Дорноговь аймгийн ЗДТГ, Япон Улсын Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 10-нд Шизүока мужийн Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн хэлтсийн хөдөө аж ахуй, цай үйлдвэрлэл, тариалан эрхлэлтийн газрын дарга Киёохиро Коикэ тус аймагт ажиллажээ.
Энэ үеэр тэрбээр аймгийн төвөөс 4 км-ийн зайд орших талбайд говийн хөрсөнд гурвалжин будаа тарьж ургуулах заавар зөвлөгөө өгч, туршилтын тариалалт хийжээ. Ноён Киёохиро Коикэ хэлэхдээ энэхүү будааг ургуулахдаа тариалах хугацаа, усны зохистой хэмжээ, мөн тоос хүртээх хорхой шавж гэсэн гурван асуудалд анхаарах хэрэгтэй гэсэн байна.
Мөн үеэр аймгийн ЗДТГ-ын ХАА-н газрын мэргэжилтэн Л.Гантулга ийм төрлийн будааг тариалж байсан туршлагаасаа хуваалцсан байна. Тэрбээр гурвалжин будааг ургуулах боломж бий, гэхдээ ноён Киёохиро Коикэгийн хэлдэгчлэн усалгаанд анхаарч тариалалтаа хийх хэрэгтэй. Нэгэнт тарьж ургуулсан тохиолдолд хураах техникийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарна гэжээ. Тус аймагт өмнө нь ганц нэг газар гурвалжин будаа тарьж байсан ч зах зээлд нийлүүлэх хүртэл хэмжээнд тариалж байгаагүй аж.
Япон Улсыг гурвалжин будаагаар хангагч нь БНХАУ-ын ӨМӨЗО гэнэ. Сүүлийн үед Өвөрмонголоос нийлүүлэх уг будааны нийлүүлэлт буурч байгаа тул туршилтын журмаар эхний ээлжинд япончууд өөрсдийн хөрөнгөөр 100 орчим кг үр оруулж ирсэн байна. Үүний 4/1-ийг Дорноговь аймагт, үлдсэн хэсгийг нь Сэлэнгэ аймагт тариалж үр дүнг нь харахаар төлөвлөжээ. Япон мэргэжилтний хэлж байгаагаар энэ будаа үржил шим багатай хөрсөнд ургалт сайтай байдаг. Иймд тус бүс нутагт япон үрээр тарьсан будаа ургах бүрэн бололцоотой гэж тэд үзэж байна. Учир нь Өвөрмонголын уур амьсгал манай орны говийн бүсийнхтэй ижил төстэй учраас тэд найдлага тавьжээ.
Б.Дэжид
Уншиж байна |