Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц байгуулж буй. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн амралтын өдрөөр нээсэн. Тэгвэл Геологийн төв лабораторийн уулзвар болон “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын ажлыг ирэх 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөж байна.
Энэ талаар "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж"-ийн захирал У.Баатараас тодрууллаа. Тэрбээр “Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-ны өдөр нээсэн. Харин Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын ажлыг арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байна. Геологийн төв лабораторийн нүхэн гарцын газар чөлөөлөлтийн трасст өөрчлөлт орж батлагдсан учраас шинэ трассын дагуу ажиллана” гэв.
"Хермес" худалдааны төвийн урд талд төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. "Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ийн суман шилжүүлэгтэй, таван эгнээ төмөр зам уг нүхэн гарцын урд байгаа юм. Ачаа буулгах болон зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй хэсэг. Энэ асуудлыг "Улаанбаатар Төмөр Зам" ХНН-тэй ярилцаж, түлхэх технологи буюу данхраадын тусламжтайгаар нүхэн гарцын бүтээцийг төмөр зам доогуур шургуулж оруулж байна. Энэ технологийг анх удаа нэвтрүүлсэн. Ингэснээр төмөр зам доогуурх гармыг хөдөлгөөнд саад болохгүй, хурдан хугацаанд барьж байна. Мөн "Хермес" төвийн орчимд газраас доош 8 метр ухахад хөрсний ус маш ихээр гарсан. Тиймээс ус зайлуулах насост станцыг уг гарцад суурилуулаад байна гэдгийг гэдгийг "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж"-ийн захирал У.Баатар хэлж байлаа.
Геологийн төв лаборатори болон “Хермес” төвийн нүхэн гарц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хэмжээнд буурах юм. Түүнчлэн Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын өндөр нь 4.5 метр, авто замын урт нь 1.48 км байна. Харин “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарц 3.5 метр өндөр, 800 метр авто замтай юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Уншиж байна |