Өмнөд Солонгосын LG Electronics компани цахилгаан машин, интернет хэрэглэгдэхүүн болон бизнесийн шийдэл зэрэг салбаруудад хүчээ төвлөрүүлэхийн тулд цаашид гар утас үйлдвэрлэхээ зогсоож байгаагаа мэдэгджээ. Компанийн мэдэгдсэнээр, долдугаар сарын 31 гэхэд гар утас үйлдвэрлэлийг бүрэн зогсоох юм байна.
"Гар утас үйлдвэрлэлийн нэн өрсөлдөөнтэй салбараас LG гарах стратегийн шийдвэр нь цахилгаан машины тоног төхөөрөмж, ухаалаг байшин, роботтехник, хиймэл оюун ухаан болон бизнесийн шийдэл, платформ, сервис зэрэг салбаруудад компанийн хүчин чармайлтыг төвлөрүүлэх боломж олгоно" хэмээн LG компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Тус компанийн мэдэгдсэнээр, одоогийн загварууд худалдаанд гарсан хэвээр байхын дээр одоо хэрэглэгчийн гар дээр байгаа бүтээгдэхүүнүүдийн программ хангамжийн шинэчлэл, сервис үйлчилгээг тодорхой хугацаанд хэрэглэгчдэд үзүүлэх гэнэ. Засвар үйлчилгээ явуулах хугацаа нь бүс нутгаас хамаарах юм байна.
Энд дуулгахад, нэгдүгээр сард LG Electronics мэдэгдэл хийхдээ 23 улирал дараалан алдагдалтай ажилласан гэж онцолж байлаа. Энэ хугацаанд тус компани хатуу өрсөлдөөний нөхцөлд 4.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. LG Electronics компани LG Group группийн бүрэлдэхүүнд багтдаг, 1958 онд байгуулагдсан бөгөөд LG Mobile Communications салбар компани нь 1990-ээд оноос эхлэн гар утас үйлдвэрлэж эхэлсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |