Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сарын 6-нд дээрхи албан тушаалд томилогдсон.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд хурлын эхэнд Нийслэл хотод нэг сая 375 мянган хүн амьдарч байгаа. Тиймээс өнгөрсөн гурван сарын хугацаанд хүн рүү чиглэсэн шийдвэрийг илүүтэй гаргасан гэдгээ онцоллоо.
Цэцэрлэгийн нэмэлт элсэлтэд 1.4 тэрбумыг зарцуулсан
Сургууль, цэцэрлэгийн бүртгэлд онцгой анхаарал хандуулж ажилласан. Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 85 хувьд хүргэхийг зорьж байна. Хороогүй цэцэрлэгийг цэцэрлэгтэй болгох зорилго тавьж байна. Улмаар төрийн өмчийн бус цэцэрлэгтэй гэрээ байгуулж 3087 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Үүнд 1.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, төсвийн тодотголоор батлуулж хэрэгжүүлсэн.
Он гараад 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал үнэгүй хийнэ
Элэгний хавдраар өвчилж байгаа нийт хүмүүсийн 50 хувийг нийслэлийн иргэд эзэлж байна. Өдөрт дөрвөн хүн элэгний хавдраар нас барж байгаа. Иймд “Элэг бүтэн” сантай хамтран ХӨСҮТ-д элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр оны эхэнд элэгний хорт хавдартай 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал үнэгүй хийхээр болсон. Эдгээр иргэний ес нь Улаанбаатар хотын дүүрэг бүрийн яаралтай тусламж хэрэгтэй иргэн байна.
Шилэн дансаа хөтөлж байгаа
Шинэ удирдлага шилэн данс хөтлөхгүй байгаа гэдэг мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар хэлэхэд шилэн дансаа хөтөлж байгаа. Хөтлөөгүй байсан бол “Улаанбаатарын намар” арга хэмжээнд 106 сая төгрөг зарцуулсан гэдгийг олон нийт мэдэхгүй байсан. Энэхүү арга хэмжээнд 12 мянга гаруй залуус цугласан. Цаашид энэ арга хэмжээг фестиваль болгон өргөжүүлж, хугацааг долоо хоног болгон сунгахаар төлөвлөж байна. Мөн “Face of beauty international” тэмцээнд 20 сая төгрөг зарцуулсан. Үүнийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаагүй. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт зарцуулах ёстой хөрөнгөөс гаргасан.
Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн өмнөх 150 мянган машины зогсоолын асуудлыг шийдсэн. Үүнд Нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөс тодорхой хөрөнгө зарж, иж бүрэн тохижилтыг хийж дуусгасан гэдгийг Нийслэлийн Засаг дарга хэлэв.
Түүнчлэн “Тэц III”, Яармагийн гүүртэй холбогдсон замыг дуусгаж ашиглалтад оруулсан. Толгойтын эцсээс Орбит хүртэл барьж буй төмөр бетонон гүүрийг өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулжээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |