Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр нарын 7 хүнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хуралдаанаар өмгөөлөгчдийн зүгээс шинжээчийн дүгнэлт гаргасан хоёр шинжээчийг зайлшгүй оролцуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг зургадугаар сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
Мөн шүүгдэгч Б.Бямбасайхан, С.Баярцогт, Д.Ганболд нарыг дараагийн шүүх хуралдааныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргав. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.
Шүүгдэгч С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа. Өмнө нь шүүхийн шийдвэрээр нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт нарыг 461 дүгээр хорих ангид цагдан хориод байгаа. Ингээд Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Х.Бат-Ялалт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын зургаан нэр дэвшигч цагдан хорихоос сонгуульт ажлаа үргэлжлүүлэхээр болж байна.
С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болсон ч хойшилсон.
Тус шүүх хуралдаанаар:
Шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,
Шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус 10 тэрбум,
Шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах,
Шүүгдэгч Б.Бямбасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан.
Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг барьцаа хөрөнгө байршуулаагүй шалтгаанаар цагдан хорих шийдвэр гаргажээ. Харин шүүгдэгч С.Баяр барьцаа хөрөнгө байршуулсан тул түүнийг цагдан хориогүй байна.
Г.Сүрэн
Уншиж байна |