Англид хуванцар соруул, савх, хөвөнтэй савхыг хориглов
2020-10-02

Их Британийн эрх баригчид  Английн нутаг дэвсгэр дээр хуванцар соруул, ундааны  савх болон хуванцар иштэй хөвөнтэй савх ашиглахыг хоригложээ. Энэ талаар Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын цахим хуудас дээр 10 дугаар сарын нэгний өдөр мэдээлсэн байна. Хуванцар хог хаягдалтай тэмцэх үүднээс ийм шийдвэр гаргасан хэмээн эрх баригчид онцолжээ

 

"Энэ бол хүрээлэн буй орчныг хамгаалах, далай тэнгисийг нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хаягдлаас цэвэрлэх чиглэлээр хийж буй Засгийн газрын ээлжит алхам" хэмээн Их Британийн Засгийн газрын мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Харин энэ шийдвэр Шотланд, Хойд Ирланд, Уэльсийн нутаг дэвсгэрт үйлчлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Британичууд жил бүр 4,7 тэрбум хуванцар соруул, 316 сая хуванцар савх, 1,8 тэрбум хөвөнтэй савх хэрэглэдэг аж. Эдгээр бүтээгдэхүүний хаягдлын ихэнх хэсэг нь далай тэнгист хаягдаж, далайн ургамал болон ургамлын аймагт сөргөөр нөлөөлдөг гэдгийг Их Британийн Засгийн газар цохон тэмдэглэсэн байна.

 

Түүнчлэн 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн супермаркетуудаар худалдаалагддаг гялгар уутны үнийг нэмэх шийдвэр гаргасан байна. Энэ нь 2042 он гэхэд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээс бүрэн татгалзах хөтөлбөрийн хүрээнд хийж буй алхам аж.

 

Энд дуулгахад, хуванцарын хаягдал манай гаригт тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг бөгөөд жил бүр ойролцоогоор 300 сая тонн хуванцар хаягдал урсгал усанд хаягдаж, далай тэнгист асар их хогон овоо үүсгэдэг байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Thk y:
Wow
2020-10-02