Хүүхдэд бэлэглэж болох бэлэгний 10 ухаалаг санаа
2022-05-27

Ээж аавууд унших бичих зэрэгт сургадаг тоглоомуудыг л хамгийн сайн нь гэж боддог. Энэ нь ташаа бодол. Яагаад гэвэл, хүүхэд бэлэн мэдлэгийг хүлээж авах болон сурсан юмаа сайжруулан дадлагажих явцдаа хөгждөг юм биш, харин аливаа асуудалтай тулгарч түүнийгээ өөрөө шийдэх явцдаа хамгийн ихээр хөгждөг. Тиймээс, хамгийн сайн тоглоомууд бол хүүхдийн сэтгэн бодох идэвхийг болон бусадтай харьцах, хайрлан догдлох сэтгэлийг өдөөх чиглэлийн тоглоомууд байдаг. Мэдээж, тоглоом хүүхдийн насанд тохирсон байх нь чухал.

 

"Хүнийг таних гэвэл нөхрийг нь хар, хүүхдийг таних гэвэл тоглоомыг нь үз” гэсэн мэргэн үг бий. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужим болгон хүмүүжүүлэх ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Энэ удаа бид хүүхдийн баяраар бяцхан үрсдээ өгч болох уламжлалт болон, орчин үеийн шийдэл бүхий 10 бэлэгний санааг хүргэхээр бэлтгэлээ. Дараах 10 тоглоомыг дэлхий даяар судалгаа хийж, дүгнэлт гарган ажилладаг хүүхдийн сэтгэлзүйчид зөвлөдөг аж.

 

1.Оньсон тоглоом

 

 

Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужим болгон хүмүүжүүлэх ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Түүний нэг нь Монголчуудын хэдэн зууны турш өвлөж ирсэн оюуны бүтээл болох оньсон тоглоом юм.

 

 Оюун задлах оньсон тоглоомоор Монгол дэлхийд тэргүүн байранд ордог. Үүнээс зөвхөн “Модон зангилаа” хэмээх цуврал оньсон тоглоомыг 24, 48, 120 мод эвлүүлэн зангиддаг нь Рубикийн шооноос илүү оюун ухаан шаарддаг ажээ. Түүнчлэн Шамбалын түлхүүр гэж нэрлэдэг 7-9 төмөр цагиргаар хийсэн 681 үйлдлээр орж гардаг тоглоомыг онцлон нэрлэж болно. Мөн түүнээс гадна оньсон тоглоомд цахилдаг зангидах, сампин зангидах, мөн тод төмөрлөгөөр үйлдсэн , угсрах, эвлүүлэх, зангидах, задруулах, гаргах наадгай гэх мэт олон төрлийн оньс байдаг ажээ. Мөн оньсон тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, нүдний хараа сайжрах, хүлээцтэй зан чанар суух зэрэг олон давуу талтай.

 

2.Пирамид- уламжлалт тоглоом

 

 

1-3 настай хүүхдүүдэд заавал байх ёстой тоглоом гэж хүүхдийн сэтгэлзүйг судлан, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

 

Пирамид-уламжлалт, сонгодог тоглоом нь хүүхдийн сэтгэхүйг ихээхэн хөгжүүлж өгөхөөс гадна хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэх, юмыг өнгө, хэлбэр дүрс болон хэмжээгээр нь ялгаж сургадаг. Дүрслэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

 

Сэтгэл зүйчид "Хөгжилтэй пирамид"  тоглоом нь хуучны зөвхөн цагирагнуудыг бодвол хавьгүй хэцүү тоглоом. Деталиуд нь өөр өөр хэлбэртэй болсноор тоглох боломж нэлээд нэмэгдсэн. Хүүхдийн хийх хөдөлгөөн ч маш олон янз болон нэмэгдэнэ гэж зөвлөжээ.

 

3.Эвлүүлдэг тоглоом

 

 

Төрөл бүрийн байгууламж барих нь сургуулийн өмнөх насны хүүхдэд маш чухал үйл ажиллагаа байдаг. Ийм тоглоомны тусламжтайгаар хүүхдийн ургуулан бодох чадвар дээд зэргээр хөгжих боломжтойгоос гадна маш олон зүйлийг хүүхэд тань судлах, турших, ойлгож авах ач холбогдолтой ажээ.

 

Барилгын иж бүрдэл. Модон эсвэл хуванцар иж бүрдлээр бүхэл бүтэн үлгэрийн хот барих боломжтой. Энэ төрлийн тоглоомнууд бат бөх ханатай цайз, шилтгээ, тансаг хийцийн сүүдрэвч гээд маш олон эд ангиас бүтдэг. Үүгээр тоглоход хүүхдийн анхаарал болон логик сэтгэлгээ хөгжихөд их нэмэр болох нь дамжиггүй. Ганцаараа ч тоглож болно, хоёулаа ч тоглож болно. Тоглосныхоо дараа бүх иж бүрдлээ хайрцаганд нь буцааж хийх нь бас нэгэн, зөв хүмүүжлийн чухал арга хэлбэр болох болно.

 

4.Эвлүүлдэг тоглоом /пазл/

 

 

Эвлүүлдэг тоглоом нь орон зайн сэтгэхүйг хөгжүүлнэ. Өмнөө тавигдсан зорилгыг үечлэн хувааж хэрэгжүүлэх сургалт болохоос гадна, анхаарал төвлөрөлт, нэг юмыг удаан хугацаагаар нухан, тогтон суух зэрэгт сургадаг байна.

 

Энэ тоглоом нь эвлүүлдэг пазлаас гадна зохиомжит байдлаар тоглох боломжтой тоглоом юм. Хүүхэд зүгээр нэг хоорондоо тохирох хэсгүүдийг сонгох бус, дуртай ертөнцөө амилуулах давуу талтай.

 

5.Модон гулгуур, спорт комплекс

 

 

Та хүүхэд насандаа сандал, ширээгээ бүтээлгээр бүтээж байшин болгон тоглож эсвэл байрны гадаах өвөрмөц хэлбэр дүрстэй төмөр тоглоомууд дээр авирч, зүүгдэн хөгжилддөг байснаа санаж байна уу? Хүүхэд бүр ингэж тоглосноор сэтгэл зүйн хувьд тусгаар хүн гэдгээ мэдэрч, бие бялдраа хөгжүүлдэг байна. 1,5-7 настай хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих, оюун ухаан болон сэтгэл зүйн хэрэгцээг нь хангах зорилгоор зохион бүтээгдсэн маш олон сонголт бүхий модон тоглоом байдаг. Энэ нь хүүхдэд өөрийн гэсэн орон зай бүрдүүлж, бүтээлч байдлаар тоглоход нь туслах болно. Та эдгээр тоглоомыг гэр болон  зуслангийн хашаандаа эсвэл эмээ өвөөгийх гэрийн хашаанд байрлуулж бяцхануудаа баярлуулах боломжтой.

 

6.Машин 

 

 

Мэдээж хөвгүүд бүр машинаар тоглох маш их дуртай, бас бэлгэнд авах дуртай байдаг. Гэвч эцэг эхчүүд авч өгч буй бэлэгнийхээ давуу талыг төдийлөн мэддэггүй. Тэгвэл машинаар тоглох нь дараах давуу талуудыг дагуулдаг ажээ. Хүүхдийн хөдөлгөөний эвслийг хөгжүүлнэ, гадна дүрслэн бодох чадварыг нь өдөөн идэвхжүүлдэг, өөрөө машин жолоодож буйгаар төсөөлснөөр өөрийгөө хэнд нэгэнд хэрэгтэй чухал хүнээр төсөөлж,  сэтгэн бодох чадвар нэмэгддэг ажээ.

 

7.Хүүхэлдэй

 

 

Хөвгүүдтэй адил охид ч мөн хүүхэлдэйгээр тоглох үнэхээр дуртай байдаг. Хүнийг төлөөлдөг тоглоом учраас охидуудын зохиомжит тоглоомд байнга оролцдог. Тоглохдоо бусад хүнтэй харилцаа үүсгэж ирээдүйд нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлж болох чухал ач холбогдолтой тоглоом гэдгийн судлаачид хэлж байгаа юм. Хүүхэлдэйгээ хайрлах, ярилцах гээд охидуудад тоглох хязгаар хүүхэлдэйн хувьд байхгүй гэж болно.

 

8.Дүр тоглоомууд

 

 

Үүнд хүн ба амьтны дүртэй бүхий л тоглоом ордог.  Хүүхэд ийм тоглоомтойгоо, яг л амьд амьтантай харьцаж байгаа мэт ярьдаг учраас мөн л хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг гэнэ. Мөн  бяцхан гүнж, хан хүү нар маань өөрийнхөө амьдралд олж авсан туршлага болон харсан мэдсэн зүйлээ тоглоомон дээрээ хэрэгжүүлэн бэхжүүлдэг учраас хүмүүжлийн толь болдог ажээ.

 

Өхөөрдөм жаахан, харваас халамж шаардсан амьтны хэлбэр, дүрстэй тоглоомууд хүүхдийн энэрэн хайрлах сэтгэлийг төрүүлэх нь дамжиггүй.

 

9.Хамтын тоглоомын иж бүрдэл

 

 

Хамтын тоглоомын иж бүрдэл нь хүүхдийг бусадтай харьцах харьцаанд сургах, шийдвэр гаргах, нэгэндээ бууж өгөх, хамтын үйлдэл хийх гэх мэт олон чухал зүйлд сургадаг ач холбогдолтой.

 

Бусад, хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлдэг тоглоомоос арай өөр хэлбэрийн тоглоом сонгохоо анхаараарай.Тоглож байгаа хүүхдүүдийн зорилго нь нэг байх нь тухайн тоглоомын ач холбогдлыг дэмжих аж. Мөн хүүхдүүд хамтын хүчээр түүнд тусалснаар бүгд зорилгодоо хүрэх учиртай. Энэ тоглоомоор тоглосноор хүүхдүүд хоорондоо тохиролцох, нэг нэгийнхээ үгийг сонсох зэрэг харьцаанд суралцах юм.

 

10.Хамтын тоглоом

 

 

Хамтын тоглоомд шатар, даам, далайн тулаан гэх мэтийн хамтаар тоглодог тоглоомууд бүгд орно. Эдгээр тоглоомууд үйл явдлыг таамаглах, өөрийн үйлдлийг хамтран тоглогчийн үйлдлээс хамааруулан төлөвлөх, өөрчлөх, дүгнэх, хожих стратеги боловсруулах гээд маш их зүйлд сургадаг. Мөн гэр бүлээрээ хамт тоглох халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд нэн тохиромжтой ажээ.

 

Бэлтгэсэн Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин