Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй Хөвсгөл нууранд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал алба хаагч 2020.04.03-ны өдөр “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх үедээ 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болжээ.
Ослын дуудлагыг 04.04-ний өдрийн 17:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын 13 алба хаагч, 3 автомашин, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн тасгийн 2 алба хаагч, 1 автомашин, тосгоны захирагчийн албаны 7 ажилтан, 2 автомашин, ар гэрийн 6 хүн, 2 автомашин, нийт 33 хүн, 9 автомашинтайгаар 04.05-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрчээ.
Улмаар тухайн газар 4 удаагийн гүний шумбалтыг хийж, 10:52 цагт 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоон 14:50 цагт цогцсыг, 18:13 автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |