Такси №39
2013-12-04

Энэ өдрийн мэнд. Жирийн нэгэн амдралын инээд хөөр гуниг баярын дундаас буудаг миний ээлжит тэмдэглэл та бүхэнд хүрч байна. Уг нь сайхан өвөл болж байна гэж хүмүүс тэнэгэр ярих л юм даанч энэ утааг гээд царай нь хотын тэнгэр шиг барайгаад явчих юм. Энэ мэт гомдол хийгээд элдэв сонинг түүвэрлэн дор буулгалаа. Таалал орштугай.

:

Хашаа буддаг “Оохор” мэдэх үү

“Гурван гал” худалдааны төв орчмоос нэгэн эмэгтэй сууж СУИС орно гэлээ.

.

З/зорчигч/ -Энэ замын тэмдэг тэмдэглэгээ гэж хэдэн хүний мөнгө хийдэг ажил байна аа ккк. Миний  нүүрний будаг биш дээ ямар, гурав дөрвөн сар болоод л арилчих юм. Ийм юмыг чинь тусгай будгаар буддаг баймаар.

Х -Нээрээ жил бүр л будаж байгаа харагддаг шүү.

З -Нэг хямдхан будгаар будаад тал мөнгийг нь хармаалдаг байх оо. Намайг жоохон байхад хашааны оохор гэж нэг юм байсан. Ингэж бороо шороонд урсчихаад байдаг байсан даа.

Бид хоёр СУИС-ийн наад талд ирээд хойшоо эргэх хэрэгтэй боллоо.

Х -Өө энүүгээр чинь эргэж болохгүй юм байна аа. Тасархай шугам алга байна шүү дээ.

З -Бид нар тэгээд өдөр болгон л энүүгээр эргээд л гэртээ ороод байгаа ш тээ. Тойрохоор одоо хаагуур эргэхийн, ойр эргэчих уулзвар байхгүй. Урагшаа дүүрэг хүрч байгаад нэг эргэвэл эргэнэ. За тэгээд зайг нь харж байгаад эргэчих ээ, энэ чинь Монгол шүү дээ, дүү минь ккк. Дүрмээр нь явбал цаг бензинээ үрнэ айн. Өө тэр энэ машиныг дагаад эргэчих тээр бүгд эргэж байгаа биз. Өө сайхан, бүр манай хөрш явж байх шив дээ.

.

Улаан цагаан шургасаар байгаад дүрэм зөрчүүлсэн эмэгтэй “За 1000 төгрөг л гардаг юм даа” гээд буун одлоо.

.

2.Буцмаар ч юм шиг

Баруунд байж байгаад ирээд сар болж байна гэх залуутай жаахан халлаа.

Ирээд хэд хоног найзуудынхаа хүрээнд сайхан байсан одоо бол утаа бөглөө хараад дотор нь муухайраад унах шахуу л юм болж яваа гэнэ.

:

З/залуу/ -Би ч наашаа ирэхдээ бас сэтгэл зүйн бэлтгэлтэй ирсэн л дээ. Манай нэг эгч бол бүр инээдтэй. Олон жил Америкт байж байгаад ирсэн байхгүй юу. Тэгсэн элэг авсан. Онгоцноос буугаад гэр лүүгээ явж байна гээд ярьсан юм. Тэгээд байж байснаа утас дуугараад эгч чинь ярья гэж байна гэхгүй юу. Тэгэхээр нь би мэнд ус мэдэх гээд ярьж байна гээд л авсан чинь эгч ёстой аймаар муухай орилоод “Та нар чинь хотоо ямар болгочихсон юм бэ. Пээ энэ Улаанбаатар минь яачихваа вэ, хэн ийм болгочихов оо” гээд. Би бүүр гайхаад ахаас “эгч согтуу байгаа юм уу” гэсэн чинь “юу яриад байгаан ерөөсөө уудаггүй ш тээ, эрүүл байна” гэсэн. Ёстой аймаар шоконд орсон байгаа биз.

Х -Тийм их удсан юм уу?

З -Тийн, бараг ардчилал дөнгөж гарч байхад л гараад явчихсан. Хот тэр үед сийрэг гоё байсан биз. Одоо л нэг шокноосоо гарч байгаа ш тээ ккк. Би ноднин инээдтэй. Сөүлд нэг хуралд оролцох болоод тэр нь өдөр 2 цагт. Би тэгээд амжих гээд өглөөний онгоцоор нисэх болоод үүрээр 5 гээд гэрээсээ гарсан байхгүй юу. Пөө тэгсэн аймаар хамар хорсоод, утаа чинь үүрээр жинхэнэ байдаг юм билээ ш тээ. Хоолой хорсоод л жинхэнэ унах гэж байгаа юм чинь. Тэгээд такси харж жоохон зогсоод, тэгээд л онгоцондоо эхэнд орж суугаад нислээ дээ. Сөүлд шууд буугаад таксидаад чардайсаар байгаад нөгөө газраа амжиж ороод манай найз намайг тосож аваад лифтээр дээшээ гарлаа. Тэгсэн лифтэнд байсан 5, 6 хүн бүгд нэг юм яриад ийш тийш хараад унахгүй юу. Би гайхаад найзаасаа юу болсон юу яриад байна гэсэн манай найз аймаар чика чишш гэснээ “нэг сонин юм үнэртээд байна гэнээ” гэснээ надад ойртон дандаа гадаад хүмүүс байхад чинь чихэн дээр “чиний куртикнээс утаа үнэртээд байх шиг байна аа, буунгуутаа тайлаад цүнхэнд хийгээд барчихаарай” гэж авдагийн хахаха. Ёстой хачин болоод лифт явж өгөхгүй байх шиг байгаа юм чинь, манайх нээрээ арай л дэндүү утаатай юм билээ.

Х -Одоо улам аймаар байна аа.

З -Ганц л арга байгаа ш тээ. Энэ араар байгаа айлуудаа мөнгөөр зодоод газрыг нь худалдаж аваад нүүлгэх тэ. Тэгээд салхины доор буулгаж, бүгдэд нь тэр утаагүй зуухаа олгоод л нэг жилийн дотор...

Х -Сайхан санаа байна мөнгө нь байвал.

З -Мөнгө байгаа, зөндөө л мөнгө төлөвлөдөг биз дээ кк. Болохгүй бол улс нөгөө тэрбумтнуудаасаа зээлэхгүй юу. Манай гишүүд чинь аймаар баян байна гээ биз дээ. Дэлхийд нэрээ гаргаж байгаа гэсэн биз дээ ккк. Би ч буцдаг ч юм бил үү. Виз гацаад байна л даа....

.

3.Бас нэг утааны тухай  яриа

Хөгжим бүжгийн сургуулийн буудлаас Тэнгис кинотеатр хүрсэн хүүхэн утсаар ярьсаар буулаа.

.

Х/хүүхэн/ -Өө харин аавынд очиж хоолны халуун сав авах гээд явж байна. Үгүй ээ, Жаяа тэнэг эртээр хүний халуун сав гуйж яваад тэнд орхичихож, айл нь авья гээд тэгээд гараад явж байна....

Бид хоёр харин хөгтэй өнгөрсөн хавар утаа багасангуут 2 сард хүүхэд олдог улс болоод хоёулаа үзэж тарсан. ... тийн кк. Тэгсэн олоогүй ш тээ. Одоо өвөл болоод утаа нь аймаар байхад аягүй бол би олж инээдтэй юм болно оо. Харин тийн үгүй ээ, ураг аймаар болоод байна гэнэ. Утаа чинь одоо аймаар нөлөөлөөд байгаа гэж байна. Зурагт хэвлэлээр ярихгүй дараад байгаа болохоос хэцүүдсэн юм биш үү. Ганаагийн эгч нөгөө эх нялхсын эмч цаадахад чинь тэгж хэлээд тэрийг нь надад яриад ...тийн одоо тэгээд янз бүрийн хөл гартай хүүхэд төрчихвий гэж айгаад.. тийн харин... тэгээд ядаж хавар эрт олоод намар гаргаад тэгээд хөдөө аав ээж рүү явуулдаг юм уу, яадаг юм. Тийн, харин тийн хахаха. Хүүхдээ олоо ч үгүй байж, тийн утаанаас зугатуулах аргаа ярьж байна ш тээ. Тийн ккк нээрээ үнэн гэсэн. Лхагваа 3 хоног дуншиж байгаад өнөө өглөө төрчихлөө. Өө тэгээд очоод нэг их удаагүй савны амсар нээгдсэн байна гээд төрөх орон дээр гараад тэгээд нэг их зовоогүй гарчихсан гэсэн. Гурав дахь хүүхэд гулгаад гарчихдаг гэсэн үнэн юм оо гэчихсэн ярьж байсан. Өө тэр ч тэгээд нөхрөө дагаад Сөүл рүүгээ яваад утаанд дайрагдахгүй л дээ. Тийн, энэ Лхагваа шиг хавар зун тээж байгаад яг өдийд төрж аваад нэг тийш явчихмаар юм байна аа гэж бид хоёр бас яриад ккк, за тэгээрэй найз нь ирчихлээ, такситай явж байгаа юм.

.

4. Гар утсаа оролдоод нэг харсан том эрэг

Мөрөө яльгүй хавчсан сэжиг бүхий ах хүү сууж 19 орьё гэлээ. Биеэ авч яваа нь нэг л биш. Энэ нөхөр чинь одоо буу өвөртөлчихсөн яваа юм биш байгаа даа. Хоригдол хэрэгтэн орголоо гэж дуулдаагүй дээ, хэрвээ буутай байвал яах уу, гэнэдүүлж байгаад ганц мушгиад л гэсэн шүү баатарлаг юм бодсон шиг бөглөрч явтал “энэ уулзвар их буруу хийгдсэн шүү” гэж өнөө ах яриа эхлүүллээ. Баахан дэмий юм төсөөлж бодож явсан би цочиж “аан аль уулзвар” гэлээ. Бид хоёр тэр үед нөгөө нарны замаар давж ирдэг, 19-ын араар явдаг уулзвар дээр Говийн замаар нь ирж байсан юм.

.

З/зорчигч/ -Энэ одоо хойшоо эргэдэг урагшаа эргэдэг талд нь хоёр давхар секц хийж өгөх байсан юм. Эргэх машинууд нь багтахгүй ингээд давхар эргэх гэж хааж зогсчихоод бөглөө үүсгээд байгаа юм. Тэрнээс одоо чигээрээ бол хоёулаа гараад явчихаар байгаа байхгүй юу. Дандаа буруу тооцоолно. Заримдаа маниас тэнд ийм зам тавина гээд л санал авч баймаар байгаа юм даа. Давхар эргэдэг болгоод туслах гэрэл секц нэмж өгмөөр байгаан.

Чи хөө таксинд удаан явж байна уу ?

Х -Нэг их удаагүй ээ, нэг жил орчим л.

З -Аан бас л хугацаа мөөн, чамд нэг зөвлөгөө хэлье. Ямар ч тохиолдолд машин барьж байхдаа утсаараа битгий оролдоорой. Энэ жолооч нар хотод явангаа нэг дугаар хайгаад дээш доошоо гүйлгээд хялалзаад яваад байгаа харагддагийн. Тэр дэмий. Хөдөө бол бүр аюултай хөдөлгөөн сийрэг гэж бодоод утсаа ухаад. Ах нь сая Эрдэнэт явж байгаад энэ балай тоочтой утсаар сүлжээ байна уу гэж нэг хараад, хурдан л харах шиг болсон өндийгөөд харсан замаас гарчихсан урд нэг аймаар өндөр эрэг, хурдтай машин чинь тэгээд тормозлоод нэг шарвах шиг болоод доошоо нисээд. Цаг нь болоогүй юм байлгүй үхсэнгүй. Баахан хавирга хугараад, одоо ингээд шохой чулуутай л явж байна.

Тэгээд энэ хотод одоо хааяа ингээд утсаараа оролдоод яваад сурчихсан тэрэн шигээ санаад нэг аваад хараадахсан чинь байхгүй нисчихлээ ш тээ. Айн, хотод муу юм сурсны гай байхгүй юу. Чи түрүүн бас утсаараа оролдоод бүр мессеж бичээд байв уу яав. Намайг авахын өмнө тэгж харагдсан шүү гэлээ.

Би хэрэг хийгээд баригдсан хүүхэд шиг сандран “үгүй ээ ах, би зүгээр л дуудлага ирж үү гэж харсан юм” гэж булзаарууллаа. Үнэндээ бол яг тэр ярьсан шиг нь дугаар харах гээд оролдож байсан. Гэнэт ах урд тулаад зогсчихсон гараараа дохисон юм л даа.

:

Нүдэнд хүйтэн ч юм шиг, буу зэвсэг агссан ч юм шиг байсан нь ийм учиртай байж хөөрхий. Ахын сургаал алт гэдэг дээ. Хүн бүрт дамжуулаарай, манайхаан. Жолооны ард гар утсаараа жоохон ч гэсэн бүү оролд. Өөр тийшээ нэг мөсөн нисч магадгүй шүү гэж....

.

5.Машинаа хураалгачихлаа

“Өө бөхийн өргөө хүргээд өг” гээд архи сэнгэнүүлсэн нөхөр суулаа. Нэг байгууллагад ажилтай бололтой ажлын форм хувцастай байлаа.

_

З/залуу/ -Сая машинаа хураалгачихлаа. Надаас архи тийм аймаар үнэртэж байна уу?

Х -Овоо үнэртэж байна даа. Цагдаад баригдаа юу?

З -Тийн. Ресторан баарны ойр машинаа тавьмааргүй юм байна шүү. Гарч ирээд яг суусан чинь хажууд цагдаа ирчихсэн цонх тогшдог юм даа, новш Пи чинь.

Х -Тэгээд харин овоо эрүүлжүүлнэ гэсэнгүй юу?

З -Өө яахав хөдлөх гээгүй гээд гүрийгээд, тэгсэн буу даа гэнгүүтээ шууд түлхүүр аваад “за журмын хашаанд хийнээ” гээд. Баахан гуйгаад ёстой майтгар бацаан таарлаа.

Х -Тэгээд машинаа орхичихоод явчихаж байгаа юм уу?

З -Өө бараг банк дүүрэн бензин байгаа, дүү чи дураараа унахгүй юу даа. Тэгээд ахдаа өглөө өгчихөөрэй тэгэх үү гэсэн дуугарахгүй байхаар нь ганцхан эргээд алхчихсан. Ашгүй чи ч зогслоо.

Х -Чи тэгвэл нэг хэдэн цаасаар найдвартай торгуулна даа.

З -Цагдаагийн хувцсан дээрх дугаарыг харсан л даа. Нэг автын нөхөр бий, тэгсэн бөхийн өргөөн дээр юм үзэж байна гээд утсаа салгаад болдоггүй. Очиж уулзахаас тэгээд яриулна даа.

Х -Ер нь бол согтуу барьж баларч байхаар баригдсан нь дээр дээ.

З/намайг эвгүй харж/ -Чи одоо хаашаа юм, эр хүн байж новшрох гээд айн ккк. Харин ёстой баавгайны талд байна уу яаж байна ... За яахав, дээр нэг ингээд орхичихсон өглөө нь хаягаар авчраад өгсөн шүү. Тэгэхээр нь би нэг 50 цаас өгсөн авахгүй байлаа шүү, цагдаа нар айхтар болцийн билээ, за наанаа зогсчих.

.

Хэрэг төвөгт оролгүй салсандаа төрийн цагдаад баярлалаа гэх байтал “новш, пи, гай” гээд л зүхэж явах юм даа. Манайхан бас л хүнд хүмүүс шүү.

_

6.Алтан гинжээ тавиад л ууж байна

Гэсэр сумын урдаас гар өргөсөн залуу “ах их дэлгүүрийн тэнд шөнийн ломбард байдгийн тийшээ очоодхоё” гэлээ. Хөдөлсний дараа “та яараагүй биз ккк, би утсаа энд тавьж байгаад тэгээд 10-р хороолол хүргүүлээд мөнгө өгөх юм шүү дээ” гэлээ.

Бид хоёр их дэлгүүр дөхөөд өнөөх ломбард дээр ирлээ. Шөнө 12 цаг өнгөрч байсан юм. Өө тэгсэн тэр ломбард чинь цөм хийж байна. Голдуу л 20-оод насны залуус охид. Тав зургуулаа цувраад зогсчихож. Манай залуу сүүлийн хүн болоод л зогсч харагдлаа. Нэлээн удсан даа, тэгэж тэгэж нэг юм өнөөх маань утсаа тавьж мөнгөө барьсаар гарч ирлээ.

:

Х -Энэ мөн овоо оочертой газар байна аа, шөнө гэхэд.

З/залуу/ -Өө тийн ирэх болгонд л ийм байх юм байна ш тээ. Энэ бацаануудад олигтой юм зүүлгэж бариулалтгүй болжээ. Шууд энд тавиад л шоудаад байх бололтой юм аа. Сая та харсан уу, миний урд байсан гурван охин дагуулсан нэг жоохон бацаан байсан. Тэр чинь нэг алтан гинж гээд барьчихсан 300 мянгыг өгчих гэж томроод нөгөө хүүхэн нь ийм үнэтэй юм авахгүй, утас пад энэ тэр авна гээд. Тэгсэн өнөөдөх бацаан томроод тэгвэл энэ бөгжийг авчих, алт шүү гэж томроод.  Ёо ёо бүр айчихлаа.

Х -Тэгээд ломбард нь авсан уу?

З -Авах шиг л боллоо. 100 мянгыг өгөв үү дээ, аав ээжийнхээ л юмыг барьчихсан явж байгаа ш тээ, эд нар.

Х -Ингэхэд чи өөрөө яасан, гэнэт дуудагдаа юу?

З -Өө тийн, энэ хүүхэн нэг газар сууж байна хүрээд ирэх үү, ганцаараа гуниглаад энэ тэр гээд л байхаар чинь хэцүү юм байна ш тээ. Үгүй гэж чадсангүй гарлаа ш тээ. Тэгээд мөнгөгүй нөгөө муу утсаа л ноолох юм даа ккк. Одоо маргааш тэгээд өглөө хэсэг утасгүй эрж хайлгасан юм болноо хэхэ.

Ер нь гэхдээ би бодоод байгаа юм, ах. Урьд нь шөнийн ломбард энэ гар утас гээд тавьчих юм нь байхгүй үед тэгсгээд за за мөнгө боломж байхгүй юм чинь гээд ууж идэхээ болиод больчихдог байсан даа. Ингээд шөнө ч гэсэн мөнгө босгох боломж байгаад байхаар тэр хэрээр нь ууж идээд байх шиг, тээ. Би л лав нэг муу утастай байхдаа бол шөнө хүүхэн шуухан ярихаар мөнгөгүй юм чинь яахав, тас гүрийгээд л өнгөрдөг байсан. Одоо тэгсэн за утсаа тавьчихья гээд л гарч байна ш тээ, балай юм. Энэ ломбард ер нь л гай болж байна шүү гээд новшроод л байхгүй юу. Ооо дөнгөж сая гуйж байж мөнгө авснаа мэдэхгүй. За энд нэг пааб-д байна гээд байсан. За баярлалаа удаан хүлээлгэсэн бол уучлаарай тэ ах.

_

Халуун хөнжлөөсөө сугарч пааб-д дуудагдсан залуу маань мөнгөнийхөө талыг хойд халаасандаа хийж талыг нь түрийвчиндээ хийж аваад л цаашаа орж явчихлаа. Шөнийн амьдрал ч бас л буцлах юм аа, хоёр цагт хүмүүс холхисоор л, өнөө 12 цаг гээд хаалгаа барьдаг, хаадаг баар нь хаана ч байгаа юм. Энд тэндээс хоёр гурваараа гуйвж гарч ирээд л гар өргөцгөөх юм.

Нэг ухаалаг гээд байдаг үнэтэй гар утастай байхад нэг удаа бол хоёр хүн нэлээн сайн шоудах мөнгийг дор нь босгодог гэж байна шүү...

За үүгээр энэ уулзалтаа өндрөлье. Төгсгөлд нэг хүсэх зүйл байна.

Шинэ жил дөхөөд мөнгө хэрэг болох нь. Хоовон би “Хотын сонин “ гэдэг “такси шоопинг” гэж хийдэг юм уу. Энд тэнд явж байхад хүн хүргэж өгөөд хүлээх зуураа дагаж ороод харахаар заримдаа сайхан үйлчилгээтэй орчин газар, хоол унд, бараа бүтээгдэхүүн эрээн мяраан аятайхан юм их таарч байна. Тэр сайхан үйлчилгээ бараа бүтээгдэхүүнийг сайхан бичиж, байршил хаягийг нь зааж хэлж өгөөд жоохон мөнгө урамшуулал авч баймаар байна аа. Дан халтуураар таксины түрээсээ нухах бас л чанга байна, ойлгож дэмжээрэй, манайхан. Юм хумаа зөөлгүүлж, манийг очуулж үзүүлж харуулж сурталчлуулах газар байвал хэлж дамжуулж өгөөрэй taxi_hoovon@yahoo.com -саналаа бичээрэй. 77000180 ийшээ залгаад хэлүүлсэн ч болно.

Дараагийн баасанд шинэ сонин ихтэй уулзья, түр баяртай манайхаан.

,

Үргэлжлэл бий....

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
estoi taalagdsangui hiih yumgui hunii ajil bna daa hoovon guai
2013-12-08
amjilt:
setgegdel bichihgui ch tsaana ni heden zuun hun ynshij bgaa. reclam hiij mungu ololgui yahav, gehdee ymand hemjee bg gedgiig sanahad iluudehgui bhdaa. amjilt zaluu mini
2013-12-05
yahweee:
yahwee. saihan l bichij. niigmiin toloo bichij bga uchraas shuumjleed yahaw. zarim yumii ni jaahan niitstei bichih heregtei. tegehgui bol zohiomol gdg ni medegdeed bshdee.
2013-12-04
zochin:
hoovon hoo ! denduu ih marketing hoogood reklam zerklam bolood yvchihval ! gol hund hurch baigaa zuil chini ! shal hudlaa bolood yvchihna shuu ! er heiltiih geed bna shuu ! anhnii shugamaa bariaaraidaa ! chamd itgej bna shuu !
2013-12-04
ххххххххх:
тэгээд шат шатандаа хүнийг хайрлахгүй идэж уудаг, шударга бус зан хэзээ арилах бол? ан-г би их дэмждэг байсан. тэгсэн одоо адилхан болх гээд байна шүү. энэ тухай хоовон минь түлхүү оруулвал, ярьвал зүгээр юм уу?
2013-12-04
ххххх:
амьдралын үнэнийг , болоод байгаа юмыг нийтэд хүргэж байдагт талархаж байна. би урьд нь сэтгэгдэл энэ тэр бичихгүй уншдаг байсан юм. энэ удаа чамд дэмжлэг хэрэгтэй санагдлаа. монгол хүний энэ хогийн зан засарвал юмс сайжрах байх. энгийн байдаг зан,харьцаанаасаа хурал хуй , элдэв албан арга хэмжээ гэхээр шууд хувираад урваад эхлэдэг зан.
2013-12-04
sogtuu:
sogtuuruulakh zuil khereglesen joloochiin teevriin kheregseliin yalgalguigeer ulsiin orlogo bolgood tsagdaa,turgen emlegiin baiguullaguuddaa khuviarlaad ogchikhoo. ur khuukhdee suulgaad gemgui yavj baital sogtuu soliotonguud irj darichikh geed dain baildaan bolj bgaa bishdee
2013-12-04
unshigch7:
utaatai hotiin shaldir bulidar amidral yag l *an bn da.hoobongoos hu*d zorchigoos gants hoer sonirholtoi asuult tabiibal.biznessiin sanaag demjij bn.yagaad bolohgui gej.unen zob medeelel hend ch iluudehgui. het nurshihgui bol.za amjilt.
2013-12-04
таалагдав:
нээрээ л эргээд явна гэж цамнаад байна даа энэ хүүхдүүд өвөл ирүүлэлтгүй юмуу гэж бодов яах аргагүй үнэн болоод байна аа тэр согтуу байж аргалуулах гэсэн нөхөр нэг л өдөр өрвийх байх даа муу амлаагүй шүү гай гэнэт л ирнэ гэснээс дутуу 2 дугаараа хэзээ хаагуур жийрэглэх гэж байна да сар ч эхэлчихлээ шүү хоовоон хө
2013-12-04
зочин:
дэмжиж байна аа сүүлийн санааг балиар улс төрч энэ тэрийг пиардаж байснаас муусайн бор зүрхээрээ яваа бизнес эрхлэгчидээ рекламдвал хэн хэндээ өлзийтэй, сэтгэлд сэвгүй.
2013-12-04
gege:
ter bolj baina. gehdee zaaval ayataihan gazriig uneneer ni piardana shuu. hudal baahan mongo avchihaad haltuurnii gazar ochuulj maniigaa shataav aa!
2013-12-04
hulguu.:
ene utaa ch bas herees hetersen zvil shvv. ter sogtuu barigdsan nuhur bas yu we ? osol gargawal yanaa gehiin orond tsagdaagaar yariulna ch geh shig .teneg gar baina.
2013-12-04