Такси № 32
2013-11-06

Хоовон миний жирийн нэгэн өдрүүдийн тэмдэглэл хүрч байна. Яагаад ч юм юм ууж идсэн болон гэр бүлийн хүрээний хэрүүл тэмцэл хийсэн зорчигч ихтэй байлаа. Амьдрал юм болохоор хасч холилгүй байгаагаар нь орууллаа.

.

1.Харнаа чамайг, тамлагч минь

.

Замаас нэгэн залуугаар үзүүлж суусан хүүхэн таг дуугүй явж байснаа гэнэт “Сайхан урт намар болж байна шүү тээ. Гэхдээ өвөл аймаар болно гээд байна, үнэн байх аа” гэж яриандаа даарах мэт биеэ хураан яриа өдөв.

:

Т -Харин жил бүр л энэ жил аймаар өвөл болно л гэдэг болж. Хотын бид яахав дээ. Хөдөөний улсад л хүнд болох байх гэж би томроод авлаа.

Х -Харин тийн энэ жолооч нарт бүтээлэг, дугуй зарах гээд хүйтэн өвөл болно энэ тэр гээд бас сүржигнэдэг байх аа. Одоо энэ Чапи билүү, нэг амны билэггүй дурак байна. Аая тити осголоо үхлээ. Энийг л авдаг байж та нар ойлгоорой ч гэх шиг, машинд суух болгонд л ганцаараа ярьж байх юм. Одоо бүр залхаад ярихаар нь суваг сольж байгаа юм чинь. Энэ л байнга аймаар өвөл болно гээд муу амлаад байдаг болж.

Т -Сурталчилгаа хийж л хэдэн төгрөг олдог болохоор тэгдэг л байх л даа.

Х -Гэхдээ дэндүү их ганцаараа ярих юм аа ... Монголд гэхдээ сайхан юм даа. Хүн яагаад ч нэг өлсөөд үхчихгүй. Гадаадад бол хэцүү гээ биз дээ. Ажилгүй л бол өлсөхөөсөө өмнө сэтгэлээр унаад үхчихдэг юм биш үү, ккк.

Т -Тийн дарамттай хэцүү гэсэн.

Х -Монголдоо л амьдаръя гэж боддог болсоон. Манайхан залхуугаасаа л болоод байгаа юм. Тэрнээс монголд ч бас амьдрал байгаа шүү. Энэ хужаа нар тэгээд энд нь орж ирээд эзэлчихэж байна даа.

Би сая дулааны цахилгаан станцад төсөл дээр ажиллаж байгаад гарч байна. Тэр солонгосууд манай хамаг юмыг мэдэж аваад л байна. Хаанаа ямар сүлжээтэй, хаанаа эмзэг сул гэдгийг бүгдийг мэдэж байна. Тэр 5-р цахилгаан станцыг барья, туслая гээд л байгаа худлаа ш тээ. Манай хамаг сул талыг мэдэж авах гэж байгаа юм. Дараа нь нэг унтраалга сэмхэн дарчихаад л өө танайх манайхаас л юм ав тэгэхгүй бол асахгүй гээд суугаад байж ч магадгүй улс шүү. Манайхан хамаагүй цагаахан, хамаг юм хумандаа гадныхныг хутгалдуулах юм аа. Арай дэндүү. Манай энэ дулаан төсөл дээр лав нэг их туслаад байгааг нь би лав харсангүй. Ажиглаад л яваад байгаа харагдах юм. Хэцүү дээ ингээд  ... хүүхэн тасралтгүй ярьж байсан тул би чагнаж байгаад нэг амьсгаа авах хооронд нь амжиж орон яриаг нь тасалж

Т -Чи тэгээд уур чинь хүрээд төслөөсөө гарч байгаа юм уу?

Х -Арай ч үгүй ээ, гэр бүлийн асуудлаас болоод гэх үү дээ. Нөхөр хардаад хүнтэй үг солиулахгүй хэцүү байна кк. Тэгээд яршиг зүгээр, ажилгүй гэрт арзайгаад суугаад өгье гээд уур хүрээд өнөөдөр гарчихлаа.

Т -Тэгээд нөхөр чинь мэдвэл юу гэх бол.

Х -Тэгвэл гэж мэдсээн. Би одоо очиж аваад бид хоёр миний нийгмийн даатгалыг хаагаад тэгээд яах аа ярилцах гээд явж байна.

Т -Тэгээд чамайг ажлаасаа гарсанд баяртай байгаа юм аа даа?

Х -Аан хэн мэдэхэв, тэгээд хэд хоноод аягүй бол ажилгүй гэрийн буг гээд унах биз. Заримдаа бодохоор дургүй хүрээд байх юм.

Сүрхий яриа байсан хүүхэн гэнэт бодлогоширон дуугай болж утсаараа хэн нэгэнд мессеж бичиж гарлаа. Тэгснээ нөхөр рүүгээ залгаж гараад зогсож бай, би очиж байна шүү гэлээ.

СОТ-ын гэдэг ногоон байрнуудын гадаа очиж нөхрийг нь аваад Баянгол дүүргийн нийгмийн даатгал руу явлаа. Эхнэр нөхөр хоёр хоорондоо нэг их юм ярьсангүй. Дуугүй явцгааж байтал нөхөр нь чи энэ дэвтрийг заавал өнөөдөр бөглүүлэх гээд байх юм. 14 хоногтоо багтвал болоо шүү дээ гэлээ.

Х -Чи юу гээд... би өнөөдөр дуусгамаар байна. Чи ажлаа алдаж цуг явах ямар хэрэг байна аа. Өөр юмаа бод л доо гэж би хэлсэн шүү дээ. Тэр Мөнхөөтэй уулзаад мөнгөө аваад, банкны мөнгөө хийж бай гэж би чамд өдөр хэлээ биз дээ гэж уцаарлан хэлсэнд залуу дуугүй болж цонхоор харснаа амандаа үглэн ... Пи чинь гэлээ.

Одоо банкны мөнгөө өөрөө ол за, чи ямар байна, хүний мах идээд хэрүүл хийгээд байсан.

Н/нөхөр/ -за за би яаж ийгээд төлнө чи дуугүй бай банзал минь.

Х -За яахав харнаа чамайг. Муу тамлагч минь.

.

Эхнэр нөхөр хоёр ийн хэг ёг хийлцэн түр тар хийсээр би ч чих алт болж бөглөрөн байж арай гэж нэг юм ирлээ. Хүүхэн мөнгө төлөөд манай хоёр бууж танихгүй эр эм хоёр шиг л замын хоёр талаар алхан одлоо. Хартай нөхөр өөрийгөө болоод эхнэрээ нэлээн зовоож байгаа бололтой. Гэхдээ бас асуудалтай. Хүүхнийг ч нэг цувтай бор залуу буудлаас тун халамжтай найрсгаар суулгаж өгснийг хоовон миний энэ хоёр нүд нүгэл хурааж харсан юм шүү... Хэцүү юмаа... гэр бүл эвдрэхийг харах.

 .

2.Энэ яачихсан чих вэ, ээжээ

:

Өнөө Сандэй гэдгийн хажуугаас орой шуудайтай юм хум бөөгнүүлж барьсан ээж хүү хоёр суулаа.

Арван гурав, дөрөв орчим насны хүү урд сууж аан таны энэ ч шинэ машин байна даа, би машин мэднэ шүү. Жоохон дахиад яв л даа та. Хүү бага зэргийн хэл ярианы бэрхшээлтэй санагдсан тул би ч нэг их ярих гэсэнгүй дуугүй л явлаа.

Ээжээ, тэр хэдэн харуул нааш ир наад чихээ гээд зулгаагаад байх юм. Энэ яачихсан чих болохоороо ингээд чихнээс зулгаагаад байдаг байна аа. Ээж нь дуугарсангүй хэсэг байснаа “Миний хүү тэд нараас холуур л яв” гэв. Би ажиглавал хүү ч нээрээ нэлээн том чихтэй нөхөр байлаа. Уйдсан харуулууд тоглоом шоглоом хийдэг бололтой.

:

Х/хүү/ -Би өдөр усанд явчихсан та гайхсан уу. Тэр цайны газрын эгч ус аваад өгчих 1000 төгрөг өгчихье гэсэн байхгүй юу. Тэгээд яасан нөгөөх чинь намайг алга болчихлоо ус яав гээд тан дээр очсон юм уу?

Э/ээж/ -Тийн, тэгсэн.

Х -Би харин бөөн авчихсан, замаар зөөж гаргах гээд удчихсан байхгүй юу. Та намайг юу гэж бодов?

Э -Сав юмыг нь аваад хааччихдаг байнаа гээд л хараад байсан.

Т -Та хоёр зах дээр зогсдог уу. машин угаадаг юм уу?

Э -Сандэйгийн хавьд зогсдог юм.

Т -Юу хийх  үү?

Х -Ээж юм зарна, би ачаа зөөнө, юу л бол юу хийнээ.

Ээжийнх нь утас нь дуугарлаа. Нэг халмаг эр ярьж байгаа дуулдав. Хүүхэн чих жоохон хатуу бололтой утасныхаа дууг бараг л спикер дээр нь тавьчихсан юм шиг чангалжээ.

С/согтуу/ -Хөөе хоёр лалараа хаана явна. Би энэ гэрийн гадаа дэлгүүр дээр хүлээгээд байна. Ёстой өдчихсөн гар юм аа чи.

Э -..Бид хоёр харин энд такси барьчихсан явж байна шүү дээ. Одоо Дарь-Эх рүүгээ өгсөөд явж байна.

С -Чи нөгөө Түүгий дуракаас мөнгө авсан уу?

Э  -Өгөөгүй би өргүй гээд байсан.

С  -Муу шаалтуурыг маргааш ална аа, та хоёр хурдал, хөөе сонсож байна уу.

Ээж нь “за за” гээд утсаа тасалбал хүү ээждээ нэг зүйл шивнэлээ. Ээж нь ч тэр, би ч тэр сонссонгүй. Ээж нь “аан” гэж дахин лавлавал хүү дахин шивнэв.

Э -Яах гээв тэгж, зүгээр харья, гайгүй эрүүл байх шиг байна. Чи харин өглөө эрт босч яваад тэр усыг нь зөөж өгч дуусгаад мөнгөө гүйцээгээд авчихаарай за.

Хүү урвайн дуугарсангүй. Бодвол манай согтуу бас гэр бүлийн хүчирхийлэгч юм уу, ямартай ч хүүг зоддог бололтой. Тэгээд хөөрхий хүү согтуу аавынхаа дууг сонсоод айж харихгүй гэж байгаа болж таарлаа.

:

Дарь-Эхийн хоёрдох буудлаас хойш зам салж гудамж өгсөн нэлээн яваад нэг жижиг хүнсний дэлгүүрийн гадаа ээж хүү хоёр буулаа. Нөгөөх согтуу атаман цаанаас гуйван ирж байгаа харагдлаа. Хүү зүгээр ч айгаагүй бололтой юм зайлуул, нөгөөдөх согтуу чулуу нүүлгэж хөөж байгаа харагдлаа. Хүү зугтаан харанхуйд уусан алга болов. Хэцүү санагдлаа, хөөрхий хэчнээн хүүхэд ингэж хүнд хүчир ажил хийж, гэр бүлээ бас архичин аав, ээжийгээ тэжээж байгааг тоолж мэдэж байгаа дарга мяндагтан нийгмийн ажилтан байна уу, ер нь гэж бодогдлоо.

 :

3.Бөгжөө авчихсан

:

Нэг залуухан хүүхэн өөрөөсөө нэлээн хэд эгчмэд хүүхэнтэй суун буу халж гарлаа.

.

Э/эгч/ -Зайлуул Ганаа тэгээд одоо 3 жил болчихов уу?

Д/дүү/ -Тийн одоо ингээд 11 сард яг гурван жил болж байгаа юм байна шүү дээ. Дахиад жил болоод ирнэ дээ.

Э -Одоо ирсэн нь дээр, залуу улс хол дэмий.

Д -Тнх, би хэлээд байгаа, эртээр инээдтэй нөгөө бөгжөө зуун мянгаар тавьчихсан байсан  ш тээ би. Тэгээд гутал сайн зарагдаад, мөнгөтэй болоод авчихсан байхгүй юу. Тэгээд Ганаа руу яриад бөгжөө аваад гэсэн хаанаас мөнгө олоо вэ гэхээр нь гутал энэ тэр зарсан ч гээгүй. Доогий эгчээс мөнгө зээлээд авчихсан гээд хэлчихсэн ккк.

Э -Надаас уу кк, чи тэгээд надад эртхэн хэлэхгүй. Одоо надаас асуувал би юу ч мэдэхгүй гээд чамайг бариад өгчихнө байна шүү дээ ккк.

Д -Тэгсэн саяхан нэг ярихаар нь би, яанаа чи мөнгө явуулаа, би Доогий эгчийн мөнгийг өгмөөр байна гэсэн байхгүй юу. Тэгсэн харин мөнгө явуулнаа гэхдээ би наана нь Доогий эгчид аятайхан юм өгч явуулж баярлуулнаа гээд ккк, танд удахгүй бэлэг ирэх байх шүү.

Э -Хүүе яах нь уу чи, боль гээрэй зайлуул. Тэр юм явуулах чинь карго энэ тэр гээд аягүй их мөнгө гардаг гэсэн.

Х -Тэгэхээр нь би тэгээд хэзээ юм гэсэн чинь тэгж байгаад нэг мөнгө төгрөг гайгүй болоод ирэхээр гэж байна. Тэгэхээр нь би за яршиг аа, чи бид хоёр гайгүй болтол хэзээ ч юм гэсэн чинь, нээрээ тийм ч байх даа, за за очоод л бэлэг өгье гэж авсан ш тээ ккк. Бүр инээд хүрээд.

Э -Чи намайг баахан өөд нь татсан байнаа тээ ккк. Харин чи бөгжөө аваад зүүсэн харагдана лээ, хүн тэгээд эд юмаа зүүчихээр өөр, өнгө ороод явчихдаг байхгүй юу. Одоо дахиж битгий тавиарай, юм тогтохгүй шүү. Сайн муу ч нөхөр чинь мөнгө явуулж байхад, нөгөө Ариунаа бас хамаг юм аа тавьчихсан гэнээ сая надад ярьж байна. Чи бас тэгж байгаад их цамаан шүү. Түрүүн над руу алхаад ирсэн ээ, нөхрөөсөө мөнгө авангуутаа энүүхэн газар такси барина гээд л. Явган яаж явах юм ч гэх шиг ккк , нээрээ.

Д -кк харин тийн мөнгө хүлээж байгаад л авангуут л такси, дэлгүүр хоёр нүдэнд харагдаад байгаа юм чинь.

Э -За тэгээд өөрөө мэдэж байгаа биз дээ, чи энд туйлаад байвал тэнд нөхөр чинь мөнгөө гүйцээж хийх гээд удна шүү дээ айн, ккк.

.

Хоёр хүүхэн ийн гадаадаас илгээж байгаа хүний мөнгийг ариг гамтай зарцуулах талаар, миний бодлоор бол тун хэрэгтэй сэдвээр ярилцсаар Скай дэлгүүрийн гадаа буулаа. Манай хүүхэн тэсэхгүй шоопинг хийх гэж байгаа бололтой.

 .

4. Архи “босгодог” эр

.

Нэг сайхан махлаг зузаан залуу тун ч яаруу гар өргөлөө. Суунгуутаа “за хүнсний 20 мөнгөн завьяа руу гялалзаарай” гэлээ. Их л яаруу ажил гарч дээ гэж бодсон би ч бас яаруухан шиг явсхийлээ. Манай хүн нэг дугаар руу байн байн залгах юм. Нөгөөдөх нь ярьсаар л байгаа бололтой. Хэд хэд оролдсоны эцэст ашгүй нэг юм холбогдлоо.

З/залуу/ -Аан за сайн уу дүү... аанхан юу яах уу нэг .. юм ууж барих юм уу яахийн, тийн ах нь энд дөрвөн зам дээр л явж байна ...аанхан за за тэгвэл яахийн яахийн, за ах чинь яриагүй биз дээ. Өө намайг ярьсан гэж хэлээд хэрэггүй шүү, за салгалаа.  Яриаг сонсоод мань залуу өөр төлөвлөгөөтэй явааг гадарласан би ч явдлаа татаж тогтуун явж эхэллээ. Залуу хэсэг дуугай бодлогширч явснаа дахин нэг дугаар руу залгалаа.

:

З -Юу байна. За хотын төв чинь хаана байдгийн. Аан за, эмсийн хүрээлэн нь хаана байдгийн за кк, чи их муухай болжээ. Айн за яг хаана гэнэ ээ. Өө би одоо очвол ... шавар л гэж үү. Сондгойрно оо, за за хүн ийм л болж дээ. Өө би зүгээр, ганцаараа явна. Энд таксины хөгжим л дуугараад байна .Хаачих ч үгүй ээ, зүгээр энэ хавьдаа л эргэлддэг юм уу гээд. Өнөөдөр нөгөө явдаггүй өдөр нь, өө одоо явдаг болчихсон байна шүү. 10 болж байна ккк, тэгээд би очоод хэрэггүй юу тээ, за за зүгээр зүгээр би угаасаа зүгээр ярьсан юм ...

Хөөрхий манай залууг хүлээж авах баг олдохгүй байгаа бололтой.

З -За ах минь өнөөдөр чинь нэг л бүтэл муутай гараа хийж байх чинь дээ гээд цагаахан инээв. Би ч  үнэнээсээ инээд хүрч, найзууд чинь яагаад байна. Чи ингэж орой гарчихсан юм уу, чамаас ер нь зайгаа аваад, нэг бол чи нэг сайн хашрааж хүндрүүлсэн юм уу, нэг л биш дээ гэвэл мань эр дахин бодлогоширон ухаан зарж сууснаа дахиад нэг дугаар руу залгалаа.

З -Өө би байна аа таньж байгаа биз дээ. Тийн ккк яамай даа, сайн эр хүн, хаана байна гэнэ ээ, өө ашгүй би яг гадаа чинь явж байсан юм. За хөдлөхгүй байж байгаарай яг буугаад орлоо шүү гээд утсаа тасласнаа, эрлээ олсон хүн мэт баярласан харцаар над руу харж “Брай Хауз гэдэг чинь эндээс хаана билээ, аан ийшээ эргээд тэ, за гялс эргээд яваарай ккк. Гадаа нь байна гэчихсэн тэгээд пал хийтэл орохгүй бол гараад явчихаж мэднэ шүү ккк” гэлээ.

Би ч ухасхийгээд л 2-р төрөхийн урдуур дөнгөж эргээд зогслоо.

З -За ах баярласан, энэ болно биз дээ гээд 2000 төгрөг сунгаснаа, болно биз дээ гэж дээ,  өөр мөнгө дүүд нь байх ч үгүй гээд пар пар хийтэл инээгээд бууж зам гаран гүйлээ.

.

Нэг бодлын элдэв бодол стрессгүй сайхан эр ч юм шиг санагдлаа. Харахад гайгүй л залуу, ийм их шоудах донтой болчихдог юм уу бүү мэд... гэхдээ хөгжилтэй эр байгаа биз тийм ээ, ккк.

 .

5.Аваргыг танина шүү дээ

 .

Шөнө нэг цаг өнгөрч байхад өргөөгийн урд зам дээр нэг согтуу эр гуйвж дайван гар өргөж байлаа. Машинууд нэг хааз хасч харчихаад явчихаад байлаа. Би ч адилхан эр хүн, гайгүй шиг яваа юм бол хүргээд өгчихье гэж бодоод зогслоо.

Өө за баярлалаа, энэ хойшоо бичилийн ард найзынд хүргээд өг. Май мөнгөө өгчихье гээд 2000 төгрөг сарвайж байна. Очих айлаа олно биз, олохгүй хайгаад хүндрээд байхгүй шүү, найзаа гэж сануулаад би хөдөллөө.

:

З/залуу/ -Би Сэлэнгийнх, яагаав нөгөө шинэ аваргын тогооны хүүхэд байна даа.

Би төрсөн ахыг нь сайн танина даа. Надтай нэг анги байсан юм Эрдэнэ-очир гээд, тийн гайгүй эр байдаг юм. Онжав байгаа юм гэж хэлээ орооцолдуулан ярьж гарлаа. Нэлээн согтуу ярьж байгаа тул яриаг ойлгох гэж би их анхааралтай сонсох хэрэг гарав.

З -Бяртай байлаа, сайн барилдсан шүү тэ, манай Эрхэмээ.

Т -Тийн, хүнийхээ хувьд ч гэсэн зүгээр эр хүн санагдсан шүү.

З -Аан тэр яахав аварга болчихоор нь та нар бүгдээрээ долигоноод магтаад байгаа байхгүй юу, юм бий л дээ. Гэхдээ тэр яахав, сайхан барилдсан шүү тэ. Энэ хойшоо эргээд замаас салаад жоохон яваад болоо. Найзындаа очиж ганц юм янзлаад тэгээд бас буцнаа би чинь.

Т -Чи тэгээд хотод ажил хийдэг юм уу?

З -Би нөгөө юу, юутай, блогны үйлдвэртэй байхгүй юу?

Т -Блокны юу?

З -Аанхан тийн, чи яг зөв хэлж байна блог гэж, цагаан блог байдаг, тийм блог цохидог юм. Би гэхдээ нэг их томрохгүй ээ, дуугай л байдгийн хүн амьтанд.

Т -Энэ барилгын салбарыг дэмжинэ зээл өгнө гээд байсан. Та нарт юм очиж байна уу?

З -Өө яг яг, тэрийг чинь авсан, сэхсэн. Бага өгсөн л дөө, надад тэрбумыг л өгсөн яахав. Бас мөнгө шүү тээ. Тэрүүгээр нь үйлдвэрээ явуулж байгаа яахав, болоо. Засаг дэмжсэн шүү. Тэр цементийнхэнд уг нь 400 тэрбумыг билүү өгсөн юм байна лээ ш тээ. Новшнууд юм хийж чадаагүй ээ, хэрэг байхгүй. Би хүртэх юм аа ч хүртсэн, өгдөг юмыг нь ч өгсөн. Хийх юм аа ч хийсэн...яахав. За баруун эргээд нэг харайгаад орчихно доо.

.

Тун ч эвгүй замаар явсаар найзынд нь буулгаж өглөө. Мань эр буухдаа над руу за баярласан, уг нь мөнгө байна, даанч бүхэл болохорр нэмж өгч чадахгүй нь гэж надад баярхаж аваад бууж хашаа руу орлоо.

 .

6. Өр аавын нэр дээр байгаа

.

Хоёр хүүхэн бас ууж идсэн бололтой. Өндөр хүүхэн урд суунгуутаа төмөр зам гэлээ.Арын хүүхэн яриа өдөж “Чи нээрээ өдий болсон авгай, ханиаданд дарлуулаад айн, ингэж байж хүндрүүлээд...” гэв.

.

Х/хүүхэн/ -Би өртэй, үхэж болохгүй, үхэхгүй ч байх. Өртэй хүнийг чинь бас тийм амар аваад явчихдаггүй гэж байна шүү.

Н/найз/ -Тийм байх оо, нээрээ.

Х -Гэхдээ өр аавын нэр дээр байгаа л даа. Би чинь давхар зээлдэгч болохоос.

Н -Паах ямар сэжгийн хүүхэн бэ чи, балайр юм яриад.

Х - ..................... дуугарсангүй дуу аяллаа... Чи тэгээд ийм орой үсчинд ороод эвгүй гар юм аа.

Н -Баардах гэж үсчинд орсон чинь, ямар эвгүй юм бэ. Одоо миний найз гоё дээрээ тавьчих тэгээд баардья.

Х -Бас болно оо.

Н -Айн яанаа гэнээ.

Х -ёооё нэг ирж байхад нь тэгье гэж хэлэх ч хэцүү, үгүй гэж хэлэх ч хэцүү аягүй хүнд байна л даа. Бас дээр нь Чингис хааны төрсөн өдөр гээд байдаг.

Н -За тэгвэл урагшаа юу, хаашаа орох уу?

Х -Хатгаатай хүн дагуулж баардаад байгаарай чи.

Н -Хаха, хоёулаа дээр нэг тасраад л ханиад нам болоо биз дээ. Нээрээ чи сарнай барьсан зураг чинь гоё зураг байна лээ шүү. Хэн сарнай өгсөн юм бэ?

Х -Өө нэг найзын төрсөн өдөр болоод л.

Н -кк өөрт нь өгсөн юм шиг л барьчихсан, малийтал зогсож байсан ш тээ.

Х -Өөр надад хэн сарнай өгөхөв. Найздаа сарнай бэлэглээд, тэгээд өөрсдөө бариад зургаа авахуулчихсан юм. Ойрд ёстой ядаргаатай байна аа. Би ч тарианд орох юм шиг байна тээ. Чи юугаар ирсэн бэ вагоноор уу?

Н -Машинаар ирсээн

Х -Нөгөө найз нар чинь байхгүй байгаа юм уу. Хатгаатай хүн бааранд чирж орох гээд байх юм.

Н -Чамтай л орно доо, заавал ккк.

Х -Би нээрээ бас вагон тосох юм байна шүү.

Н -Өө ашгүй.

Х -Юу нь ашгүй байна аа ?

Н -Эрт босно гэсэн үг биз дээ ккк.

Х -Өнөөдөр Мийгаатай хэрэлдье гэж бодож байсан болихоос, чамайг явсны дараа хэрэлдэхээс.

Н -Яаж  байгаа юм, юу болсон юм?

Х -Өө яахав чамайг явахаар л больё. Аягүй бол худлаа найзыгаа харчихаад томорлоо гэх байлгүй.

Н -Яалаа гэж хэрүүл хийх гэж байгаа юм?

Х -аан, дургүй хүрээд байна аа. Дээр нь бас нэг хамаатны банди ирээд гэрт суучихсан, байртай болсон сургаар.

Н -Ямар хамаатан би мэдэхгүй гэж үү?

Х -Манай хамаатан л гэсэн. Хэн мэдэхэв, би 7-р ангиасаа хойш хараагүй л юм билээ. Гэнэт гарч ирээд гэрт хүрч ирээд суучихсан. Тэгээд бид хоёртой нэг өрөөнд байгаа гээд бод доо. Би нөгөө хоёр өрөөгөө хөлслүүлчихсэн ш тээ.

Н -За за тэгээд би одоо нэмж очоод дөрвүүлээ болж авах юм байна даа.

Х -Аан тэгэх нь дээ. Нэг эрэгтэй хүн тэжээдэг байсан бол одоо хоёр эрэгтэй хүн тэжээдэг болоод бүр боож үхэх гээд, уур хүрээд явж байна.

Н -Тэгээд уураа хамаатандаа л гаргана биз. Яагаад Мийгаад гаргах гээд байгаан?

Х -Яадгийн дашрамд нь аваад хаячихна даа. Би ер нь яахаараа эрэгтэй хүн тэжээж амьдрах ёстой юм лай л байна. Ямар гахаж цацсан баян байгаа биш.

Н -Аавын чинь тал юм уу, ээжийн чинь талын дүү юм уу?

Х -Аавын хамаатан.

Н -Тэгвэл миний найз ааваасаа зээлтэй биз дээ, дуугай л бай.

Х -Аав мөнгийг нь төлж байгаа биш. Би мөнгийг нь төлж байгаа юм чинь. Аавын нэр дээр болохоос би бүх мөнгийг нь төлж байгаа шүү дээ. Байрны зээл, байрны хөлс мөнгө гээд л бүгдийг нь өгч байна.

Н -Тэгээд аавдаа шууд хэлээч, надаа хэлээд яахийн. Тэр дүүг нь мөнгөө өг гэхгүй юу, адилхан амьдарч байж нялуурах юм байхгүй  ш тээ.

Х -Ёооё бүр нерв хөдөлчихсөн явж байхад чинь тэнэгтээд байх юм. Хэлсэн л байж тараа шүү дээ, гөлийгөөд яваад байгаа юм чинь.

Н -Хн ийм юманд нервтэж байдаг. Болоогүй байна даа, их юм үзнэ дээ чи ккк. Хэдтэй залуу юм бэ тэгээд.

Х -Надаас хоёр дүү зөнөг гар байгаа.

 .

Нөхөр нь ажил хийдэггүй бололтой, гэрийнхээ хамаг өр ширийг дардаг үүнээсээ болж бухимдсан нэг бүсгүй таарлаа. Хоёр хүүхэн төмөр замд эргэн дурсахуй гэдэг баарны гадаа буулаа. За  яахав ууя даа, юм үзүүлье дээ гэсээр нөгөө айхтар хүүхэн мөнгө төлөөд буулаа. Нөгөө гэрт нь байгаа хоёр ажилгүй гарууд шөнө дунд нэг юм дуулсан байх оо. Хүүхэн нэлээн ууртай нервтэй байсан цөм уусан байх аа. Өрх толгойлж яваа хүүхнүүд бас их байх шиг байна аа...

.

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энгийн ярианууд чинь таалагдаж бна.тэр ганбаатар гишүүнтэй явсныг чинь огтоосоо ч уншаагүй..дахиж битгий гишүүн нтр гэсэн худалч шаваруудтай яваарай.
2013-11-09
baatar:
unuuduruus taxi chi zail uuruu. site buzarlaad bichej chadahgyi bj hudlaa ayglaad
2013-11-07
kkkkkk:
ene n yu n saihan bn aa.hiih ymgui ulsuud l neteer how jiw haigaal hunii muud durlaad l suuj bhiimdaa.taksinii joloochid iim ym bichih zaw bh uu heden togrog hiihee l dno biz hudlaa ym bichhee bolioch.ene setgegdluudiig neg l hun bichtsen bn shdee harwaas.tenegttsen ym aa.kkkk
2013-11-07
zochin:
neeren tsuvaralaa doloo xonogtoo odor bur bish gexed 2 udaa bichij baival.nudee bultiiltel xuleex yumaa.
2013-11-06
zochin:
tani tsuvarlig shimten unshdag shuu!yag l nutagtaa baigaa shig.ganbaatar gishuun tsag gargaj taxind yavsan ni saixan baisan.gexdee taalagdaagui.denduu ix uls torjuulsen.yaxav xiij yavj baigaa zuilsiig ni demjdeg l de.ooroo ingeed eldev xachirgui bicheed yavj baix ni amidrald oir yumaa.amjilt xusye!altan shar zam chini olziitei baix boltugai!
2013-11-06
хүрэл:
уншаад л байгаа шүү нөгөө алгассан нэг дугаарийн нэхэлтэй хүн би шүү нөхүүлэх гээд л үзээд байгаа амжилт хамт л яваан байгаа гэж бодоорой кккк
2013-11-06
unshigch:
amidraliin engiin dur zurag.ene l zugeer ym di.eldev gishuun mishuun hoobong ym yriulahgui demii bla.ooriinhooro ooro l bicheed bai.odor bolgon bichih zab muutai bn u.huleej bg shuu
2013-11-06
gogo:
yahaw goy uguulleg bno zohiol gedgiinmuu neere bi ch bas taxind yawdag bsan yag iim vil yawdluud tohioldodgiin ble hoowon axdaa bayrlalaa haltuurand yawdag bid nar chin yanz bvrin hvntei taarah yumda
2013-11-06
эрдэнэ:
яг л ийм байдаг даа. нүдэнд харагдтал энгийнээр бичсэн байна.
2013-11-06
amgaa:
haa saigvi l neg iim hervvl uruul baih uym daa zailuul ter avgaigaa ajlaas n garagdag zaluu zuv l uym hiij dee avgai no-toi uym baina
2013-11-06
erka:
ystoi mundag.. sn bn
2013-11-06
hehehehe:
goe bichej baina shuu bicheel bai ter uls turiinhun hereggui shuu huu dahiad
2013-11-06
fawege:
banzal huuhniig tsuvtai bor zaluutai buudald honoson geed tamlaghcid bariad ogchihloo, odoo yu l bolgod bol doo hoorhii gej.
2013-11-06
сонсогч:
монголын бахархал энэ л болоод байна даа. тэхэд манай төрийн түшээд өөрсдийгөө рекламдаад бөөн торго дурдан болсон юмнууд малийтал дэлгэц дүүрэн юм гараад л, юу ярьж байгаагаа ч мэдэхгүй бөлт бөлт үсрээд л
2013-11-06
zochin:
ene huuhnuud alnaa hehe
2013-11-06
zochin:
manai hoobon ingej l bichih heregtei chyham uneniig todorhoi saiihan tuunees ter ganbaatar gishuun ene tertei bol taalagdaagui shuu hogiin yls turchid yum bolgond hoshyy dureh sanaatai dahij tegj zabaaryyzai hu zugeer l uuruu bicheed l yab hu amjilt
2013-11-06