Хятадын Чэндү хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газар БНХАУ-ын ГХЯ-ны шаардсанаар хаагдсан талаар консулын газрын албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Албан мэдэгдэлд өгүүлснээр, долдугаар сарын 27-ны өглөө, орон нутгийн цагаар 10.00 цагт дипломат төлөөлөгчийн газрын сүүлийн ажилтан байрыг орхиж, консулын газрын нутаг дэвсгэрийг Хятадын эрх бүхий байгууллагуудын төлөөлөгчид хяналтандаа авсан байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, дээрх үйл явдал Хьюстон дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газар хаагдаж болзошгүйтэй холбоотой өрнөж байгаа гэнэ. АНУ энэ хот дахь Хятадын дипломат төлөөлөгчийн газрыг хаахыг долоодугаар сарын 21-ний өдөр шаардаж байсан бөгөөд Бээжин үүнийг "улс төрийн шахалт дарамт нэмэгдэж байгаа хэрэг" хэмээн мэдэгдэж байв.
Үүний хариуд Хятад улс долоодугаар сарын 24-ний өдөр АНУ-аас Чэндү дахь Ерөнхий консулын газрыг хаахыг шаардаж байсан юм.
Хоёр орны дипломат харилцаа ийнхүү хурцдах болсон нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдэлтэй холбоотой юм. Майк Помпео БНХАУ-ыг Америкийн оюуны өмчийг ихээр хулгайлдаг хэмээн буруутгасан. Мөн АНУ-ын тусгай албад БНХАУ-ын Ерөнхий консулын газар Хятадын тагнуулынхантай нягт холбоотой гэж баталсан аж. Мөн долдугаар сарын 22-ны өдөр Дональд Трамп консулын газрын нутаг дэвсгэр дээр гарсан гал түймрийн талаар тайлбар хийхдээ Хятадын дипломатууд чухал баримт бичгүүдийг устгахын тулд ийм алхам хийсэн хэмээн мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |