Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг хайх ажиллагаа дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна
2021-04-29

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар энэ сарын 26-нд 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон билээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Тарилан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд, ар гэрийнхэн Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа.

 

Өчигдөр таван бүлэгт хуваагдан “Тэгш булан” гэдэг газраас “Цацын булан” гэдэг газар хүртэл  35 км-т завиар, “Цацын булан” гэдэг газраас Тариалан сумын Сэлэнгэ багийн “Бирваз” хүртэл 94  км-т завиар тус тус, “Цацын булан” гэдэг газраас “Хөх хошууны-Ам” гэдэг газар хүртэл 45 км-т мотоциклоор,  Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн “Хайст” гэдэг газраас Хутаг-Өндөр сумын Тээл багийн  “Урт” гэдэг газар хүртэл 50 км-т автомашинаар, “Хөвдөг гүүр” гэдэг газраас Тариалан сумын “Улаан шугуй” гэдэг газар хүртэл 38 км-т автомашинаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоожээ.

 

Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын нутгаар салхи тогтуун, өдөртөө 4-9 м/с, 8-10 хэм дулаан, шөнөдөө 3-7 хэм хүйтэн байна гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин