Цагаан ордны шинэ эзэгтэй, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден ордныхоо зул сарын чимэглэлийг харуулсан гэрэл зургуудаа хуваалцжээ. Цагаан ордон зул сар тэмдэглэхэд хэдийнэ бэлэн болж, том гацуур засан, бусад баярын чимэглэлээр чимэн, шинэ жилийн уур амьсгал оруулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл 12 дугаар сарын 25-ны өдөр бусдын адил Зул сарын баяраа тэмдэглэх юм. Энэ баярт бэлдэн, Цагаан ордныг хэрхэн чимэглэснээ Жилл Байден Инстаграмдаа хуваалцжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн өргөөний нэгэн танхимд асар том гацуур байрлуулан, цагаан гэрэл, цагаан тагтаагаар чимэглэсэн байна.
Цагаан ордны бусад өрөөнүүдэд ч хэд хэдэн гацуур зассан байна. Тухайлбал, дээрх зурган дээр харагдах гацуурыг зүүн жигүүрт зассан бөгөөд Америкийн цэргүүдийн гавьяад зориулжээ. Мөн энэ агцуурыг Жо Байден гэр бүлийн гэрэл зургуудаар чимсэн гэнэ.
Цагаан ордны бусад хэсгүүдээс ч баярын уур амьсгал оруулан зассан өрөөнүүдийг харж болно.
Цагаан ордны мэдэгдэлд өгүүлснээр энэ оны зул сарын чимэглэлийн сэдэв нь "Чин зүрхний бэлэг" гэнэ. Дизайнерууд цар тахлын хор уршигтай тэмцэхэд америкчуудад тусалсан анхаарал халамж, сайхан сэтгэлийн илэрхийллийг чимэглэлдээ тусгажээ.
Ерөнхийлөгчийн ордонд нийтдээ 41 гацуур зассан байна. Цагаан ордны баярын чимэглэлд хоёр километр баярын тууз, 300 лаа, 80 мянга орчим гэрэл ашиглажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |