Мягмар гарагт Аргентин, Саудын Арабын багууд тоглож, энэ тоглолт Саудын Арабын ялалтаар өндөрлөсөн юм. Энэ нь саудын арабчуудын хувьд томоохон баяр болж, хөгжөөн дэмжигчид төдийгүй улс орон даяараа энэ ялалтыг тэмдэглэжээ.
Саудын Арабт энэ тоглолт болох өдөр хөгжөөн дэмжигчдийг хөл бөмбөг үзүүлэхийн тулд ажлын цагийг багасгасан тухай мэдээлэл гарч байсан. Улмаар баг нь ялсан Саудын Араб баяраа тэмдэглэхийн тулд амралтын өдөр зарлажээ.
Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний үеийн тоглолтод Саудын Арабын баг энэ удаагийн тэмцээнд ялах магадлалтай багуудын тоонд багтаж байсан Аргентины шигшээ багтай таарч тоглон, улмаар 2:1 харьцаатайгаар аргентинчуудыг ялсан нь ихээхэн дуулиан дэгдээсэн юм. Энэ баярыг Саудын Араб даяар тэмдэглэж, улмаар тус улсын хаан Абдель Азиз Аль Сауд 11 дүгээр сарын 23-ны лхагва гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Бүх нийтийн амралтын өдөр нь төрийн байгууллагууд болон оюутнуудад хамааралтай аж.
Мягмар гарагт болсон тоглолтын үеэр Саудын Арабын шигшээ баг өөр нэгэн сонирхолтой дээд амжилт тогтоосон юм. Спортын тайлбарлагчдын өгүүлснээр, энэхүү ялалт нь ДАШТ-ий түүхэн дэх хамгийн санаандгүй ялалтад тооцогдож байгаа аж. Учир нь саудын арабчууд ялах магадлал ердөө 8,7 хувьтай байжээ. Өмнө нь, АНУ-ын шигшээ баг энэ дээд амжилтыг 1950 онд тогтоож байсан бөгөөд тухайн үед америкчууд ялах магадлал ердөө 9,5 хувь байсан ч англичуудтай тоглохдоо 1:0 харьцаагаар ялсан байна.
Г.Бямбасүрэн