Хятадын цэргүүд Тайвань арал руу цэргийн түрэмгийлэл үйлдэх оролдлого хийж магадгүй гэж Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь мэдэгджээ. Тэрбээр энэ талаар The Atlantic сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна. Цай Инвэний үзэж байгаагаар Хятадын Ардын чөлөөлөх армийн зүгээс ирж буй заналхийлэл хоосон улс төрийн шуугиан биш харин бодит аюул занал гэнэ.
"Энэ бол бодитой, бидэнтэй ийм зүйл тохиолдож болзошгүй. Тиймээс бид бэлтгэх хэрэгтэй. Аюул занал бодитоор оршиж байна. Энэ зүгээр нэг шуугиан биш" хэмээн Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь мэдэгджээ.
Түүнчлэн, Хятадын Засгийн газар арлын эсрэг цэргийн ажиллагаа явуулахын өмнө хэдэнтээ бодож, болзошгүй зардлуудыг сайтар тооцоолох хэрэгтэй хэмээн Цай Инвэнь мэдэгдсэн байна.
БНХАУ Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд Тайванийг нэгтгэх асуудал удаа дараа хөндөгдөж, "эрт орой хэзээ нэгэн цагт Тайвань эх газрын Хятадад нэгдэнэ, үүний тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэх аргагүй" гэж Хятадын эрх баригчид хэдэнтээ мэдэгдэж байлаа. Цэргийн хүчээр Тайванийг эзлэж болзошгүй гэсэн болгоомжлол өнгөрсөн зунаас хойш улам нэмэгдсэн юм.
Учир нь сөргөлдөөнтэй хоёр талын харилцаанд хөндлөнгөөс оролцлоо гэж Хятадын эрх баригчид АНУ-ыг байнга буруутгасаар ирсэн бөгөөд 2022 оны наймдугаар сард Тайваньд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилснаар улам хурцадсан.
Пелосигийн айлчлалыг эсэргүүцсэн БНХАУ Тайванийг тойрон өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт эхлүүлж байв. Энэ сургуулилалтын явцад Хятадын арми арал руу довтлох бэлтгэл хийсэн гэж Тайванийн эрх баригчид БНХАУ-ыг буруутгаж байв. Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, наймдугаар сард болсон энэ сургуулилалтын үеэр Хятадын хөлөг онгоц болон нисэх онгоцууд Тайванийн хоолойд сургуулилалт хийж, зарим тохиолдолд дундын шугамыг давж байсан аж. Мөн энэхүү сургуулилалтын үеэр Тайванийн эрэг орчимд 10 гаруй баллистик пуужин харважээ.
Тайванийн эрх баригчид энэ үйлдлийг "арлыг эзлэх бэлтгэл" хэмээн нэрлэж, хариу өгөх үүднээс онгоц, байлдааны хөлөг онгоцоо хөдөлгөж байсан юм.
Мөн энэ үйл явдлаас ч өмнө, 2021 онд Хятадын онгоцууд Тайванийн дээгүүр удаа дараа нисэж, энэ арлыг сүрдүүлж байв. Энэ нь Хятадын арми Тайванийг зэвсгийн хүчээр эзлэхэд бэлэн гэдгээ харуулсан дохио гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байсан бол Цай Инвэнь Хятад Тайвань руу цэргийн хүчээр халдвал хариуг нь амсуулна гэж анхааруулж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |