МСНЭ-ээс сэтгүүлчдийн эрх зөрчигдсөн талаар мэдээлэл хийлээ.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:
-Монголын сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдсан, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байхад нь халдах зэрэг үйлдэл сүүлийн үед балмад болж байна. Эхлээд загнадаг байсан бол сүүлдээ биед нь халддаг боллоо. Хохирогч zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, dorgio.mn сайтын сэтгүүлч н.Баярмаа нарын хэрэг тод жишээ болж байна. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хуулийн баг энэ асуудалтай хатуу тэмцэнэ. Хүний мэдэх эрхэнд халдаж байгаад тууштай хариуцлага нэхэж ажиллана. Бид цар тахлын энэ үед жагсаал цуглаан хийх боломжгүй байна. Хэрвээ хариуцлага тооцохгүй, хуулийн дагуу ажиллахгүй бол энэ цагт гудамжинд гарч тэмцэхээс өөр арга байхгүй байна.
zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Ч.Чинбат дарга гараас түлхэж, цохиж өрөөнөөсөө гаргаад, байцаагчид миний утсыг өгсөн
-Зовлон нэгтийн зовиур нэг гэдэг. Төрийн хамгаалалттай цагдаагийн байгууллагын байранд халдлагад өртсөндөө маш их гомдолтой байна. Энэ сарын 17-ны өдөр ЦЕГ-ын харьяа Нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны байрны хоёрдугаар давхарт үйл явц болсон.17:00 цагийн үед тухайн байран дээр ирсэн. Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдал хангах албаны зөрчил хянан шийдвэрлэх арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбатын өрөөнд орж ярилцсан. Хоёр асуудлаар уулзсан. Онцгой байдлын үед мэдээлэх асуудлаараа шалгагдаж буй болоод ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн эхнэр хүүхэдтэй нь холбоотой нэвтрүүлгийн баримтыг Ч.Чинбат даргад өгсөн. Энэ баримт яасан бэ? гэж асуухад уг баримтыг аваагүй, өгөөгүй гэснээр бидний маргалдах үндэс болсон. Миний хувьд Д.Гэрэл даргын хүүгийн нэр дээрх компани алтны уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг. Ингэхдээ хүний амь нас эрсэдсэн байдаг. Энэ асуудлыг хөндсөн нэвтрүүлэг гарсны дараа Ч.Чинбат хурандаад баримтыг өгсөн. Гэтэл баримтыг шалгаагүй намайг шалгасан. Тиймээс баримтаа авахыг хүссэн. Магадгүй Д.Гэрэл даргын гарт очсон юм уу гэдэг асуудлууд анхаарал их татаж байна. Ч.Чинбат дарга гараас түлхэж, цохиж өрөөнөөсөө гаргаад, байцаагчид миний утсыг өгсөн. Би байцаалтаа өгөөд сууж байтал цагдаа өрөөнд орж ирсэн. Миний эрхийг хамгаалах гэж ирсэн гэж бодтол Ч.Чинбат хурандаа цагдаад гомдол гаргасан байсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст мөн би биед халдсан гэсэн өргөдөл гаргаж энэ асуудал шалгагдаж байна.
Dorgio.mn сайтын сэтгүүлч н.Баярмаа: Өөрт нь таалагдахгүй асуулт асуусныхаа төлөө түлхүүлсэн
-Х.Бат-Ялалтыг суллах талаар хэвлэлийн бага хурал болсон. Уг хурал дээр Х.Бат-Ялалт одоо хүртэл өлсгөлөн зарлаж байгаа гэж мэдээлсэн бол ШШГЕГ-аас өлсгөлөнгөө зогсоосон гэж мэдээлсэн. Тийм учраас аль нь үнэн болохыг тодруулж, хорио цээрийн дэглэмийн энэ үед өлсгөлөн зарлаж байгаа нь хууль зөрчсөн асуудал биш гэж үү гэж өөрт нь таалагдахгүй асуулт асуусныхаа төлөө түлхүүлсэн. Хэн нь мэдэгдэхгүй амны хаалттай хүн түлхсэн. Гэхдээ түлхэж буй бичлэг нь үлдсэн байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж хэрэг одоо шалгагдаж байна.
Г.Мичидмаа