Сэрэмжлүүлэг: Хүүхдээ харалгүй "дайрч" хорвоогоос буцаасаар байх уу
2020-05-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Хашаандаа тоглож байсан хүүхдээ харалгүй мөргөж амь насыг нь хохироосон зам тээврийн осол гарсаар байна. Энэ төрлийн санамсар болгоомжгүй осол жилд 10 орчим бүртгэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

Хамгийн сүүлд гэхэд Дорнод аймгийн Баяндун суманд өчигдөр зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдсан байна. Үүний нэг нь хашаандаа тоглож байсан 1 настай хүүхдээ харалгүй мөргөж амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгджээ. 

 

Он гарснаар Дорнод аймагт бага насны буюу 1, 2, 5 настай гурван хүүхэд санамсар, болгоомжгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн уршгаар хорвоог орхисон байна. 

 

Бага насны хүүхэд нь бие жижиг, аюул, ослыг таньж мэдэх чадвар дутмаг анхаарал болгоомжгүйгээс болоод хороолол дотор эсхүл зогсоолоос хөдөлж байгаа болон ухрах хөдөлгөөн хийж буй автомашинд мөргүүлэх тохиолдол бүртгэгдсээр байна. 

 

Иймд хүүхэд тань хаана тоглож байгааг анхаарч, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзээд ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг шалгаж хөдөлгөөнөө эхлүүлэхийг анхааруулж байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин