2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 712.4 мянган хүүхэд суралцаж байгаагаас жилд дунджаар 34.8 мянга орчим нь төгсөж байна. Үүнээс энэ хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид нийт 30.5 мянган оюутан залуус шинээр элсэн суралцаж байна.
Их, дээд сургууль, коллежид суралцагчдыг суралцаж буй мэргэжлийн чиглэлээр авч үзвэл энэ хичээлийн жилд нийт суралцагчдын 12.8 хувь нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүй, 17.5 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 12.8 хувь нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралт, 12.2 хувь нь боловсролын чиглэлээр тус тус суралцаж байна.
Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт ихтэй 100 ажил, мэргэжлийн 37 хувь нь дээд боловсрол шаардагдах, 35 хувь нь Техникийн болон мэргэжлийн боловсрол шаардагдах, 28 хувь нь мэргэжил шаардагдахгүй байна.
ХНХЯ-аас 2021 онд гаргасан “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны дүнгээс үзэхэд 2022 онд эрэлт ихтэй 520 ажил, мэргэжил бүртгэгджээ. Уг судалгаанд үйлдвэрлэл, аж ахуйн, барилгын туслах ажилтан, том оврын ачааны тэрэгний жолооч зэрэг ажлууд хамгийн эрэлт ихтэй байна. Тодруулбал, даатгал, өгөгдлийн шинжээчийн ажлын байрны эрэлт 1945 байгаа бол тус мэргэжлээр дээд боловсрол эзэмшин төгсөж байгаа хүний тоо 167, цахилгаан инженерийн ажлын байрны эрэлт 600 байгаагаа бол тус мэргэжлийн дээд боловсрол эзэмшин төгсөж байгаа хүний тоо 541 байна. Түүнчлэн, малын эмч авто машины механик инженер, борлуулалтын ажилтан, ХАБ инженер, геологич, найруулагч, эвлүүлэгч, хүний их эмч , графикч, дизайнер, зураглаач, төмөрлөгийн хүдрийн инженер, химийн багш, хоол зүйч гэх мэргэжил хамгийн эрэлттэй байна.
Харин нягтлан бодогч, тоног төхөөрөмжийн инженер, синхрон, аман орчуулагч, эдийн засагч, англи хэлний багш, цэцэрлэгийн багш, барилгын архитекторч мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний илүүдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, ажлын байр байхгүй байна гэсэн үг.
Тэгвэл энэ жил ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй нийслэл болон орон нутгийн төгсөх ангийн сурагчид болон өмнөх оны төгсөгчдийн төлөөллөөс ямар мэргэжлээр элсэн суралцах, тухайн мэргэжлийг сонгох болсон шалтгаан, эрэлттэй мэргэжлийн талаар судалсан эсэх талаар асуултад хариулт авлаа.
Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлжээ. Үүнээс 7160 өмнөх оны төгсөгч, 29093 энэ оны төгсөгч байна.
Багш мэргэжил аль ч цаг үед эрэлттэй
24-р сургуулийн 12В ангийн сурагч А.Оюунтүлхүүр:
-Бага ангийн багш болох хүсэлтэй. Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн оюунд хөрөнгө оруулахыг хүсдэг. Эрэлттэй мэргэжлийн талаар судалсан. Ер нь бага ангийн багш мэргэжил аль ч цаг үед эрэлттэй, техник, технологиор орлуулшгүй мэргэжил юм.
Эрэлттэй мэргэжлийн талаар судалсан
Нийслэлийн 21-р сургуулийн 12б ангийн сурагч Манлай:
-Би ирээдүйд уул уурхайн цахилгаанчин болохоор шийдсэн. Энэ мэргэжил нь миний ааш зан, сонирхолд илүү тохирох юм шиг санагдсан. Тиймээс энэ мэргэжлийг сонгосон. Жил бүрийн эрэлттэй мэргэжлийн талаар судалсан.
Өнөө үед технологийн мэргэжил эзэмшвэл амжилтад хүрэх юм шиг санагдсан
Нийслэлийн 24-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч:
-График дизайнер мэргэжлээр суралцах төлөвлөгөөтай байгаа. Учир нь техник, технологийн эрин үед технологийн мэргэжил эзэмшвэл амжилтад хүрэх юм шиг санагдсан. Мөн зурах дуртай болохоор хоббигоо хөгжүүлэх ч боломжтой гэж бодсон учраас график дизайнер мэргэжлийг сонгосон. Мэдээж эрэлттэй мэргэжлийн талаар судалсан.
Мэргэжилдээ сайн, ур чадвартай бол ажилд орох боломжтой
Нийслэлийн 6 дугаар сургуулийн сурагч Г.Ган-Эрдэнэ:
-Эдийн засагч мэргэжлээр суралцахаар шийдсэн. Миний хувьд математик, физикийн хичээлдээ илүү сонирхолтой, сайн. Тиймээс эдийн засагч болохоор шийдсэн. Эрэлттэй мэргэжлийн талаар гэр бүлийнхэнтэй судалсан. Эдийн засагч мэргэжлээр төгсөж байгаа маш олон хүн байдаг юм билээ. Гэхдээ мэргэжилдээ сайн, ур чадвартай бол ажилд орох боломжтой гэж бодсон.
Сэтгэлзүйч мэргэжлийн эрэлт хэрэгцээ их байгаа
Энэ жил ЭЕШ өгөх өмнөх оны төгсөгч А.Саруул:
-Миний хувьд өнгөрсөн жил ЭЕШ өгөөгүй. Үндсэндээ нэг жилийн чөлөө авсан гэж хэлж болно. Чөлөө авсан хугацаандаа цагийн ажил хийж, бас англи хэлний чадвараа сайжруулсан. Мөн ямар мэргэжил надад тохирох талаар бодсон. Ер нь гадны улс орнуудад нэг жилийн завсарлага авах нь элбэг байдаг. Монголд харин үүнийг төдийлөн дэмждэггүй юм шиг санагдсан. Би зүгээр л өөрт тохирох тохирохгүйг мэдэхгүй нэг мэргэжил сонгоод түүгээрээ суралцаад, солиод дахин суралцах бодолгүй байсан. Би энэ жил ЭЕШ өгөөд сэтгэлзүйч мэргэжлээр суралцахаар шийдсэн. Сэтгэлзүйч мэргэжлийн эрэлт хэрэгцээ их байгаа. Ерөнхий боловсролын сургуулиуд бүгд сэтгэлзүйчтэй болж байна. Байгууллагууд сэтгэлзүйчтэй болж байгаа. Тиймээс миний сонирхол бас хүмүүст хэрэг хэрэгцээтэй мэргэжил гэж бодсон.
Тогооч мэргэжлээр суралцана
Нийслэлийн ... сургуулийн 12 дугаар ангийн сурагч н.Мөнх-Анар:
-Тогооч мэргэжлээр суралцана. Өөрөө тогооч болох хүсэлтэй, дуртай учраас суралцахаар шийдсэн. Хүнд хэзээд хоол идэх хэрэгцээ бий. Тиймээс эрэлттэй мэргэжил.
Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, суралцах мэргэжлээ сонгосон
Увс аймгийн Өндөрхангай сумын ахлах сургуулийн сурагч Б.Сүхбат:
-Хүний их эмч болох зорилготой байна. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад энэ мэргэжлийн сонгосон. Хэдийгээр олон хүүхэд эмч мэргэжлээр суралцаж байгаа ч мэргэжилдээ дуртай, чадвартай байвал ажилд орж чадна гэж бодсон. Эрэлттэй мэргэжил гэж боддог.
Багш болох мөрөөдөлтэй
Увс аймгийн II дугаар сургуулийн сурагч:
-Багш болно. Математикийн багш. Багаасаа л багш болох мөрөөдөлтэй байсан. Сургуулиуд ажиллахын тулд ур чадварын шалгалт өгч байж ажилд ордог. Тиймээс өөрөө л ур чадвартай бол ажилд ороход асуудалгүй гэж боддог.
Дээрх сурагчид болон өмнөх оны төгсөгчийн хариултаас харвал мэргэжил сонголтын талаар мэдлэгтэй, хэн нэгэнтэй зөвлөлдөж, судалдаг ч эрэлттэй мэргэжлийн судалгааг төдийлөн чухалчилдаггүй бөгөөд өөрийн хүсэл сонирхол гэр бүлийнхнийхээ зөвлөмжийн дагуу мэргэжлээ сонгодог нь харагдаж байна.
М.Насан