Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16-р бага хурал Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж байна. Хурлын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Дэ Нэйчи Консерванси байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Женнифер Морристой уулзаж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2025 оны үйл ажиллагааны чиглэл болон цаашдын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар сайд С.Одонтуяа, байгаль орчны байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, иргэдийн тогтвортой аж амьдрал, амьжиргааг тэтгэх зэрэг давхар давхар үр өгөөжтэй болохыг онцоллоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 71 сая ам.долларын хандивыг босгосонд Монголын байгалийг хамгаалах чин сэтгэлтэй хамт олон, хандивлагч нарт талархлаа илэрхийлсэн юм.
Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг хүн төвтэй арга барилд суурилж, өв уламжлал, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хөгжилтэй уялдуулан санхүүжилт, хөрөнгө оруулалт, цар хүрээг улам тэлэх, улмаар олон нийт төдийгүй олон улсад сайн жишиг болгон таниулахын төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.