Германы хэрэглэгчдэд "Болор шөнө"-ийн ойг тусгай бяслагтай тахиагаар тэмдэглэх мэндчилгээ уриалга илгээснийхээ дараа KFC сүлжээ ресторан хэрэглэгчид болон олон нийтээс уучлалт гуйсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
1938 оны 11 дүгээр сарын еснөөс 10-нд шилжих шөнө Германы Нацист намын цэргүүд еврейчүүд эзэмшдэг дэлгүүрүүдийг галдан шатааж, гэр орныг нь түйвээн, 30 000 хүнийг баривчилж, 91 еврей хүнийг хороосон үйл явдлыг түүхэнд "Болор шөнө" хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Энэ өдрөөс л Холокост эхэлсэн юм.
KFC сүлжээ ресторан 11 дүгээр сарын есний өдөр аппликейшнээрээ дамжуулан "Өнөөдөр "Болор шөнө"-ийн дурсгалын өдөр! Зөөлөн бяслагтай, шаржигнасан тахиагаар өөрийгөө дайлаарай. Яг одоо KFCheese дээр!" гэсэн зурвасыг илгээжээ.
Ийм зурвасыг илгээснээс хойш цаг хүрэхгүйн хугацаанд дахин зурвас илгээсэн байна. Энэ удаад компанийнхан хэрэглэгчдээсээ уучлалт гуйжээ.
"Бид гүнээ хүлцэл өчиж байна. Ийм байдал давтагдахгүйн тулд бид дотооддоо нэн даруй шалгалт эхлүүлнэ. Алдаа гаргасандаа харамсаж, хүлцэл өчиж байгааг минь хүлээн авна уу" хэмээн KFC-ийн мэдэгдэлд өгүүлжээ.
Гэсэн ч уучлалт гуйх нь хэдийнэ оройтсон байв. Сурталчилгааны зурвас болон компанийг нэн хайхрамжгүй, зохисгүй үйлдэл гаргасныг нь олон нийт ихээр шүүмжилж байгаа аж. Германд "Болор шөнө"-ийн өдөрт ихээхэн хүндэтгэлтэй хандаж, орон даяар дурсгалын арга хэмжээ зохион байгуулагдан, нацистуудын гарт амиа алдсан зургаан сая гаруй еврей хүний дурсгалыг хүндэтгэж, түүхэн сургамжийн талаарх хэлэлцүүлгүүд өрнөдөг юм.
KFC-ийн сурталчилгаа нь зөвхөн Германд төдийгүй олон улсад ч шүүмжлэлд өртсөн байна. Тухайлбал, Британийн еврейчүүдийн Гишүүдийн зөвлөлийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн Дэниел Шугарман KFC-ийн зурвасыг "ой гутам" хэмэн нэрлэжээ.
"Болор шөнө"-тэй холбоотойгоор яаж ингэж алдаж чаддаг байна аа, Германд байгаа KFC! Та нар ёстой гутамшигтай байна!" хэмээн Еврейн лигийн Европын асуудал эрхэлсэн орлогч захирал Далия Гринфельд Твиттер хуудсандаа бичсэн байна.
Харин Герман дахь KFC ийм зурвас илгээгдсэн нь хагас автомат тохируулгатай холбоотой хэмээн тайлбарлажээ. Тэмдэглэлт өдрүүдийн хуанлитай холбоотой хагас автомат тохиргоо байдаг бөгөөд Германд тэмдэглэдэг баяр, тэмдэглэлт өдрүүд тэмдэглэгдсэн байдаг тул алгоритм үүн дээр тулгуурлан дагагчдад зурвас илгээсэн гэж KFC-ийн төлөөлөгчид мэдэгджээ.
Мөн пүрэв гарагт "санамсаргүй, зохисгүй зурвас" илгээсэндээ дахин уучлалт гуйж, системийг шалгах хугацаанд KFC-ийн аппликейшнийг түр зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |