ХААН Банк орон нутгийн хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг дэмжих зорилгоор 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг орон даяар 16 аймагт ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд энэ өдрүүдэд зохион байгуулж буй. ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 30 жилийн ойгоороо хүүхэд залууст бэлэг барьж, аймаг бүрд 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбайг 2021 онд байгуулж өгсөн бөгөөд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг орон даяар жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.
Энэ жилийн хувьд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тусгайлан Дархан-Уул, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн сурагчдын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс гадна уулзалт, өдөрлөг зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Аяны багийнхан тэмцээнийг 9-р сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулсан бол энэ удаад Хөвсгөл аймаг руу хүлгийн жолоо залж, хүүхэд залуусын авхаалж самбаа, хурд хүчийг сорих тэмцээнээ үргэлжлүүллээ.
Хөвсгөл аймгийн тэмцээнд ахлах ангийн сурагчдаас бүрдсэн нийт 36 баг оролцож, гал авалцсан ширүүн өрсөлдөөн өрнөж, шилдгүүдээ тодруулсан. Тус тэмцээнд эрэгтэй 24 баг, эмэгтэй 12 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн баг, эмэгтэйчүүдийн ангилалд Мөрөн сумын Титэм сургуулийн баг тус тус тэргүүлсэн юм.
Тэмцээний нээлтэд Монголын Үндэсний дээд лигийн тамирчид болох С.Өрнүүнбилэг, Г.Цэлмэг нар урилгаар очиж тамирчны карьер төлөвлөлт, багийн спортын сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх талаар туршлагаасаа хүүхдүүдэд хуваалцаж, илтгэл танилцуулав. Мөн контент бүтээгч Цогтоо буюу Д.Ганцогт өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй, нөхөрлөлийн үнэ цэн, өөрийгөө хайрлах, үнэлэх тухай мэдээлэл өгч, залуу сагсан бөмбөгчдийн асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
ХААН Банкны нэрэмжит 3х3 тэмцээн, уулзалт өдөрлөг Сүхбаатар аймагт 9-р сарын 22-ны өдөр болох бөгөөд оролцох хүсэлтэй хүүхдүүд дэлгэрэнгүй мэдээллийг аймаг, орон нутаг дахь ХААН Банкны салбараас авах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Уншиж байна |