2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Өглөө эртлэн босож Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийг зорилоо.
Биднийг очиход дуу хөгжим эгшиглэж, дүрэмт хувцастай сурагчид бужигналдаж угтав. Өглөө эртлэн босож өөр өөрсдийн эрдэм номын албандаа мордсон хүүхэд багачууд маань ч нүүрэндээ баярын мишээл тодруулсаар явж харагдана. Сургуулийн гадаа өнгө өнгийн цүнх үүрсэн зургаан настнууд, баярлаж догдолсон багш нарын баглаа цэцэг гээд юм бүхэн өнгөлөг.
2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 781.178 сурагч, цэцэрлэгт 302.226 хүүхэд хүмүүжих ба үүний 75100 нь цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настнууд байна.
Инээд баясал, дуу шуугиантай энэ үеэр сурагчид хичээлдээ орж буй сэтгэгдлээ хуваалцсан юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль тавдугаар ангийн сурагчид
Хичээл сургууль ороод бидний сэтгэл санаа маш сайхан байна. Манай ангийнхны хувьд хөдөө явсан болохоор их борлосон харагдаж байсан. Бид энэ хичээлийн жилд хичээл номондоо шамдаж, аав ээж болон бусад ойр дотнын бүх хүмүүсээ баярлуулах болно оо. Бүх сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль 12-р ангийн сурагч
Энэ жил би төгсөх ангийн сурагч. Нэг талаараа гоё байгаа хэдий ч нөгөө талаараа сурагч байх сүүлийн гэхээр их сонин гунигтай болдог юм байна. Миний сонгосон мэргэжил бол сэтгэлзүйч. Би өөрийн сонгосон мэргэжилдээ 100% итгэлтэй байгаа. Тодорхой хэмжээнд саад бэрхшээл гарах ч гэсэн надад энэ мэргэжлийн онцлог, үнэ цэнэ нь таалагддаг учраас жижигхэн асуудлыг давж гарч чадна гэж бодож сонгосон доо. Уг нь би нэгдүгээр ангиас 11 дүгээр анги хүртлээ жүжигчин болно гэж боддог байлаа. Харин энэ зуны амралтаар миний сонголт өөрчлөгдөөд сэтгэлзүйч гэдэг мэргэжлийг сонгох болсон доо. Мэргэжлийн хувьд би зөвхөн өөрийн сонирхлоор сонгосон. Багаасаа нээлттэй, хэн нэгэнтэй ярилцах дуртай байсан учраас өөрийн чадах зүйлээ л хийхийг хүсэж байна. 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүддээ Хүсэл, сонирхлоо зөв тодорхойлох хэрэгтэй. Хүсэл, сонирхол нь өөр зүйлс. Сонирхол харьцангуй тогтвортой. Харин хүсэл та хоол идмээр санагдаад идсэний дараа дахиад идмээргүй санагдахтай адилхан. Түүнтэй адил хүсэл сонирхлоо зөв тодорхойлохыг хүсэж байна. Бүгдэд нь хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе, Амжилт.
Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль 07-р ангийн сурагчид:
Энэ зуны амралт бидний хувьд их үр өгөөжтэй, өөрсдийгөө хөгжүүлсэн жил улирал байлаа. Жишээ нь бид бүгд л нэг Япон, Герман, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Мөн гэр бүлийнхээ хамт хөдөөгөөр аялж, сүү цагаан идээ идсэн. Энэ хичээлийн жил бид бүгдээр хичээлээ хамгийн сайнаараа хийж, хажуугаар нь өөрсдийгөө хөгжүүлэх зорилготой байгаа. Есдүгээр сарын 01-н бол хүүхэд бидний хүлээдэг өдөр шүү дээ. Үе тэнгийн найзууд болон сургуулийн бүх сурагчдадаа хичээлээ сайн хийгээрэй гэж хэлмээр байна. Бид ирээдүй хэмээх их өндөрлөг рүү өнөөдрийн замаар тэмүүлж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль 08-р ангийн сурагчид:
Энэ жил бидний хувьд хичээлдээ мэрийж, чармайх үе ирсэн байна. Юу юугүй ахлах ангид орох учраас анхнаасаа маш сайн суралцана гэж бодож байна. Манай анги 48 сурагчтай. Олуулаа болохоор зарим тохиолдолд багшийн заасан зүйлийг ойлгохгүй тохиолдол их байдаг. Тийм учраас багшийн зааж өгсөн хичээлээс гадна өөрсдөө хувиараа хичээлээ хийхээр зорьж байна. Та бүхэн ч гэсэн хичээлээ сайн хийж алсдаа мундаг хүмүүс болоорой. Бүгдэд нь хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлж байна.
Ц.Наранцацрал