Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд спиртийн зэрэг 17 градусаас дээш согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглоод байна.
Спиртийн зэрэг 17 градусаас доош согтууруулах ундаанд шар айраг, вино багтана. Согтууруулах градус бага хэдий ч эдгээрт ч согтож, шогтож болдгийг цагдаагийн байгууллагаас гаргасан хоногийн мэдээнээс харж болно. Тухайлбал:
Шинэ жилийн баярын өдрөөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр 170 хүн эрүүлжүүлэгджээ. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 50, согтуугаар автомашин жолоодсон 25 зөрчил бүртгэгдсэн байна. Шинэ оны эхний өдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр энэ тоо дахин нэмэгджээ. Тухайлбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 зөрчил илэрч, эрүүлжүүлэхэд 174 хүн хоножээ.
Дотоодод коронавирусийн халдвар тархсан, голомт тодорхойгүй халдвар илэрч, иргэдийн дундаас 18 тохиолдол илэрсэн ч хотын гудамжнаа амны хаалтаа тайлсан хөлчүү эрчүүд байдаг л, энгийн л өдрүүд мэт аашилж зогсоотой цөөнгүй таарч байна. Тэд энэ бол хөл хорио. Энэ бол Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдгийг төдийлөн ухамсарлахгүй байх шиг.
"Пивонд хэнд согтдог юм бэ" хэмээн эгдүүцсээр "Гэртээ ганцаараа, ганц нэгийг унтахдаа шимнэ" гэж даруухан учирласаар шар айраг, пиво уух зөвшөөрөл авсан ч иргэд биенийдээ хэсч, баяр ёслол тэмдэглэсэн. Энэ нь голомт тодорхойгүй халдвар гарах үндэслэл болсон гэдгийг НЭМҮТ-ийн вирус судлаач учирлана лээ.
Үнэндээ шар айраг, вино ч хүнийг согтоож, шогтоох чадалтайг цагдаагийн байгууллагын статистик мэдээ харуулж байна. Иймд хөл хорионы энэ өдрүүдэд "хийх юмгүй" гэх тайлбараар өөрсдийгөө зугаацуулж, биенийдээ зочилж нөхцөл байдлыг улам дордуулахгүй байхыг уриалъя.
Согтууруулах ундааг хэрэглэхээс аль болох татгалзаж, хэрэглэх бол тохируулан болзошгүй эрсдлээс сэргийлэхийг, гэр бүлээрээ гэртээ байгаа энэ үед хүүхдийнхээ дэргэд архи, пиво уухгүй байхыг зөвлөж байна.
Б.Итгэл
Уншиж байна |