Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гачууртын автобусны эцсийн буудлын ойролцоох гүүрэн дээр өнөө өглөө осол гарсан талаар бид мэдээлсэн.
"Гачуурт-Халдварт"-ын чиглэлийн “Атибус” компанийн УНИ 06-89 улсын дугаартай тус автобусанд 10 гаруй зорчигч явж байсан бөгөөд тэдний долоо нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр бол тус автобусны жолоочийн гэр Гачууртад байдаг аж. Тиймээс хашаандаа автобусаа тавьдаг бөгөөд өглөө тээврийн хэрэгслээ ямар нэгэн үзлэгт хамруулахгүйгээр шууд хөдөлгөөнд оролцдог байжээ. Ер нь уг хашааг "Атибус" компанийн 5-6 автобус гараж маягаар ашигладаг гэнэ. Осол гаргасан жолооч болох н.Дагвадорж нь согтуу байсан бөгөөд согтолтын хэмжээ 0,46 бүхэл байжээ. Тэрээр цагдаа нарт "Би их согтуу байсан учраас компанийнхаа өөр нэг жолоочид автобусаа бариулсан" гэжээ. Тиймээс цагдаа нар үнэхээр өөр хүнд жолоогооо шилжүүлсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Харин нөгөө жолоо шилжүүлж аваад, автобус онхогдуулсан гэх жолооч нь зугтсан байна. Цагдаагийн ажилтнууд түүнийг одоо эрэн сурвалжилж байгаа юм байна.
Б.Батцэцэг