Тарваганы мах идэж буй зургаа цахим хуудсандаа байршуулвал хариуцлага хүлээлгэдэг болно
2020-08-12

-Тарваган тахлыг дотооддоо алдвал “Covid-19” халдварын дайтай аюул нүүрлэнэ-

 

Тарваганы тоо толгой цөөрч, тархац нутгийн хэмжээ хумигдан ховор амьтны ангилалд орж болзошгүй нөхцөлд буй. Мөн 2013 онд БОАЖ-ын сайдын тарвага агнахыг хориглосон шийдвэр өнөөдөр ч Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдсөн хэвээр байгаа. Гэсэн ч тарвага бүрэн таргалсан үед буюу намрын улиралд хориг зөрчиж ан хийх зөрчил ихээр гардаг. Тарваганы ан, агнуурт хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа талаар Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзоригоос тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Тарвага агнах, наймаалах нь хуулиар хориотой. Гэвч энэ төрлийн зөрчил илэрсээр байна. Яагаад хориглосоор байтал агнаад байна вэ?

 

-Үүнд цахим орчин маш том хөшүүрэг болж байгаа. Тарвагатай  холбоотой мэдээлэл оруулах,  анд гарах,  агнах хэрэгслийг сурталчилсан, туламлан боодог хийсэн болон чанаж идэж буй зураг бичлэгээ байршуулж байна.  Энэ нь хүмүүсийн  тарвага агнах, идэх сэдлийг өдөөж байдаг. Үүнтэй холбоотойгоор манайх Цагдаагийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн. Цахим орчин дахь тарвагатай холбоотой мэдээллийг хааж, хяналт тавин хамтарч ажиллахыг хүссэн. Одоогоор хариу ирээгүй байна. Харин цахим орчинд тарваганы тоо толгойг нэмэгдүүлье. Мэрэгч амьтдыг хайрлая гэсэн уриалгыг гаргах нь зөв.   

 

-Нийслэл рүү тарвага оруулахыг завдсан, тээвэрлэсэн зөрчил хэр олон бүртгэгддэг вэ?

 

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан ан хийх, байгалийн ургамал бэлтгэж,  худалдах тээвэрлэхтэй холбогдох асуудлуудад  хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу ажиллаж байна.  Улаанбаатар хот руу орж ирэх товчоодоос гадна нэмэлтээр зургаан товчоонд манай Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт явуулж байгаа. Намар болохоор хууль бус тарвага агнуур элбэгшдэг.

 

-Энэ онд нойтон тарвага тээвэрлэж яваад баригдсан хэчнээн тохиолдол илэрсэн бэ?

 

-Нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 1-ний хооронд 128 нойтон тарвага Улаанбаатар хот руу оруулахыг завдсан зөрчил илэрсэн. Тарвагыг Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ариутгуулсан.  Харин тээвэрлэж явсан хүмүүст торгууль оногдуулсан.

 

 

-Тарвага агнахад л хууль бус. Харин худалдаж авч идсэн, тээвэрлэж явсан бол зөрчилд тооцогдохгүй мэтээр иргэд ойлгодог. Хүлээлгэх хариуцлагын тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

 

-2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өмнө нь тарвага агнаад тээвэрлэж яваа хүнд торгуулийн арга хэмжээ авдаггүй байсан. Харин шинэ хуулиар тарвагатай “нэр холбогдсон” тээвэрлэж явсан хүнд арга хэмжээ авдаг болсон. Орон нутгийн автобусаар маш их хэмжээний тарвага тээвэрлэж оруулж ирдэг. Тухайлбал өнгөрсөн 7 долоо хоногийн тавдахь өдөр Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслээс нойтон тарвага тээвэрлэж явсан зөрчил Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар илрүүлсэн. Автобусны жолооч нарт сануулах арга хэмжээг авсан. Мөн тэднийг хориглосон ан, амьтан, эд эрхтэн тээвэрлэхгүй гэсэн баталгааг гаргуулж байх тухай албан тоотыг явуулсан байгаа.

 

-Тарваган тахал өвчин хүнд ямар замаар халддаг болон халдварласан тохиолдолд гарах эрсдэлийн талаар тодруулахгүй юу?

 

-Өвчин үүсгэгч хоруу чанарт нянгаас үүсдэг. Халдвартай мэрэгч амьтны  бөөс бүүрэгээр дамжин халдварладаг.  Энэ өвчин  халуурах,  булчирхай цочих, амьсгал давчдах, хордлого өгөх  шинж тэмдгээр илэрнэ. Тухайлбал, үхсэн тарвагыг өвчих явцдаа гараа исгэж халдвар авсан тохиолдолд  суга, цавины булчирхай цочиж, өндөр халуурч, гараа өргөх тэнхэлгүй болдог. Энэ шинж тэмдгийг илэрсэн даруйд нь арга хэмжээ аваагүйгээс болж  хоёрдогч уушгины хэлбэрт шилжин хүндэрнэ.  Үүнээс болж  амьсгал  давчдаж , амьсгалахад хүндрэлтэй болдог. Мөн  ходоод гэдэсний хэлбэрт шилжвэл бөөлжих, суулгах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Өвчний  нууц үе  хэдхэн цагаас 100 хоног хүртэл  хугацаанд үргэлжилдэг.  Энэ өвчин нь амь насаа алдах  хэмжээний онц аюултай өвчин.

 

Тарваган тахал нь байгалийн голомтод,  олон улсын хөл хоригт,  гоц аюулт халдварт өвчин гэдгийг манайхан нэг үеэ бодвол сайн мэддэг болсон. Энэ өвчин уушгины хэлбэрээр илэрвэл  ганцхан орноор хязгаарлагдахгүй бусад улс руу халдварлах боломжтой. Хэрвээ дотооддоо халдварыг алдвал   “Covid-19” халдварын хэмжээнд  хүрэх эрсдэлтэй. Тиймээс тарваган тахал өвчний талаарх мэдээллийг цаг тутам ДЭМБ-т мэдээлэлж, хяналтад авдаг. Нэмж хэлэхэд мэрэгч амьтанд зурам, алаг даахай, хэрэм, оготно зэрэг идэш тэжээлээ үүдэн шүдээрээ мэрж иддэг амьтад багтана.  Эдгээр амьтдаас мөн тахал дамжин халдварлана.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Битгий солиороод бай хятадууд монголд орж ирээд байхд ягаад корона шинжилгээ хийдэггүй юм бэ? Энэ талаар ягаад ярьдаггүй юм бэ? Энэ хэвлэл мэдээлийнхэн худалдагдсан юуу Энэ эрүүл мэндийн газар монголд орж ирж байгаа хятадуудад шинжилгээ хийсэн үү
2020-08-16
fb:
pisdaa facebook ee haalaa
2020-08-14
Тэгээд танай сайт өөрсдөө яагаад боодог хийж байгаа зургаа тавиад хүний арааны шүлс гоожуулаад байгаа юм бэ
2020-08-12
Тарвага:
Идэх дуртай юм бол нууж, нууцаар ид гэж байгаамуу
2020-08-12