36 дахь жилдээ зохион байгуулагдаж буй номын баяр гурван өдрийн турш үргэлжиллээ. Энэ удаагийн баярт 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан.
“Илүү их уншъя” уриатай баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзлийг дэмжихэд “Номын баяр” чухал үүрэгтэй бөгөөд зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид гол хөтөч, түүчээ нь гэдгийг онцлов. Мөн Орос, Хятад, Солонгос, Польш улсын төлөөллүүд оролцсон нь баярын нэгэн чимэг байлаа.
Баярын үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болов. Мөн зохиолч, хэвлэн нийтлэгчдийг урамшуулах, дэмжих зорилготой “Мэргэн ном” цомын эзнийг тодруулна. Баярын үеэр Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын түүхийн 12 боть номын нээлт баярыг чимсэн юм.
Номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Номын баярыг гадны зочидтой, хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаатай өргөн дэлгэр зохион байгуулахыг хичээсэн. Энэ удаагийн баяраар өмнөхтэй адил том тайз засаагүй, хоёр жижиг тайз бэлдсэн.
Баярын үеэр “Номын ертөнц” клубийн сурагчид утга зохиол судлаачидтай хамтран өсвөр насныханд зориулсан 50 номын жагсаалтыг санал болголоо. Өмнөх Номын баяраар эмэгтэйчүүдэд зориулсан номын жагсаалт зарлаж байсан бол энэ удаа өсвөр насныханд, дараа нь амьтдын тухай зохиолуудыг онцолсон. Хаврын Номын баярын үеэр хийсэн судалгаагаар, хүүхэд залуучууд ихээр ирж байгаа ч худалдан авалт төдийлэн сайн биш байлаа.
Уншиж байна |