Орхоны хөндийд Хархорум хотыг шинээр байгуулах ажил гараанаас гараад байна. Нийт 156 000 га газрыг хотын бүсийн эдэлбэр газарт авч, 6000 га газарт 500 000 хүн амтай Хархорум хотыг байгуулахаар төлөвлөөд байна.
Түүхийн улбаа
Орхоны хөндийн сав газарт эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хот, Жужаны Мумо хот, Уйгарын Хар Балгас хот, Түрэгийн хаад ноёдын тахилын онгон, Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байрлаж байсан. Монгол Улсын таван том хотын туурь энэ газарт бий. Монгол аймгууд асар хүчирхэг байх үедээ Орхоны хөндийд нийслэлээ байгуулдаг байсан нь түүхэнд үлджээ. Үүнээс монголчууд 2800 гаруй жилийн өмнөөс нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг суурин иргэншилтэй ард түмэн байсан нь харагдана.
Монгол Улс хоёр хоттой байх ёстой. Нэг нь Улаанбаатар, нөгөө нь Орхоны хөндийд Хархорум гэсэн нэрээр байгуулагдах учиртай. Орхоны хөндийд том уурхай, аж үйлдвэр байхгүй. Гэхдээ тэнд бидний түүх бий.
Соёлын өвийг хамгаалах, сурталчлах боломж
Орхоны хөндийд нүүдэлчдийн том хотууд байсан гэдгийг тогтоож, 2004 онд ЮНЕСКО-д дэлхийн соёлын өвөөр бүртгүүлсэн. Соёлын өвөө хадгалж хамгаалах, түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийг монголчууд хийгээгүй 19 жилийн нүүрийг үзжээ. Монголын газар нутаг дээрх дэлхийн соёлын өв эзэнгүй, товчхондоо хамгаалах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Хархорум хотыг шинээр байгуулснаар соёлын өвийг хамгаалан сурталчлах, түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ боломж нээгдэнэ. Хотын эдэлбэр газарт ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын өвийг багтаахгүй бол тэр газар дараагийн Зайсан буюу төлөвлөлтгүй суурьшлын бүс болно.
Улаанбаатарыг зовлонгоос салгах шаардлага
Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг. Гэтэл Монгол Улсын хүн амын 49 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. 2000 онд хүн амын 33 хувь нь Улаанбаатарт, 67 хувь нь орон нутагт суурьшиж байсан. Харин өнөөдөр газар нутгийнхаа маш бага хувь дээр хүн амын 50 хувь нь амьдарч байна. Улаанбаатарт орон сууц баригдаж, ажлын байр бий болж байгаа цагт хотын төвлөрөл улам нэмэгдэнэ.
Хүн амын 50 хувь, эдийн засгийн 67 хувь нь нэг хотод төвлөрсөн Улаанбаатарын нөхцөл байдал дэлхийд байдаггүй жишиг. Монгол Улс бодлогогүй, хот төлөвлөлтгүй явсны үр дүн.
Улаанбаатар хот эрсдэлийн асар том цэг болж хувирсан. Газар хөдлөлт, томоохон хэмжээний аваар осол, олныг хамарсан халдварт өвчин гарвал асар их эрсдэлтэй тулгарна. Улаанбаатар хот баруун, зүүн гэсэн хоёрхон гарцтай. Нэг талд нь асуудал үүсэхэд нөгөө талд асар том түгжрэл, бөөгнөрөл үүснэ. Энэ бүхэн нь шинэ хот байгуулах зайлшгүй шаардлага.
Монгол Улс асар том газар нутагтай. Газар нутгаа хамгаалж, суурьшил бий болгох хоёр дахь хотыг заавал байгуулах хэрэгтэй.
Шинэ Хархорум хотын төлөвлөлт
Орхоны хөндийд Монгол Улсын таван том хот төвхнөн суурьшиж байсан. Үүнээс үндэслэн шинээр байгуулах Хархорум хотыг өөр өөрийн бие даасан дэд бүтэцтэй, таван чиглэлээр байгуулж, хөгжүүлэхээр төлөвлөж байна.
1.Төр захиргааны байгууллагуудын төвлөрөл
Хархорумд уул уурхай, аж үйлдвэр байхгүй. Хотын эдийн засгийг дэмжихийн тулд нэн тэргүүнд төр, захиргааны байгууллагуудыг аваачих ёстой. Ерөнхийлөгч, Засгийн газрын ордон, яамд, төрийн байгууллагуудыг тэнд төвлөрүүлэх нь шинэ хотын эдийн засгийг тэтгэх эхний алхам. Төрийн албан хаагчдын хэрэгцээ, шаардлагын дагуу тэнд бизнес бий болж эхэлнэ.
2. Археологид түшиглэсэн аялал жуулчлал
Газар доорх археологийн олдворыг ил гаргаж, хүнд үзүүлж, сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
3.IT чиглэлийн бизнес
Өндөр технологийн IT чиглэлийн бизнесийг хөгжүүлэх боломж. Цаг агаарын хүйтэн сэрүүн нөхцөл том серверүүдийг хөргөх зардлыг багасгана.
4.Олон улсын төв
Хархорум хот олон улсын худалдаа, шашны төв байсан. Энэ зарчмыг хадгалж, Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газруудад газар олгож, олон улсын төв байгуулах боломжийг нээлттэй болгоно.
5. Эрүүл мэндийн шинэ төв
Эрүүл мэндийн чиглэлийн байгууллагуудыг татна. ХСҮТ, ХӨСҮТ-ийн салбар эмнэлгүүдийг байгуулснаар Улаанбаатар асуудал багасна.
В.Бат