Хавдрын эмнэлэгтэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр "Хавдар судлалын үндэсний төвийг Сонгинохайрхан дүүрэгт барих 10 га газрын асуудал шийдэгдсэн. Зураг төслийн ажил эхэлсэн. Тиймээс ирэх оны төсөвт барилга эхлүүлэх 7.9 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан байдлаар өргөн барьсан. Барилга хамгийн багадаа 3-4 жил болно. Тэр болтол хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах бодлого хэрэгжүүлэх нь чухал. Аймаг, орон нутагт хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжөөр хангах 45 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт суулгасан. Хавдар судлалын үндэсний төвийн хашаан дотор баригдсан дөрөвдүгээр эмнэлэг гэж нэрлэгдээд буй эмнэлэг Хөгжлийн банкны барьцаанд хураагдчихсан байгаа. Тиймээс үүнийг улс, эрүүл мэндийн салбар одоогоор худалдаж авах боломжгүй. Үнэлгээнээс эхлээд асуудал их байгаа. Эмнэлэг баригдтал жилд 4000-5000 хүн өвчлөөд үхнэ гэсэн үг биш. Иргэдийн яаж хавдар тусгахгүй байх вэ гэдэг чухал. Туссан тохиолдолд эрт илрүүлэх, амьдарч байгаа бүс нутагтаа эмчилгээ хийлгэх боломж бүрдүүлэх хэрэгтэй. Эмнэлэг баригдаад эсвэл эмнэлэг авснаар аврагдана гэсэн үг биш" гэв.