БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар батлагдаж, 10 дугаар сарын 14-ны өдөр боомт хаагдав. Боомт хаагдсанаас хойш хагас сарын хугацаа өнгөрч байна.
Манай улс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд, нарийн ногоогоо Эрээн боомтоор татан авдаг. Тэгвэл Эрээн боомт хаагдсанаас 20 хойш хоногийн дараа хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа нарийн ногооны нөөц хангамж, үнэ ханшид ямар өөрчлөлтийг сонирхож Барс захаар орлоо.
Хэзээний олны хөл бужигнаж байдаг Барс зах өдрийн 15 цагийн үед очиход эл хульхан байна. Цөөнгүй лангуу хаалттай харагдана. Нарийн ногоо зардаг хэсэгт нээлттэй лангуу алга, бүгд хүнсгүй, хүнгүй байна.
Ганц, хоёрхон лангуун дээр хуучирч, муудсан өргөст хэмх, улаан лооль, чинжүү харагдаж байна. Гэхдээ үнэ нь тэнгэрт гарчээ. Өргөст хэмх гэхэд нэг кг нь 15 000, үрлэн улаан лооль 20 000 төгрөгийн үнэтэй байна. Харваас их хэмжээний алга, худалдагч ч үүнийг баталж, ил байгаагаас өөр байхгүйг хэлж байна.
Элдэв төрлийн нарийн ногоо эрээлжилж байдаг энэ захад хуучирч, муудсан хэд гуравхан чинжүү, өргөст хэмхээс өөр ногоо алга. Товчхондоо хүнсний нарийн ногоо тасарсан, хомстсон гэсэн үг.
Хүнсний ногооны лангууны худалдагч “Манайд шинэ ургацын хүнсний ногоо гайгүй нөөцтэй байна. Харин нарийн ногоо бол аль эртнээс тасарсан.
Хүнсний бүтээгдэхүүн нь тасраад зарах юмгүй болчихоороо ээлж дараалан лангуугаа хааж байна. Орж ирэхэд чинь л харагдсан байлгүй дээ. Хил хурдан нээгдчихвэл эргээд хэвийн үйл ажиллагаандаа ормоор байх юм. Тэнд гацсан бүтээгдэхүүн их байгаа. Энэ байдал удаан үргэлжилбэл бид ямар ч орлогогүй, ажилгүй болно шүү дээ” хэмээн учирлаж байна.
Барс захад худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн орлого өмнөх сараас эрс буурсныг тэд хэлж байна. Зарах бараагүй хүмүүс юугаараа ч орлого олох билээ.
Барс захад өнөөдрийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн, чихэр жимс, төмс ногоо, даршилсан ногоо, лаазалсан бүтээгдэхүүний лангуунууд хэвийн ажиллаж байна. Гэхдээ зөвхөн лангуун дээр байгаа хүнс нь л тэдний нөөц гэдгийг хэлэх хэрэгтэй. Хил хаалттай энэ хэвээр цааш үргэлжилбэл нарийн ногооны тасагтай адил бэлэн бүтээгдэхүүн худалддаг лангуунууд ч хаалгаа барина гэсэн үг.
О.Төгөлдөрмаа