Коронавирус хэмээх дэлхий нийтийг цочроосон аюулт өвчин дэгдсэн 2020 он цагийн эрхээр өнөөдөр буцаж гэж байна. Энэ баярыг Монголчууд төдийгүй дэлхий нийт өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэхдээ монголчуудын хувьд энэ шинэ жилийн баяр өмнөхөөс ялгаатай нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт өнгөрөх гэж байна. Өөрөөр хэлбэл бид гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед 2020 оныг үдэж 2021 оныг угтана.
Манай улсын хувьд тухайн гамшгийн онцлог, хор аюулын нөхцлөөс шалтгаалан бэлэн байдлыг “өдөр тутмын бэлэн байдал”, “өндөржүүлсэн бэлэн байдал”, “бүх нийтийн бэлэн байдал” гэсэн 3 зэрэгт ангилан, гамшгаас хамгаалах дэглэм тогтоодог. Бүх нийтийн бэлэн байдлын зэргээс цааш дахин ахиулан гамшгаас хамгаалах зэрэг манай улсад үгүй.
Ард иргэдийг аюулт өвчлөлөөс хамгаалах эцсийн аргаа төр, засаг хэрэглэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол энгийн өдрүүдийнх шиг энх, тайван цаг биш. Энэ бол дэлхий нийтийг хамарсан гамшгаас хамгаалах ганц найдвартай арга гэдгийг ухамсарлаж онцын шаардлагагүй бол гэртээ байж, өөрийн болон бусдын эрүүл аж төрөх үйлсэд хүч, хувь нэмрээ оруулахыг албаныхан уриалсаар байгаа.
Урд хөрш БНХАУ цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэсний улмаас коронавирусийн халдварыг тогтоож чадалгүй алдчихсан гэдгийг өнгөрөгч хоёрдугаар сард дэлхийн хэвлэлүүд онцолж байлаа. Бид ч мөн дотоодод халдвар тархсан, халдвар нийгмийн амьдрал дунд ороод ирчихсэн энэ аюулт цаг үед шинэ жилийн баярыг уулзаж учирч бус дүрстэй дуудлагаар алсын зайнаас мэндчилгээ дэвшүүлж даруухан тэмдэглэх нь зүйтэй.
Хэдий олон нийтийн хөл хөдөлгөөнийг хориглосон ч үйл ажиллагааг нь хориглоогүй 15 салбарын ажилчдад тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох QR зөвшөөрлийг олгоод байгаа. Энэ зөвшөөрлөөр Улаанбаатар хотын хаагуур ч зорчих боломжтой ч иргэн та аюулт өвчний энэ үед үүргээ ухамсарлан ажлаар л биш бол айл хэсэх, аавындаа очих зэрэг зайлшгүй шаардлагатай бус шалтгаанаар зөвшөөрлөө зүй бусаар ашиглахгүй байхыг уриалж байна.
Нэг нь хоригдсон, нөгөө нь айл хэссэн шударга бус баярын оронд нийтээрээ гэр буйдан хоёрын хооронд жим татуулсан шиг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд шинэ он, шинэ жилээ угтацгаая.
Б.Итгэл
Уншиж байна |