Манай улс дотоодын хэрэглээнд жилдээ зөвхөн хатуу чихэрт 20 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Үүний 91 хувь буюу 18 тэрбум нь импортын чихэрт зарцуулагддаг аж. Монголчууд хэзээнээсээ л тавгийн идээ, чихрийг эрхэмлэж ирсэн. Үүнд сахаргүй чихрийн сонголтыг оруулж ирж байгаа “Бурамхан” брэндийн хамт олон гадагшаа урсаж буй мөнгийг дотооддоо үлдээхийн зэрэгцээ бүтээгдэхүүнээ экспортод гаргах томоохон зорилго тээн ажиллаж байна.
“Бурамхан” брэндийн хамт олон шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулаад удаагүй ч бүтээгдэхүүнээ хөгжүүлж, амттан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Швейцар улсын “Ricola” үйлдвэрийн экспертийг үйлдвэртээ урьж олон сарын хугацаанд хамтран ажиллаж, сахаргүй чихрийн туршилтыг амжилттай хийж шинэхэн амттанаар амьдралд амт нэмжээ.
“Бурамхан” брэндийн чихрийг анх 2017 онд худалдаанд гаргаж байсан бол нэр төрлийг нь өргөжүүлсээр өнөөдөр 30 гаруй төрлийн хатуу чихэр үйлдвэрлэж байгаа аж. Шинээр эрүүл мэндэд ээлтэй, уушги цэвэрлэх, амны хөндийн бактери устгах, өсөлт дэмжих, дархлаа сайжруулах чихэр үйлдвэрлэдэг аж. Хоногтоо нэг тонн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмж, шинээр резинэн чихэр үйлдвэрлэхээр судалж байгаа аж.
Сахаргүй чихрийн үндсэн түүхий эдээр изомалт болон стевиа ашиглаж байгаа бөгөөд эдгээр нь сахар орлуулагчийн төрлүүдээс органик байдлаар дээгүүрт ордог байна. Шинэхэн бүтээгдэхүүнээ Швейцарт лабораторийн шинжилгээнд оруулж сайн үнэлгээ авчээ. Сахаргүй чихэр нь чихрийн шижин, чихрийн харшилтай хүмүүс хэрэглэх боломжтойгоос гадна шүдэнд сөрөг нөлөөгүй, цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлэхгүй, турах хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой бүтээгдэхүүн аж. Тиймээс чихрийн шижин өвчний асуудалтай хүмүүс уг чихрийг санаа зоволтгүй идэж болно. Тэд ч бас амтыг мэдрэх эрхтэй.
Түүнчлэн “Бурамхан” брэндийн шинэ бүтээгдэхүүн үүгээр зогсохгүй, Монголын хөрсөнд ургасан хуш модны чөмөгтэй чихрийг амжилттай үйлдвэрлэж худалдаанд гаргажээ. Хуш модны чөмөг нь уургаар маш баялаг бөгөөд олон улсад тайгын алт гэсэн тодотголтой тун онцгой бүтээгдэхүүн билээ. Хушны чөмөг нь омега 3, 6, 9 агуулсан, тархины үйл ажиллагааг дэмжсэн маш олон төрлийн ашиг тустай бүтээгдэхүүн бөгөөд үүнийг хатуу чихэр болгон гаргасан нь Монголд ирэх жуулчдын сонирхлыг татаж, заавал худалдан авах бүтээгдэхүүний тоонд багтах нь дамжиггүй.
Бурамханыхан дээд зэргийн чанартай, Герман улсад үйлдвэрлэсэн түүхий эдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигладаг. Мөн чихрээ витамин С-ээр баяжуулсан. 100 хувь байгалийн гаралтай жимсний охь агуулсан, цардуулгүй. Хамгийн чухал нь хадгалалтын хугацаа уртасгагч химийн бодисгүй. Хэлбэр дүрс, өнгө, хэмжээг хүссэнээрээ үйлдвэрлэх боломжтой.
Үйлдвэрлэлээ өргөтгөж, чихрийн нэр төрлөө нэмэгдүүлж байгаа тус үйлдвэрийнхэн хэрэглэгчдээс ирсэн санал, хүсэлтийг бүтээгдэхүүн сайжруулалтдаа тусгаж ажилладаг байна. Тиймээс Швейцар улсын Ricola фирм нь 90 жилийн түүхтэй, зохицуулах үйлчилгээтэй хатуу чихэр үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчээс технологи болоод бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дэмжлэг авчээ. Ricola фирм 17 улсад албан ёсны дистрибьютертэй томоохон үйлдвэрлэгч юм. Тус үйлдвэрийн үйлдвэрлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Томас Фрингели “Бурамхан” брэндийнхэнд технологийн горимоо сайжруулж чихэр хайлж наалддаг асуудлыг шийдэхэд тусалсан байна.
Манайд сахаргүй чихэр үйлдвэрлээд эхэлсэн. Харин энэ талаарх ойлголт хүмүүст хараахан хүрээгүй байгаа тул ундаатай адилхан сахар орлуулагч хайлуулж хийсэн чихэр гэж бодож явдаг нь нууц биш. Сахар орлуулагч гэдэг бол бидний хаа нэгтээ хор л гэж сонсож байсан аспартам, цикламат, ксилитол, эритритол, стевиа гэх мэт. Сахар орлуулагчдын нэг чанар бол элсэн чихрээс хэдэн арваас хэдэн зуу дахин их чихэрлэг амттай байдаг. Тиймээс маш багаар хэрэглэдэг аж.
Сахароз болон бусад нүүрс уснууд биед нэг гр нь дөрвөн ккал энерги үүсгэдэг бол изомальт хоёр дахин бага буюу нэг гр изомальт хоёр ккал энерги үүсгэдэг. Тэгэхээр бусад бүх нүүрс уснуудаас хоёр дахин бага илчлэгтэй чихэрлэг амттай бодис. Энэ бол хүнсний нэмэлт биш. Эслэгийн нэгэн адил изомальт нь хоол боловсруулах тогтолцоонд бүрэн задардаггүй. Изомальт нь глюкозоос ялгаатай нь цусан дахь сахрын хэмжээнд нөлөөлөх нь бага, тиймээс ч инсулины ялгаралтыг өдөөдөггүй тул сахрын хэмжээг савлуулаад байдаггүй. Сахар буюу элсэн чихэр нь шүд цоолдог бодис биш, харин сахраар хийсэн чихэр идээд, өнөөх нь бага ч гэсэн шүдний завсар наалдаад үлдсэн бол, өнөөхөө угааж цэвэрлэдэггүй бол амны хөндийд байх сүүн хүчлийн бактериуд сахраар хооллож сүүний хүчил үүсгэн шүдийг уусгаад цоолж орхидог. Түүнээс хатуу чихэр шүд эмтэлж цоолдог, резинээ чихэр цоолдоггүй гэж бодох нь буруу шүү гэдгийг Хүнсний инженер О.Гал-Очир онцолж байлаа.
Изомальт нь глюкоз үүсгэдэггүй тул шүдэнд наалдаж үлдсэн ч сүүн хүчлийн бактериуд түүгээр хооллож чаддаггүй. Чадахгүй учир сүүний хүчил үүсэхгүй, шүд цоолохгүй. Тиймээс изомальтыг “Шүдэнд ээлтэй” хэмээн тодотгодог. Гэхдээ хэдийгээр изомальт шүд цоорох эрсдэлийг үүсгэдэггүй ч гэсэн хүүхдээ шүд угаах хэвшилд сургаарай, цуйвангийн гурилын үлдэгдэл ч шүд цоолж чаддаг.
Өдгөө дэлхий нийтээрээ сахаргүй чихрийн үйлдвэрлэлд изомальтыг үндсэн түүхий эдээ болгон ашиглаж байна. 2023 оны дэлхийн изомальтын зах зээл 722.93 тэрбум ам.доллар байсан бол 2032 онд уг зах зээл 1.1 их наяд ам.доллар болж өсөх тооцоотой байна.
Изомальтаар хийсэн бүтээгдэхүүнүүд сахраар хийсэн чихрүүдийг бодвол ямагт үнэтэй байдаг. Түүнээс үндэсний үйлдвэрлэгч гээд монополынход үнэ нэмээд байдаггүй. Изомальтыг гарган авахад элсэн чихрийг изомальтулоза хэмээх ферментээр хувиргадаг. Энэ нь сахрыг дахин хувиргах үйлдвэрлэлийн зардал ордог тул үнэ нь мэдээж өсчихдөг. Сахрын асуудалгүй бол сахартай чихрээ идэх, сахрын асуудалтай бол сахаргүй чихэр сонгох л ойлголтыг өгч байгаа хэрэг.
Изомальт бол зохицуулах үйлчилгээтэй хүнс. Юу зохицуулаад байна гэхээр таны илчлэгийг зохицуулна, шүдний эрүүл мэндийг зохицуулна, цусан дахь сахарын хэмжээг зохицуулна, бүр таргалалтыг тань хүртэл зохицуулна хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Уншиж байна |