“Алтан ураг”-ынхан чуулгын тайзнаа цуглана
2016-05-19

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний 100 ойн хүрээнд “Алтан ураг” ардын бүжгэн жүжгийг тоглох гэж байна.

 

 

Эл бүжгэн жүжгийг тайзнаа тоглосны 20 жилийн ой энэ онд тохиож буй аж. Анх  1996 онд УДБЭТ-ын тайзнаа тоглож байсан бөгөөд 2000 оноос хойш дахин тоглогдоогүй байсан. Харин ҮДБЭЧ-ын уран бүтээлчид 2012 онд Их Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан ахин тайзнаа сэргээн, үзэгчдийн хүртээл болгож байв. Энэ удаад тус чуулгын уран бүтээлчид бүжгэн жүжгийн 20 жилийн ойд зориулан дахин тайзнаа бүтээхээр болжээ.

 

Уг бүтээл нь Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэж бүтээсэн түүхэн бүжгэн жүжиг юм. Жүжигт Тэмүүжин анд Жамуха эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан  Бөртэг буцаан авч улмаар их монгол улсаа байгуулсныг хүртэлх үйл явдлыг бүжгийн хэлээр илэрхийлдэг. Тус бүтээлийн хөгжмийг УГЗ Б.Шарав, цомнолыг АУЗ Б.Лхагвасүрэн бичиж, Төрийн шагналт, УГЗ С.Сүхбаатар бүжгийг дэглэжээ.

 

“Алтан ураг” ардын бүжгэн жүжгийг энэ сарын 29-нд 18.00 цагт ҮДБЭЧ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин