Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадал 2318 Гкал/цаг боловч өнөөдрийн байдлаар 31.8 хувийн хэтрэлттэй буюу 1085 Гкал/цаг-аар илүү ачаалалтай ажиллаж байна. Харин Улаанбаатар хотын түгээх сүлжээнд нийт 370 км урт дулааны гол шугам, даралт өргөх 10 насос станц, 15 магистраль шугам, дулааны 1380 худаг ашигладаг. Өнөөдрийн байдлаар дулааны гол шугам сүлжээний 20.4 хувь буюу 75.5 км шугамын ашиглалтын хугацаа дууссан. Мөн гэмтлийн тоо жил ирэх бүр нэмэгдэх болжээ. Ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэн солиход урьдчилсан тооцоогоор 403 тэрбум төгрөг шаардлагатай.
2023 оны зуны их, урсгал засварын хугацаанд Дэлхийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банк, улс, нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг засварлаж, өргөтгөн шинэчилнэ.
Тодруулбал, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр 750 метр хос шугамыг хэсэгчлэн солих юм. Мөн улсын төсвөөр 7.4 км хос дулааны шугам сүлжээг шинээр татах, нийслэлийн хөрөнгөөр 3.4 км хос шугамыг өргөтгөн шинэчлэх ажлыг 2018 оноос хийж байгаа бөгөөд энэ онд 2.5 км хос дулааны шугамын угсралт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татахаар төлөвлөн худалдан авах ажиллагааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас зохион байгуулж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.
Уншиж байна |