийг зарлан дуудах, цугларах штабуудыг есдүгээр сарын 21-ний өдрөөс байгуулж эхэлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |