Испанийн засгийн газар үерийн гамшигт нэрвэгдсэн зүүн нутгийн Валенсия муж руу дахин 10 мянган цэрэг, цагдаа илгээхээр шийдвэрлэжээ. Үерийн улмаас амиа алдсан хүний тоо 211 болсон байна.
Тус улсын Ерөнхий сайд Педро Санчес бямба гарагт буюу өчигдөр төрийн мэдлийн телевизээр үг хэлэхдээ энэ тухай мэдэгдэв. Тэрбээр 5 мянган цэрэг нэмж илгээх мужийн захирагчийн хүсэлтийг хүлээн авснаа дурдаж, нэмээд 5 мянган цагдаа, иргэний хамгаалалтын ажилтныг илгээнэ гэдгийг мэдэгджээ. Гамшгийн бүсэд 2000 цэрэг хэдийнээ очоод байгаа юм.
Үерийн гамшигт амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй байна. Сураггүй болсон хүмүүсийн тоог одоо зарлах боломжгүй гэж Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка мэдэгджээ.
Үерт өртсөн бүсүүдэд сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, зам цэвэрлэх ажлыг нэн тэргүүнд тавьж байна. Аадар бороо орсны дараа дөрөв дэх өдөр аврах албаныхан хүмүүнлэгийн тусламж, юуны түрүүнд хоол хүнс хүргэхийн тулд зам цэвэрлэж эхэлжээ.
Цаг уурын албанаас мэдээлснээр, 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө Валинсия хотын хэд хэдэн дүүрэгт хэдхэн цагийн дотор нэг м.кв талбайд 300 гаруй литр хур тунадас оржээ. Чива хэмээх жижиг тосгонд нэг м.кв талбайд жилд орох хур тунадас буюу 491 литр бороо орсон байна. Улмаар сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй хүчтэй үер буужээ.
Гамшиг дагуулсан борооны талаар хүн амд хэтэрхий оройтож сэрэмжлүүлсэн гэж испаничууд Валенсия мужийн засгийн газрыг шүүмжилж байна. Олон мянган хүн гэрэл цахилгаангүй болж, олон зам явах боломжгүй болсон бөгөөд бүс нутаг бүхэлдээ гадаад ертөнцөөс таслагдаж, хүмүүс ундны ус, хоол хүнсний хомсдолд орж эхэлжээ. Эрлийн ажиллагаанд дрон, тусгайлан сургасан нохдыг ашиглаж байна.