Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү ажлын хүрээнд Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах "Хэрлэн-Тооно" төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ий зүгээс хариуцан ажиллаж байна.
"Хэрлэн Тооно" төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй тендер энэ оны 7 дугаар сард зарлагдаж тус тендерт “Монхидроконстракшн” ХХК шалгарсан. Өнөөдөр /2024.11.01/ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ий Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Монхидроконстракшн” ХХК-ний захирал Б.Оюунбилэг нар үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус төслийн ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг “Оюу Толгой” ХХК хариуцаж буй бөгөөд гүйцэтгэгч компани 1.7 жилийн хугацаанд ТЭЗҮ-г боловсруулахаар төлөвлөсөн.
Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх зорилгоор боомт бүхий томоохон хиймэл нуур байгуулж, гадаргын усыг хуримтлуулан хамгаалж зохистой ашиглах төсөл нь эдийн засгийн ач холбогдол бүхий Монгол орны Зүүн бүс, Өмнөд говийн бүсийн зүүн хэсгийг хамрах бөгөөд энэ нутгийн ихэнх хэсэг нь байгалийн хуурай бүс нутагт хамаардаг. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 2 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум, Дорноговь аймгийн 8 сум, Өмнөговь аймгийн 3 сумын газар нутаг хамрагдаж байна.
Хэрлэн гол дээр ус хуримтлуулах усан сан байгуулж, урсцын тохируулга хийн, ус дамжуулах хоолойгоор дамжуулан Говийн бүсэд шинээр байгуулах хот суурин, хүн ам, мал аж ахуй, газар тариаланг усаар хангах, байгаль экологийг нөхөн сэргээх хамгаалах зориулалтаар ашиглах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон асуудлуудыг хамтад нь шийдвэрлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий шинээр нээсэн арвин нөөцтэй том орд газрууд нь Монгол Улсын өмнө хэсэгт говийн бүсэд байгаа бөгөөд ашиглах, олборлох, боловсруулах үйлдвэр, уурхай, газрын тос, эрчим хүчний үйлдвэрүүдийг энэ бүсэд барьж байгуулж байна. Тухайлбал Оюу толгой, Таван толгойн олборлох баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсон бөгөөд цаашид Таван толгойн цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, кокс, гангийн үйлдвэрүүд зэрэг томоохон төслүүд үе шаттайгаар ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Иймд тухайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар хангах боломж "Хэрлэн Тооно" төслийн хүрээнд бүрдэх юм.