Такси № 34
2013-11-13

Энэ удаагийн тэмдэглэлд хотынхоо амьдралыг хэрхэн сайжруулах тухайд зорчигч иргэд бүтээлч санал яриа ихээр өгүүлснийг түлхүү орууллаа. Та бүхэн ч гэсэн саналаа харамгүй нэмж үлдээнэ биз. Амьдрал баян болохоор яахав, бас нэг эмэгтэйн хөнгөн хийсвэр адал явдлын сургаас ч оруулсан байгаа.  

5

1. 100 хувь эрүүлжихээр шийдсэн гэр бүл

6

З/залуу/ -Чи бид хоёр сая нийт хэдэн төгрөгийн эм авчихав аа?

Х/хүүхэн/ -260 мянгад авчихлаа ш тээ.

Залуу цүнхээ ухан хайрцаг боодолтой зүйлийг гарган эргүүлж тойруулан үзэж байна. Миний саваагүй зан хөдлөн “Энэ юуны эм юм бэ” гэж асуулаа.

Х -Өөн энэ Таншиний бүтээгдэхүүн гэлээ.

Өөр зүйл нэмж хэлсэнгүй гаргасан мөнгөө л бодоод байгаа бололтой  амандаа нэг хэдэн тоо хэлэн тооцоо хийсээр.

З -Отгоо өөрөө энийгээ хэрэглэдэг гэж байна уу?

Х -Өөрөө хэрэглэж байгаа гэсэн, магтаад л байна лээ. Нүүр царай нь ёстой аягүй гоё болчихсон байна лээ.

З -Чамайг чинь юу юу чинь болохоо байсан байна гэвээ, тэр оношилгоо нь.

Х -Надад өвдөгний яс ургаж байна гэсэн шүү. Яагаад гэвэл кальци уураг дутагдсанаас болж байна гэсэн. Хитозана-г бас уу гэж байна. Тэгээд намайг хамгийн их анхаарч зовж байгаа зүйл чинь вэ гэсэн. Тэгэхээр нь би тархи байна, бусад нь яахав дараа нэг больё гэсэн, тэгээд тархиных нь эмийг ахиу авлаа. Хөл чинь яс ургаад байгаа юм байна, хааяа нэг хатгуулаад яваад байгаа биз дээ гэж яг л хэлж байна лээ шүү.

З -Энэ тэгээд зарим нэг юу нь, худлаа яриад байх юм. Хоолой моолой өвддөг юм байна гээд.

Х -Чамд хоолой бол өвддөг юм байхгүй байх тэ?

З -Минийхийг бол бараг ихэнхийг нь худлаа л хэлж байна даа.

Х -Минийхийг бол яг үнэн хэлсэн. Хоёр гуравхан эрүүл эрхтэн байна гэсэн.

З -Аан мэдэхгүй, дэмий л мөнгөө барчихав уу яав.

 5

Нэг сүлжээний бараа гэдэг эрүүлжүүлэх эмийг 260 мянгаар авчихсан хоёр сүүлдээ авсан нь зөв буруу гэж маргалдах маягтай болж ирээд буулаа. Залуу нь шал худлаа оношилж эмээ шахах гээд байсан гэж хэлснээс болж нөхөр нь эхнэртээ муу санаатай, хүн мөн бишээрээ нэлээн дуудууллаа.

Миний хувьд энэ хоёрыг өрөвдлөө. Гаднаас нь хараад хүнийг үнэлж хэмжиж  болохгүй л дээ. Гэхдээ тэр хоёр тийм ч их боломжийн амьдралтай харагдахгүй л байсан юм л даа. Гэтэл 260 мянгаар 14 хоног уух бүтээгдэхүүн авсан бололтой. Надад мэдэхгүй байж сайн муу гэж хэлэх юм алга, гэхдээ сүүлийн үед дахин төрсөн мэт эрүүлжүүлдэг шидтэй эм бэлдмэл ямар ч их болсон юм. Одоо бодвол тэр Солонгос, Хятаддаа бүх хүнээ эрүүлжүүлээд 100 наслуудаг болчихоод хөөрхий монголчууд биднийг харж үзэж эрүүлжүүлэхээр наашаа явуулсан ч юм уу. Тэнд байдаг үнэнээс нь хямдхан өгч байгаа юм гээд л зурагтаар яриад байдаг болсон байна лээ. Хэрвээ тийм бол наймаа лав биш, ашиггүй ч юм шиг. Жоохон баримжаатай ойлголттой болж байж ийм төрлийн зүйлийг авч хэрэглэж баймаар юм аа, манайхан. 260 мянгынхаа 60 мянгаар нь монгол сайхан аарц аваад орой болгон буцалгаж уугаад байвал бөөн кальци байгаа даа. Амьдарч байгаа орчин, амьсгалж байгаа агаар, хэрэглэж байгаа хоол унднаасаа болоод Хятад, Солонгос, Монгол хүний бие организм өөр онцлог дархлаатай л баймаар юм даа. Өдөр тутам буруу хоол хүнс хэрэглэж дэглэмгүй амьдарч байж нэг үнэтэй эм бэлдмэл уугаад шууд 100 насалчих гээд л байх юм даа бид. Ер нь бол хүн өвчин хайлгаад элдэв шинжилгээ өгвөл бүгд л нэг байтугай л өвчтэй гарах байх. Тэгж өөрийгөө хямраах хэрэг байна уу даа. Манай нэг найз ярьж байна лээ. Зүв зүгээр ажлаа хийгээд инээж явсан найз нь саваагүйтээд цогц шинжилгээг 200 мянгаар хийлгээд, тэгсэн тав зургаан хавдар шахуу өвчтэй юм байна гэж гараад. Өнөө залуу хөөрхий айж сэтгэлээр унаад хамаг мөнгөөрөө нөгөө нөхдүүдийн эмийг авч уугаад хүнтэй ч нийлэхгүй зожгироод бөөн дарамтад яваад байсан. Тэгж тэгж зүгээр хаяад хуучнаараа амьдраад эхэлсэн царай зүс нь сайжраад хүн төрхөө олоод ирсэн гэж. Тэгээд дараа нь нэг Солонгос яваад шинжилгээ өгсөн юун тийм олон хавдар архаг өвчин байхав. Хямралаас шалтгаалсан сулрал ч гэлүү юм болсон байна гэсэн гэж байгаа. Цагаасаа эрт шаналах хэрэггүй бил үү, нэг дуу байдаг биз дээ. Эрүүл мэнддээ анхааралгүй л яахав. Гэхдээ яаж гэдгээ сайн бодмоор байна шүү. Энэ сүлжээний юм зардаг бие биенээ хошгируулдаг хүн муутай улс бас их болсон байна аа. Тэдний бай болсон эр эм хоёр нь надтай таарсан нь энэ. Хөөрхий хамаг мөнгөө шавхаж эм авсан болохоор үлдсэн мөнгөндөө тааруулья гээд 4 км явж буугаад, цаашаа эмээ тэврээд алхаж байна шүү дээ.

 5

 2. Хонуут явсан хүүхэн

 

Дээр би такси №8-д билүү бичиж байсан даа. Сэлэнгийн нэг залуутай зад саваад, нөгөөдөх хүүхэн шуухан олно гэж хүндрээд буудалд хүргэж өгөөд салсан гэж. За тэр бааранд чинь согтоод нэг залууд өөд нь татуулаад, өглөө нь буудлаас гарч яваа нэг хүүхнийг гэрт нь зөөлөө.

 5

Хүүхэн урд суугаад сансар ороод, тэгээд офицер орьё гэхэд нь хоносон архи сэнхийгээд л явчихлаа.

 5

Утсаа асаан хуримтлагдсан мессежүүдээ уншиж байснаа нэг дугаарыг онцлон анхааралтай харж байснаа залгалаа.

Х/хүүхэн/ -Өө за, аан харин эгчийнд хоносон утас цэнэглэгч байхгүй тэгээд утас унтарчихжээ. Найз нь одоо гэр рүү явж байна. Чи манай гэр рүү гүйгээд охиныг Чимгээгийнхээс орж аваад байж байгаач хөө. ... аанхан. Танай ажлаас ойрхон шүү дээ. Энкүүш чамайг Баагий ах хэзээ ирэхийн, хонуутаар тоглох юм уу гээд л хөөрхөн ш тээ, чамд их сайн байдгийн миний муу нялх. Өө тийн хайр, би  нөгөө шалгалтандаа тэнцсэн. Гэхдээ болоогүй ш тээ одоо дахиад зөндөө шат байгаа. За би хариад утсаа цэнэглээд тэгээд эргээд залгая за, чи охиныг түр аваад байж байгаарай хөөе гэж ялдмаар хэлээд утсаа салгалаа.

Бөглөө ч овоо байсан тул шөнөжин шоудсанаас ядарсан бололтой бусгүй түшлэгээ налуулж аваад унтчихлаа. Тунелийн уулзвар ирж явтал утас нь дуугарлаа.

Х -Аан яасан гэнээ за, өө би хаячихаж гэж бодоод явж байсан юм кк. За, өө би одоо танайх руу явж байна. Дайраад гарья гээд. Энэ утсыг тийн өчигдөр би унагаачихсан байна тэ, новш гэж даанч нэг сонин яриа нь цуурайтаад байсан юм. ...Өчигдөр яаж байгаа юм, намайг хаяад явдаг гэж хүүхэн айлгүй янзтай дуугарснаа над руу хялам хийгээд цонх руу харж яриагаа намсгалаа. Хахаха.... аан, тиймүү, хахаха ...Үгүй ингэсэн гэж байна лээ. Нөгөөдөхөөс чинь би асуусан чинь дөрвүүлээ цуг гарсан за юу, тэгсэн ингээд алхаад явж байсан. Бид хоёр урд нь алхаад явж байсан гэсэн. Тэгсэн чинь нэг эргээд харсан чинь та нар байхгүй болсон байсан гэсэн. Тэгсэн нөгөөдөх чинь намайг... ингээд аваад явчихгүй... ккк.... Ёооё тийм үү, мэдэхгүй би бүүр юу ч санахгүй байна лээ. Тэр архийг уугаад ...та хоёр яасан тэгээд аятайхан аргалаад яваад өгсөн үү. ...Тийм байлаа, аягүй аятайхан юм хуманд орчихсон байна лээ. Тийн, тийн өглөө бас аятайхан байгаад, цай унд уугаад, тэгээд би найздаа таксины мөнгө өгөөч гэсэн чинь найз нь ёстой өчигдөр байдгаа барчихжээ л гэж байна лээ. Өчигдөр тэр бааранд бүх тооцоог хийсэн юм уу тэ, тэгээд за за найз нь ингээд явлаа л гэсэн... Тийн ккк, толгой өвдөж үхэх нь ээ, чиний толгой зүгээр үү хахаха, саваагаад хаячих юмаа... хаха. Би өглөө 7 гээд чам руу залгасан утас чинь салчихсан байсан. Би тэгээд бас санаа зовоод энэ одоо нөгөө хүүхдээ цэцэрлэгт аваачиж өгсөн юм боловуу яасан юм бол гээд, заза найзуушка найз нь тэгж байгаад ярья. Тийн одоо гутлаа сольчихоод тэгээд охиноо хүргэж өгнө. Тэгээд ажилдаа очдог юм уу яадаг юм. Мэдэхгүй ээ сая ярьж л байна. Хаана хоносийн гээд, би одоо өчигдөр баахан улстай утсаар ярьчихсан байнаа тэ.

5

Бүсгүй сансарт нэг байрны гадаа найз бүсгүйтэйгээ уулзан, цүнх бас нэг гутал барьсаар буцаж ирлээ. Тэгээд машинд суунгуутаа гутлаа сольж өмслөө. Найзууд ч сайхан шүү тэ гээд над руу харж, дүү нь өчигдөр хамаг юмаа хаячихаж гээд шаналаад яваад байсан харин найзушка маань минь аваад хямгадчихсан байна. За нэг санаа амарлаа, харьж охиноо хүргэж өгье гэж шартсан хэцүүдсэн царай нь засраад инээмсэглэл тодроод явчихлаа.

6

3. Хуучин машинуудаа актлая

 5

Модны хоёрын буудлаас нэг халмаг дуу эр сууж Маршал таун явья гэлээ. Очих газар хол, бөглөө ихтэй тул бид хоёр замын бөглөө утааны тухай хууч хөөрлөө. Манай зорчигч 50 орчим насны эр байсан бөгөөд Орост сурч, бас арилжаа наймаа ч хөөж явсан, одоо урагшаа Солонгос тал руу гүйдэлтэй болсон сүрхий гүйлгээ ухаантай, бизнес сэтгэлгээтэй, шаггүй боловсролтой эр байлаа.

5

З -Оросод одоо хуучин тэрэг байхгүй болсон байна лээ дээ. Манайх бас энэ машинууддаа парк шинэчлэл хиймээр байгаа юм даа.

Т -Орос яасан гэж?

З -Шууд он заагаад хөгшин бүх машиныг улс нь мөнгө гаргаад 1000 доллароор билүү дээ худалдаж аваад актлаад лааз болгож ашиглалтаас гаргасан. Зам нь зүгээр цэлийгээд л явчихаж байгаа юм. Хүмүүс нь мөнгө нэмээд он залуу шинэ машин аваад эхлэхээр нөгөө машины хар утаа эрс багасаад ирсэн байхгүй юу. Том гүрэн том хөдөлж байгаа юм л даа.

Одоо Лада бол бараг байхгүй болсон гэсэн. Манайх ч гэсэн одоо арай дэндүү болсон зарим машиныг тэр цэвэр агаар сангийн мөнгөнөөсөө худалдаж аваад акталж устгамаар юм. Мөнгө нэмж чадах нь нэмээд шинэдүү тэрэг авна, чадахгүй нь тэгээд аргаа бодно биз. Манайд энэ их машин ингэж бөглөрөх эдийн засагт  муу л даа. Энэ их хий дэмий шатаад байгаа бензин дизелийг өөр бүтээн байгуулалтад  зориулбал ямар их ажил босгох бол тийм ээ. Өрхийн эдийн засагт ч хортой. Би дотроо тэгж боддог юм ш тээ. Буруу ч байж магадгүй. Манайхан морьтойгоо машинаа зүйрлэдэг. Юу гэдгийн том машин унах юм бол сайхан морьтой байна, жижиг машин унаж байвал нэг хонины морьтой байгаа юм шиг гэдэг ч юм уу кк.

Т -Хотод бол том машин төвөгтэй л санагдах юм.

З -Харин тийн, татвараар жоохон барих хэрэгтэй. Хотод том машин явах бол илүү өндөр татвар авдаг байвал хүн болгон үргүй зардал ихтэй том тэрэг унаад байх уу, яахав бодох л ёстой байх тиймээ. Төрийн байгууллагууд одоо болимоор байна. Том ланд дотор ганц дарга суулгаад л хотоор холхиж бензин шатаагаад яваа харагдах юм.

Т -Дугаар хязгаарлахыг та юу гэж бодож байна?

З -Яахав дээ өөр орнууд хэрэглэж үзээд хэргээ барсан аргыг л авч үзэж байна. Гэхдээ түр аргацаасан л зүйл шүү дээ. Хотоо тэлэх тухай л ярих хэрэгтэй. Ойлгомжтой байхад л хуучин арга барилаараа үзээд л байх юм даа. Эх орон хэцүү байна аа. Социализмийн үед муу юм байсан хаадаг хорьдог гээд, гэхдээ сайн юм бас байжээ.

Тэр суурин дээр бид баахан амьдарлаа. Энэ нийслэл гэхэд социализмийн үеэсээ гадагшаа 10 км тэлсэн юм уу. Тэгэхэд хүн ам нь 300 мянгаар нэмэгдсэн гэл үү. Цахилгаан станц одоо л барих тухай ярьж байна. Нэг айл авч яваа хүн ч гэсэн тог нь ачааллаа дийлэхээ байвал нэг трансформатор босгоё гэнэ биз дээ. Эхлээд 1000 айлын орон сууц  барья гэж мөнгө үрж, шав тавьж байснаа “өө тог цахилгаан дулааныг нь яах юм бэ” гэж дараа нь ярьдаг улс даа, эд нар. Даанч улсыг авч явж чадахгүй байна. Том эрдэмтэд эдийн засагчдын баг улс орныг авч явах хэрэгтэй. Эд нар яахав гишүүнээ, сайдаа хийж л байг. Хэн ч булаацалдах гээгүй ш тээ. Гүйцэтгэх засаглал байж л байг. Гэхдээ бодлого төлөвлөлтийг бол чаддаг туршлага судалсан тооцоо гаргалгаа, төлөвлөлтийг нарийн аймаар нягт хийж чаддаг улсаар хийлгэх хэрэгтэй шүү дээ. Одоо 5-р станцыг газар олдохгүй байна гээд хотод барих гээд байх юм. Миний бодлоор бол төв аймаг тийш нь баримаар байгаа юм. Тэгж л байж хот тэлнэ. Бүү мэд ээ, ямар гээч тусгай ухаантай нь улс төр бариад байдаг юм. Нэг л юм үнэн шүү. Орос, Хятад хоёр яагаад ч Монголыг хүчирхэг улс болгохыг хүсэхгүй, би тэгж л боддог юм.

Т -Тэр ч үнэн байх аа, гуравдагч орон, түншийн тухай яриа яваад л байдаг байсан даа.

З -Солонгосын Ким Дэ Жүн билүү ерөнхийлөгч нь хэлсэн байдаг юм билээ. Манай улсыг бол эрдэмтэд, эдийн засагчид удирддаг. Харин Японыг бол Якуза буюу мафиуд удирддаг. Тийм болохоор бид хөгжлөөрөө Японыг гүйцэх цаг удахгүй, бидэнд ирээдүй их байна гэж хэлсэн байгаа юм. Энэ үнэн шүү, манай эдийн засаг хөгжлийн бодлого, төсөв энэ тэрийг эдийн засагчдийн хүчирхэг баг л боловсруулж гаргах хэрэгтэй. Алтанхуяг ч, Баяр ч тэр, бид нар одоо бараг бүгдээрээ нэг үеийнхэн. Ойролцоо л боловсролтой. Улс төр хийгээд нам авч яваад л эдийн засгийн мэдлэг боловсрол нь аймаар өндөр болчихдоггүй л юм бол адилхан л хэмжээний сэтгэнэ. Гэтэл улсыг авч явна гээд бүх юмыг ганцаараа шахуу мэдэх гээд байх юм. Улс авч явна гэдэг чинь нэг хүний юм уу, 15 сайдын л хийчихдэг ажил биш л дээ. Маш сайн шигшигдсэн багаар бодлого тооцоогоо хийлгүүлээд тэрийг нь батлаад хэрэгжүүлээд байхад л болоо ш тээ ...

 6

 4. Тэр, ногоон тор хэрэггүй   

 6

Нэг настайвтар эгч Саруул захын цаана хүргээд өгөөч, бөглөө их гээд такси зогсохгүй байна гэж өрөвдмөөр гуйлаа.

Эгч авгай маань бөглөөнд их бухимдалтай байсан тул би тайвшруулахаар яриа өдөж “За эгч минь бухимдаад яахав, хойтон жилээс дугуйн зам тавигдана гэсэн. Тэгэхээр залуучууд ойр хавьд гэртэй нь бүгд дугуй унаад энэ төвөөр байдаг бөглөө нам болно” гэв.

6

Э/эгч/ -Ээ мэдэхгүй, би гайхаад л байх юм. Энэ одоо явган хүний зам алга болоод байхад хаагуур нь дугуйн явах зам тавих гээд байгаа юм. Одоо манай тэнд нэг нарийнхан зам засч тавьсан чинь явган хүний зам алга болсон. Нэг жижигхээн юмны ирмэгээр ингээд, цирк дээр нөгөө утсан дээр явж байгаа хүн шиг явах болдгийн. Тэгээд мань мэтийн маажиг улс нь явж чадахгүй замаар нь л машинтай зэрэгцээд та нар шиг жолооч нарт загнуулж адлуулаад нэг явдаг юм. Мөн ч их худлаа ярих юм даа бүтэх ч юм байхгүй. Алив энэ бөглөө хэдэн хувиар ч гэлээ алга болно гэсэн бахь байдгаараа. Улс орон хэцүүдэх нь ээ, хүүхдүүд минь яана. Тэр дугуй гээд одоо нэг нь баахныг авчирч зарах байх даа. Аягүй бол маний дугуй явахгүй, тэр даргын зарсан дугуй л явна гэх биз. Эд нар ерөөсөө дандаа тэгдэг юм. Нэг юм хийлээ гээд энийг л ав тэгэхгүй бол болохгүй гээд л суучихна. Тэр хогны уут шигээ л юм хийнэ.

Т -Танайд тэр уутнаас өгсөн үү?

Э -Өгсөн өгсөн. Тэр нь дороо цоорно. Ёстой хариугүй, овоо том юм байна гээд би нэг хуучин гутал хувцас хийгээд полкон дээр гаргах гэсэн чинь  ёроол нь ханзраад урагдсан.

Т -ккк тэгвэл хог яаж даах вэ дээ.

Э -Зүгээр одоо нэг уутнууд байгаа ш тээ хог хийдэг. Миний дэлгүүр энэ тэрд байдаг. Тэд нар чинь аягүй бөх, хэчнээн ч юм хийсэн даагаад байдаг юм. Тэр ногоонд найдаад, нэг хаа гуя хоёр хийх юм бол найдваргүй тэгээд л цоороод гээгдэнэ. Хог даахгүй юм билээ, тэр уут. Бас л нэг хүний бизнес байх. Ухаандаа чи л оруулж ирж байхгүй юу. Би тэгээд тэрний мөнгийг нь улсаас авч чамд өгч байгаа байхгүй юу. Чи нэг том хүний хамаатан л байхгүй юу, ойлгомжтой юмыг... Үгүй ээ, нэг нэвтрүүлэг үзье гээд гарсан бүр өнгөрлөө.

Т -Ямар нэвтрүүлэг вэ?

Э -Нөгөө монгол коммент тэрийг нэг оройд харчихаад байдаг юм.

Т -Та тэгээд комментоор юу харах гэдэг юм бэ дээ?

Э -Яахав дээ, хов жив. Хүмүүс яг үнэн ярьдаг юм ...

 6

Улс төр нийгмийн амьдралын тухай шаг хийсэн өөрийн бодолтой явдаг эгч гэртээ буугаад “хэ ингэж бөглөрөөд чи мөнгө хийхүү дээ, би чамд 500-г нэмж өгье” гэж намайг гялайлгалаа.

 6

5.Машин зурчихаад байх юм

 6

Орой 19 цаг гээд их дэлгүүрийн урдуур гар өргөсөн улс ёстой жагссан байлаа. Би ч арай холыг нь харж байгаад 5 шар гэсэн ачаа бараатай, хүүхэд тэвэрсэн эмэгтэйг авлаа. Гэтэл нэг сэргэлэн эр “хөөе, би 10-р хороолол хүрнэ мөнгөө өгөөд явчихья” гээд шууд үсрээд ард суучихлаа.

Ингээд гурвуулаа болж аваад хөдөллөө. Зам таг бөглөрч байгаа тул бид гурав дуу дуугаа авалцан буу халж эхэллээ. Эхний сэдэв маань хүйтэрч байгаа тул машинаа хаана тавьцгааж өвлийг давах талаар ярилцлаа.

6

Х/хүүхэн/ -Манайх чинь яг хотын төв болохоор гарааш гэж алга. Тэгээд цонхоо бараадуулаад л байр олж тавина шүү дээ.

З/залуу/ -Би ч яахав байрныхаа ард нэг тоосгон гарааштай.

Х -Өө чи ч тэгвэл айлтгүй юм байна. Ил зогсоол дээр тавих ч бас л осолтой шүү дээ.

Т -Хулгай тонуул гээд үү?

Х -Тэр нь ч яахав гайгүй л дээ. Бас тэрүүхэндээ зогсдог газруудаа өмчилчихсөн маягтай. Эрт очоод нөгөө тавьдаг газар нь тавьчихаар шогтоно шүү дээ.

Т -Хэрүүл болох уу?

Х -өө үгүй, улаан хэлж чадахгүй. Нийтийн талбай юм чинь. Харин өөрөөр үзнэ, тэд нар чинь. Дугуйны хий гаргана, сэмхэн зурна, балайр ёстой.

З -Зун тусдаа гараашт бол яг тэгдэг юм. Үүдэнд машин тавьчихаад алга болчихно, ёстой уур хүрээд заримдаа ч зураад хаячихмаар болдог юм шүү.

Х -Би бол нэг зуруулаад л яршиг холхон тавьдаг болсон.

З -Би ч зурдаггүй юм. Чирээд л явчихдаг юм. Нэлээн хол аваачаад тавьчихдаг юм ккк.

Х -Би нэг зогсоол дээр бас түр орхиод орчихоод ирсэн чинь копуд зураад хаячихсан байгаа юм чинь. 10-хан минут хүлээчихгүй, утас байж байхад чинь. Тэгээд ёстой уур хүрээд, чи ёстой гараад мөргөлдөнө дөө гэсэн чинь аймаар. Нөгөө хүүхэн хөдлөөд шүргэлцээд би ёстой хачин болоод, ккк өөрөө ч мэдэхгүй уурандаа хүн харааж юманд хийгээд.

З -Одоо бөглөөнөөс гарах нэг л арга байна. УБ хотын дэд бүтцийг, бас яам тамгынх нь газруудыг бүр зах руу гаргамаар байгаа юм.

Х -Тэрнээс гадна энэ олон хаасан байгаа туслах руу эргэдэг замуудыг нээмээр байгаа юм. Их дэлгүүр рүү шууд эргээд ормоор байхад заавал Цэцэг төв юм уу, 4 зам орж байж эргэхээр чинь уулзвар дээр бөөгнөрөхгүй яах вэ дээ. Зүүн гар тийш эргэдэг замууд аягүй их хаалттай байгаа.

З -Бас явган хүний гүүрэн гарц их олныг хийх хэрэгтэй дээ. Гарцаар унжралдаад л нэг бол улаан гэрлээр урдуур гүйлдээд л хэцүү байгаа биз дээ. Тээр одоо наад хоёроо хар даа, ярьж дуусаагүй байхад ккк, тэр хөдөөний л хүүхдүүд байна даа.

Х -Бод л доо 500 метр яваад эргэх юман дээр чинь 2 км явж байж эргэхээр чинь эдийн засаг бензин тос, бөглөө гээд бөөн асуудал болж байгаа юм.

Т -Ганц гүүрэн гарц байгаа нь тэр, Хархорины буудлынх мөн үү.

З -Тийн ш тээ кк, одоо “баар” гарц болсон. Доогуур тунел ухаж их зардал болж байхаар үүгээр цэвэрхэн, хөнгөхөн салхины хаалттай гүүрэн гарцууд их олныг том уулзварууд дээр хийж өгмөөр байгаа юм.

Ийн бөглөрөө ярьж явтал залуу гэнэт өөр сэдвээр яриа өдөн хүүхнээс “чи аль нутаг вэ” гэлээ. Хүүхэн инээн “яахнав чи... Халхаа халх” гэлээ. Залуу “жолооч чи аль нутаг вэ” гэлээ. Би ч хотын л хүндээ гэлээ.

Х -Чи өөрөө аль нутаг вэ ингэхэд?

З -Би ч гэртээ байна л даа.

Х -Гэр гэдэг нутаг байдаггүй ш тээ.

З -Би энд, хотод төрж өссөн. Гэхдээ яасан гэхээр, би нэг жолоочтой муудалцахгүй юу. Нөгөөдөх хотынхон аягүй тэнэг гээд. Яасан гэсэн чинь хашаа барьчихна хашаагаа төмөрт тушаачихна, чийдэн тавина, чийдэнгээ хагалчихна, харанхуй болгочихно гэхгүй юу, тэгэхээр нь би хөдөөнөөс ирсэн цагаач нар ажлаа олохгүй, хашаа тушаагаад, чийдэн хагалаад байгаа байхгүй гээд хоёулаа муудалцаад. Тэгээд иймэрхүү юм ярих бол нутаг ус асууж байж ярихгүй бол хот хөдөө гээд муудалцаад байж боломгүй байна шүү дээ ккк.

Х -Анх намайг төрөхөд л 40 мянгатад байсан одоо гараагүй л байна.

Т -Өө би ч хотоо нүүж нэг бүтэн тойрсоон.

З -Сая цагдаагийн газар нэг мэдэгдэл гаргасан байна лээ. Нийт хэргийн 60 хувийг ч гэлүү хөдөөнөөс ирсэн залуус үйлдээд байна гэсэн байна лээ.

Х -Заримдаа ч хэцүү байна аа. Хогоо цонхоороо хаях юм. Монгол хүн тооноороо хог хаядаггүй дээ.

З -Хөдөөнөөс орж ирээд хотод 3 жил болсны дараа машин бариулдаг юм уу яадаг юм. Ерөөсөө толиндоо харахгүй явдаг бацаанууд аягүй их болсон байнаа, юманд хийчих гээд. Хөдөөнөөс дөнгөж ирээд ноолуураа тушаагаад бараг бүгдээрээ нэг аксент, энэ тэр хуучин машин аваад уначихсан дураараа явж байгаа юм чинь.

Х -Сая нөгөө Нийслэлээс нэг санал авч байна. Хотын хөгжилд гэлүү саналаа өгөөч гээд. Би тэгэхээр нь нэгдүгээрт гэж байгаад бичсэн юм. Одооноос хотын иргэн нэг төгрөгийн ч халамж авахгүй гэсэн журам гарга аа. Харин хөдөө шилжвэл хэд нугарсан халамж өгнө гээд. Тэгвэл энэ хотод ажилгүй хэрэг хийгээд байгаа нөхдүүд халамж бэлэн мөнгө авна гээд хөдөө рүүгээ явна биз дээ, би тэгж бичсэн.

З -Нөгөө 5-р цахилгаан станц барина гэсэн ш тээ. Тэрний төслийн нэг ажилд оролцоод очсон. Тэгсэн 5-р цахилгаан станцаа хаана барих уу гэсэн. Миний санал болохоор Шивээ-Овоо юм уу, Чойрт аваачиж барья гэсэн юм. Шууд нүүрсэн дээр нь аваачиж барих гээд байхгүй юу. Вагон тээвэр хийхгүй, уурхайн хажууд нь бариад, нүүрсээ бараг хүрздээд зуух руугаа шиддэг. Бүх эрчим хүчийг гадагш нь зарья. Одоо Сайншанд руу зарна, бусад аймгууд руу, УБ хот руу зарна. За үлдсэн жижигхэн тогийг нь Чойр болоод Шивээ-Овоод нь үнэгүй өгчих. Тэгэхээр зэрэг тийшээ энд байгаа үйлдвэр бүгд очно. Яагаад гэвэл цахилгаан нь үнэгүй. Дулаан нь үнэгүй, шугамаа тат дулаанаа ав. Кабелаа татаад ир тогоо ав тэгээд болчихож байгаа байхгүй юу. Хүмүүс тийшээ бизнес хийхээр нүүж эхэлнэ биз дээ. Энэ хотод байж байгаа хэрэгтэй хэрэггүй үйлдвэр нэртэй Хятадын эзэмшилд байж байгаа газрууд бүгд алга болно. Энд байгаа хэд чинь тогны үнэ өсөхөөр эндээс нүүе гэнэ биз дээ, тэгээд хотод овоо зай гарах гээд байна ш тэ, тэ.

Т -Тийн шүү сайхан санал байна.

Х -Шанд гэснээс сая нэг говиор явлаа. Хятад хүний хүүхэд гаргасан монгол хүүхэн үгүй мөн их байна аа. Бузартай юмаа ёстой. Өөр хэлэх үг ч олдсонгүй. Нэг далжийсан хужааг айлд хэвтэж байхаар нь бид нар зодох шахав. Цуг явсан жолооч эд нар зодох гээд, тэгэхээр нь “өө та нар хэрэггүй, бид нар” гээд 3 хүүхэн цохиод авлаа. Тэгсэн нөгөө хүүхэн нь шанагаа бариад дайрсан шүү.

З -Энэнтэй адил юмыг надад нэг найз маань ярьж байсан юм. Мань эр хөдөө их явна л даа. Судалгааны ажилтай нөхөр. Тэгсэн их сонин юм харсан гэнэ ээ. Яасан гэсэн чинь. Нэг айлд баруун зүүн хоёр орон дээр нь хөгшин залуу хоёр эр байх. Авгай өөрөө 6 хүүхэд гаргасан. Гэрийн том босс байна гэнээ. 6 хүүхэд нь бүгдээрээ нөгөө хоёрыг ааваа гээд байдаг. Тэгээд гайхаад хоёр залуугаас асууж амжаагүй, тэгээд авгайгаа асууж. За эгч минь ээ, энэ хоёрын аль таны нөхөр юм бэ, тэгсэн нөгөө авгай, настай нь миний өмнө нь сууж байсан 4 хүүхдийн эцэг юм байгаа юм. Нөгөө залуу нь миний сүүлд суусан хоёр хүүхдийн эцэг нь гэж. Тэгээд яагаад цуг байгаад гэхэд авгай “би анх энэ нөхөрт хаягдаад 4 хүүхэдтэй ганцаараа зовж явахад энэ залуу ирж тусалж хамт амьдарсан. Тэгээд хуучин нөхөр ядраад эргэж ирэхээр нь би бас хөөж чадсангүй. Одоо цуг байцгааж байна. Эгч нь өтлөх насандаа жаргаж байна оо” гэсэн гэнэ лээ, хахаха.

Х -Нөгөө муу хоёр эр нь цайрсан хогнууд юм л даа. Тэр хоёрыг эвтэй найртай байлгаж чаддаг овоо авгай юм даа.

З -Манай найз бас энэнтэй холбоотой юм ярьсан. Чи хоёр авгайтай байх хууль гарвал яах уу гэсэн юм байна.

Х -Хуулиа л дагана даа гэсэн үү.

З -Үгүй, тэгсэн нөгөө залуу нь хуульч яах вэ, ер нь хоёр хүүхэн хоорондоо л тохирчихвол болохоор юм байна лээ шүү гэсэн гэнэ ээ, хаха ..../бид гурав пир хийтэл инээлдэв/.

Т -Аль хэдийн хэрэгжүүлчихсэн нөхөр байна тэ хахаха.

Х -Наадах дээр чинь бас нэг онигоо байдаг ш тээ. Нөхөр нь хуулиа л дагана даа гэсэн чинь, эхнэр нь тэгвэл би тэр хоёрдох авгайг чинь маажнаа гэж. Нөхөр нь цочиж “яахнав чи, тэр нялх амьтныг” гээд хахаха, өөрийгөө бариад өгчихсөн  гэсэн... үнэн гэнэн хонгор эр байгаа биз ...хахаха.

 6

Хоёр эхнэртэй болох тухай энэ хошин яриа төгсгөлд орчихлоо доо. Өнөө бусад сонсож хэлэлцмээр яриа хөөрөө, хотын төвлөрөл бөглөрөөг арилгах тухай иргэдийн саналыг минь бүдгэрүүлээгүй байгаа даа. За гэхдээ, мэргэн уншигч та өөрөө мэдээд инээх газар нь инээгээд, тунгаах газар нь тунгаагаад оюун тархиндаа буулгах хойно...

Ингээд энэ удаагийн тэмдэглэл өндөрлөж байна. Та бүгдийн ажил тань бүтэмжтэй, алтан шар зам өлзийтэй байх болтугай. Баасанд эргэн уулзья...

 6

Үргэлжлэл бий ...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
zaya:
goy bna xogjiltei ym bna amjilt husii
2013-11-19
зочин:
хоовоон..догьшүү...яг л мглчуудын буцалсан амьдралыг бичих юмаа...манай хэдэн түшээд уншдаг болов уу? таксийгаа үргэлжлүүлээд бичээрэй..үнэхээр бодохоор зүйлүүд бас бна..өнөөдөрийн бичсэн бүх сэдвүүд яг амьдрал дээр байдаг бодит үнэн бна..чи бол гайхалтай...амтархан уншлаа..яг мглдоо бгаа юм шиг сэтгэгдэл байнга төрдөг..алгасалгүй бодит мэдээллийг хүргэдэгт маш их баярладаг шүү...ажа ажа хуатин ...
2013-11-17
haha:
эхнэр нь тэгвэл би тэр хоёрдох авгайг чинь маажнаа гэж. нөхөр нь цочиж “яахнав чи, тэр нялх амьтныг”
2013-11-15
окок:
хуулиа л дагана даа......хахахахахахахахаххахахахахахахахахахахахахахахахаха бүүр элгээ хөштөл инээгээд.тэгсэн авгай яасан бэ гээд уншаад.чи их дуртай байнааа тэээ гээд .нөгөө инээд минь ханиад болохоо дөхлөө
2013-11-14
ukrainaas:
neeree l 5 stantsiig xotoos hol gargaad bariwal towlorol bagasana daa
2013-11-14
ухаантан:
нээрээл дарга нарын ухаанаас тэр 3 дахи нөхөр, комметын авгай мэтийн энгийн ардын дунд л жинхэн хөгжлийн уурхайнууд байгаа даа би ч бас нэмэрлэмээр л байна
2013-11-14
irgen:
taalaglaa.bainga unshdag shuu amjilt
2013-11-14
amgaa:
za hoovondoo bayarlalaa neeree l hugjiltei hvvhen zaluu 2 suujee tegdee ter 2 nuhur jaahan bvltersen baina shvv mashintai uym bol mashinaa unaad yavah n yasiin 2 uulangiinh n mashini yavdaggvi udur taarsan uym baih daa xe xe
2013-11-14
jolooch:
tun dog xoowondo amjilt xusie daraagih.n xurdan gargarai gej xusie
2013-11-14
уншигч:
бусдыг нь хаанаас унших уу?
2013-11-14
эмэгтэй:
баярлалаа хоовонд.би бур унших гээд хулээдэг болсон.тун догь
2013-11-13
эмэгтэй:
баярлалаа хоовонд.би бур унших гээд хулээдэг болсон.тун догь
2013-11-13
эмэгтэй:
баярлалаа хоовонд.би бур унших гээд хулээдэг болсон.тун догь
2013-11-13
уншигч:
уншиж дуусгаад л дараагийн нь хурдан гараасай гэж хүсэх юм.
2013-11-13
hulguu.:
horjoontoi yum aa. 3 dahi zorchigch ih goe yarisan bn. svvliin hvvhen zaluu 2 ch gesen hugjiltui yum aa.
2013-11-13