Хойд Солонгос ээлжит цөмийн туршилтаа хийхээр зэхэж байгааг Олон улсын атомын энергийн агентлаг анхааруулжээ. Энэ талаар тус агентлагийн захирал Рафаель Гроссигоос иш татан APF агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ цөмийн туршилт хийхээр зэхэж байгааг илтгэх шинж тэмдэг олон байгаа гэж Гросси анхааруулжээ. "Ийм зүйл болохгүй гэж бид найдаж байгаа ч бүх зүйл эсрэгээрээ болох шинж тэмдэг улам нэмэгдэж байна" хэмээн Гросси мэдэгдсэн байна.
Хойд Солонгос ийнхүү туршилт хийвэл энэ нь тус улсын хийсэн долоо дахь цөмийн туршилт болох юм. Олон улсын атомын энергийн агентлаг ийн анхааруулахаас өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ч Хойд Солонгосыг цөмийн туршилтад бэлдэж байж болзошгүй хэмээн мэдэгдэж байв.
Сүүлийн саруудад Хойд Солонгос цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай пуужингуудыг удаа дараа туршиж, харин есдүгээр сараас ийм туршилтаа улам нэмэгдүүлсэн юм. Мөн Хойд Солонгосын Пунгери цөмийн полигон ажиллаж, цөмийн туршилтад бэлэн болсон талаар Олон улсын атомын энергийн агентлаг есдүгээр сард мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |